Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00368

 

                                                 П.Цэнгэлсүрэнгийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01180 дугаар шийдвэр,                                 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : П.Цэнгэлсүрэн,

Хариуцагч : П.Хүрэлбаатар,

Нэхэмжлэлийн шаардлага : Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбекийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: 2016.7.29-ний өдөр худ ургийн холбоотой ах П.Хүрэлбаатартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бук 54-р байр 40 тоотод хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаа бэлэглэсэн. П.Хүрэлбаатар нь 2016.10.14-ний өдөр бид 2 уулзахад чи байраа сэтгэлээрээ бэлэглээгүй, байр чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд битүүмжлэгдсэн, хураагдсан гэж хэл амаар доромжилсон.П.Цэнгэлсүрэн нь ахыгаа гэж бодож өгсөн болохоос биш өөрийн гэр бүлийн дундын өмч хөрөнгөө энэ хүний өр, ширэнд өгөх гэж өгөөгүй. П.Хүрэлбаатар нь эхнэр хүүхдийнхээ хамт амьдрах газаргүй болчлоо гэхээр нь өрөвдөөд ажил төрөл нь гайгүй болж өсөж дэвжихээрээ эргээд тус болох болов уу гэж бодсон. П.Хүрэлбаатар нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоож байгаа тул бэлэглэлийн гэрээний 3.3 дахь заалт болон Иргэний хуулийн 280-р зүйлийн дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч П.Хүрэлбаатарын шүүхэд гаргасан тайлбарт: 2016.7.29-ний өдөр манай ахын эхнэрийн дүү болох П.Цэнгэлсүрэн нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бук 54-р байрны 40 тоот хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн нь үнэн. Тухайн үед миний бие нилээд хэдэн газар өр зээлтэй, шүүхийн шийдвэр гарсан байсан. Ингээд автобусны буудал дээр П.Цэнгэлсүрэнтэй таараад хэдэн үг хэлээд муудалцсан нь үнэн, байраа ном журмынхаа дагуу ав гэж хэлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Одоо уг байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хураагдсан байгаа гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01180 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Цэнгэлсүрэнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай П.Хүрэлбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Цэнгэлсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дугаар магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбек хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016.10.14-ний өдөр П.Цэнгэлсүрэнтэй уулзахад Чи муу п... байраа сэтгэлээрээ бэлэглээгүй, байрыг чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хураасан гэж элдвээр хэлж гомдоосон байдаг. Энэ тухай хариуцагч П.Хүрэлбаатар нь шүүхэд хандсан хариу тайлбартаа гомдоосноо хүлээн зөвшөөрч бэлэглэлээр авсан нэг өрөө орон сууцаа буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.3-т заасны дагуу хариуцагч П.Хүрэлбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргаснаар ноцтой гомдоосон нь нотлогдож байгаа юм. П.Цэнгэлсүрэнгийн гэр бүлийн хүн болох В.Дэжидмааг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан ба шүүгч гэрч асуулгах шаардлагагүй гэж хэлсний дагуу гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан боловч шүүх хурлын үеэр шүүгч өөрийн санаачилгаар гэрчийг оруулж ирж гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Цэнгэлсүрэн нь Хан-Уул дүүргийн 2-р хороо БУК 54-р байр 40 тоот орон сууцыг  бэлэглэх тухай  2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг “ ...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн байна.

Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэлийг хангахад  хариуцагч нэхэмжлэгчийг  гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон байх шаардлагатай юм.    

П.Цэнгэлсүрэнг хариуцагч гомдоосон гэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн хангах хууль зүйн үндэслэлгүй байна.    

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01180 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ