Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 01180

 

 

 

 

 

      2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/01180

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-7 байр, 30 тоотод оршин суух, Пүрэвсүрэнгийн Цэнгэлсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Бук 54-р байр, 40 тоотод оршин оршин суух, Пүрэвийн Хүрэлбаатарт холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адилбек, хариуцагч П.Хүрэлбаатар, гэрч В.Дэжидмаа, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адилбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Цэнгэлсүрэн нь 2016 оны 7 сарын 29-ний өдөр худ ургийн холбоотой ах П.Хүрэлбаатартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бук 54-р байр 40 тоотод хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаа бэлэглэсэн юм. П.Хүрэлбаатар нь 2016 оны 10 сарын 14-ний өдөр бид 2 уулзахад чи муу байраа сэтгэлээрээ бэлэглээгүй байна, байр чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд битүүмжлэгдсэн, хураагдсан гэж хэл амаар  доромжилсон байдаг П.Цэнгэлсүрэн нь ахыгаа гэж бодож өгсөн болохоос биш өөрийн гэр бүлийн дундын өмч хөрөнгөө энэ хүний өр, ширэнд өгөх гэж өгөөгүй. П.Хүрэлбаатар нь эхнэр хүүхдийнхээ хамт амьдрах газаргүй болчлоо гэхээр нь өрөвдөөд ажил төрөл нь гайгүй болж өсөж дэвжихээрээ эргээд тус болох болов уу гэж бодсон юм. П.Хүрэлбаатар нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоож байгаа тул бэлэглэлийн гэрээний 3.3 дахь заалт болон Иргэний хуулийн 280-р зүйлийн дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч П.Хүрэлбаатар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 сарын 29-ний өдөр манай ахын эхнэрийн дүү болох П.Цэнгэлсүрэн нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бук 54-р байр 40 тоотод хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн нь үнэн. Тухайн үед миний бие нилээд хэдэн газар өр зээлтэй, шүүхийн шийдвэр гарсан байсан. Ингээд автобусны буудал дээр П.Цэнгэлсүрэнтэй таараад хэдэн үг хэлээд муудалцсан нь үнэн, байраа ном журмынхаа дагуу ав гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Одоо уг байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хураагдсан байгаа гэв.     

Шүүх гэрч В.Дэжидмаагийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэн нь хариуцагч П.Хүрэлбаатарт холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...П.Хүрэлбаатар нь намайг, чи муу байраа сэтгэлээрээ бэлэглээгүй байна гэж намайг ноцтой гомдоосон” гэх тайлбарыг гаргасныг хариуцагч П.Хүрэлбаатар “...П.Цэнгэлсүрэнтэй таараад хэдэн үг хэлээд муудалцсан нь үнэн, байраа ном журмынхаа дагуу ав гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар гэрчийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр П.Цэнгэлсүрэн нь Хан-Уул дүүргийн 2-р хороо БУК 54-р байр 40 тоот 17м.кв 1 өрөө орон сууцыг П.Хүрэлбаатарт хариу төлбөргүйгээр шилжүүлсэн /ахдаа хариу төлбөргүйгээр шилжүүлж байна/ болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 3/

Дээрх орон сууц нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 4386/02 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 4386 дугаар шийдвэрээр О.Баатархүүд төлөх өр төлбөрт хураагдсан болох нь тогтоогдож байна./хх-ийн 5-6/

Түүнчлэн гэрч В.Дэжидмаа нь “Хан-Уул дүүргийн 2-р хороо БУК 54-р байр 40 тоот 17м.кв 1 өрөө орон сууцыг миний нөхөр П.Цэнгэлсүрэн бид хоёр анх 2012 онд /оныг сайн санахгүй байна/ өөрсдийн цуглуулсан 17 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд уг байрыг хамаатны ах П.Хүрэлбаатарт бэлэглэсэн гэдгийг 2016 оны 10 сарын 14-ний өдөр автобусны буудал дээр нөхрийн хамт явж байгаад анх мэдсэн. Хүрэлбаатар ах манай нөхрийг чи байраа надад сэтгэлээрээ бэлэглээгүй байна, тэр байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэл хураасан гэж хэлсэн”. Энэ үед л би мэдсэн. Бид уг байранд амьдардаггүй бөгөөд одоо байр түрээслэж, амьдарч байгаа, нөхрийнхөө гаргасан шийдвэрийг би сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд П.Цэнгэлсүрэнгээс “бэлэглэгчийг гомдоосон” гэсэн үндэслэл зааж, Д.Хүрэлбаатартай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар маргасан боловч бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, нөгөө талаас бэлэг хүлээн авагч Д.Хүрэлбаатар нь өмчлөлийн зүйлийг өөрт олгогдсон эрхийн дагуу барьцаалсныг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.

Түүнчлэн зохигч талууд дээрх уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Цэнгэлсүрэнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай П.Хүрэлбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Цэнгэлсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ