Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 211

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/00211

 

 

П.Цэнгэлсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01180 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Хүрэлбаатарт холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

П.Цэнгэлсүрэн нь 2016 оны 7 сарын 29-ний өдөр худ ургийн холбоотой ах П.Хүрэлбаатартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бук 54-р байр 40 тоотод хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаа бэлэглэсэн. П.Хүрэлбаатар нь 2016 оны 10 сарын 14-ний өдөр бид 2 уулзахад “чи байраа сэтгэлээрээ бэлэглээгүй, байр чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд битүүмжлэгдсэн, хураагдсан” гэж хэл амаар доромжилсон. П.Цэнгэлсүрэн нь ахыгаа гэж бодож өгсөн болохоос биш өөрийн гэр бүлийн дундын өмч хөрөнгөө энэ хүний өр, ширэнд өгөх гэж өгөөгүй. П.Хүрэлбаатар нь эхнэр хүүхдийнхээ хамт амьдрах газаргүй болчлоо гэхээр нь өрөвдөөд ажил төрөл нь гайгүй болж өсөж дэвжихээрээ эргээд тус болох болов уу гэж бодсон. П.Хүрэлбаатар нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоож байгаа тул бэлэглэлийн гэрээний 3.3 дахь заалт болон Иргэний хуулийн 280-р зүйлийн дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Хүрэлбаатарын шүүхэд гаргасан тайлбарт: 2016 оны 7 сарын 29-ний өдөр манай ахын эхнэрийн дүү болох П.Цэнгэлсүрэн нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бук 54-р байрны 40 тоот хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн нь үнэн. Тухайн үед миний бие нилээд хэдэн газар өр зээлтэй, шүүхийн шийдвэр гарсан байсан. Ингээд автобусны буудал дээр П.Цэнгэлсүрэнтэй таараад хэдэн үг хэлээд муудалцсан нь үнэн, “байраа ном журмынхаа дагуу ав” гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Одоо уг байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хураагдсан байгаа гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Цэнгэлсүрэнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай П.Хүрэлбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбекийн давж заалдах гомдолд:  

Хариуцагч П.Хүрэлбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Цэнгэлсүрэнтэй уулзахад “Чи муу ... байраа сэтгэлээрээ бэлэглээгүй байна, байрыг чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хураасан” гэж элдэвээр хэлж гомдоосон байдаг. Энэ тухай хариуцагч П.Хүрэлбаатар нь шүүхэд хандсан хариу тайлбартаа гомдоосноо хүлээн зөвшөөрч бэлэглэлээр авсан нэг өрөө орон сууцаа буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.3-т заасны дагуу хариуцагч П.Хүрэлбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргаснаар ноцтой гомдоосон нь нотлогдож байгаа юм. П.Цэнгэлсүрэнгийн гэр бүлийн хүн болох В.Дэжидмааг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан ба шүүгч гэрч асуулгах шаардлагагүй гэж хэлсний дагуу гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан боловч шүүх хурлын үеэр шүүгч өөрийн санаачилгаар гэрчийг оруулж ирж гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд энэ хэргийг хянан үзэж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/01180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, П.Цэнгэлсүрэн, П.Хүрэлбаатар нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэн нь хариуцагч П.Хүрэлбаатарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэн Хан-Уул дүүргийн 2-р хороо БУК 54-р байр 40 тоот 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч П.Хүрэлбаатарт хариу төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь хэргийн 3 дугаар талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

 Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба энэ хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн,  бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан нөхцөлд, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "...П.Хүрэлбаатар нь надад, чи муу байраа сэтгэлээрээ бэлэглээгүй байна гэж хэлж намайг ноцтой гомдоосон" гэж тайлбарласныг хариуцагч П.Хүрэлбаатар үгүйсгээгүй бөгөөд маргааны зүйл болсон орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн, шүүхийн шийдвэрээр иргэн О.Баатархүүд төлөгдөх төлбөрт хураан авсан болох нь хэргийн 5 дугаар тал дахь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө хураасан 4386/02 тоот тогтоолоор тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэнг буюу бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагчийн “чи муу байраа сэтгэлээрээ бэлэглээгүй байна” гэж хэлсэн үйлдэлд нэхэмжлэгч гомдсоныг үгүйсгэхгүй хэдий ч энэ нь бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ноцтой үйлдэл биш.

 

Шүүх маргааны талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэж П.Цэнгэлсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбекийн “... В.Дэжидмааг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан ба шүүгч гэрч асуулгах шаардлагагүй гэж хэлсний дагуу гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан байхад шүүх хурлын үеэр шүүгч өөрийн санаачилгаар гэрчийг оролцуулж, мэдүүлэг авсан” гэх гомдолыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр В.Дэжидмааг оролцуулах хүсэлт гаргаж, түүнийг нь шүүх хүлээн авсан байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэн улсын тэмдэгтийн хураамжид 357 950 төгрөг төлснийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                          Н.БАТЗОРИГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ