| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2020/00081/И |
| Дугаар | 212/МА2020/00046 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2020/00046
Ж.Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Жн Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот, Х дүүргийн .. дүгээр хороо, Р хотхоны И гудамж, .. дугаар байрны .. тоотод оршин суух, Ж к овогт Д-н Мад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Харилцан арилжсан эд хөрөнгийн үнийн зөрүү 37.592.270.00 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: Иргэн Ж.Б нь Э ХК-ийн \хуучин нэрээр\ захирлаар ажиллаж байсан Д.Мтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ ёсоор Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт Д.Мын гарын бичмэл баримт буюу бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2007 оноос эхлэн барьсан. Өөрөөр хэлбэл уг барилга байгууламжийг барихыг Д.М нь 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зөвшөөрч Миний эзэмшилд байгаа Өлгий сумын 5 дугаар багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв" гэсэн бичиг үйлдсэн. Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол Улсын иргэн Ж овогт Жийн Б \ мөн болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Одоо хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болоогүй байна. Тэгж байтал Э ХК-ийн захирал Д.М нь тухайн газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж 2013 оноос уг ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд Д.М нь Ж.Бтай харилцан тохиролцож, түүний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 40 айлын орон сууц барих ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны хөлсөнд Ж.Бд сар бүр 400000 төгрөг төлөхөөр болж түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, хоёр тал баталгаажуулж байсан. Гэтэл Х.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байхад түүнд мэдэгдэлгүйгээр нураажээ. Д.М нь Х.Бы 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул Ж.Бд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийсэн. Эхлээд Д.М нь Ж.Бд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр тохиролцсон боловч сүүлд Ж.Бд К ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв бүхий байр өгөхөөр болж үлдсэн маргаан бүхий 61 м.кв талбайн асуудалд 8 давхар 40 айлын орон сууц ашиглалтад орсон үед уг сууцны подвалыг бүхэлд нь үйлчилгээний зориулалттай байр болгон ашиглана, үүнээс танд ноогдох 61 м.кв талбайтай подвалын хэсгийг олгоно гэж тохиролцож байжээ. Гэтэл 8 давхар 40 айлын орон сууц 3 жилийн өмнө ашиглалтад орж подвалд төрөл бүрийн үйлчилгээ явуулж байгаа боловч Д.М нь Ж.Бд уг үйлчилгээний байраас талбай өгөхгүй хохироож байна. Иймээс Д.Маас маргаан бүхий 61 м.кв талбайтай подвалыг үйлчилгээний зориулалтаар өгөхийг Ж.Б шаардах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.М нь анх Ж.Бд амласан 61 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр өгөхгүй Ж.Быг өнөөдөр хүртэл хохироож байна. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг сэргээн засах зэрэг/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заасантай нийцэж байна. Д.М нь тухайн үед 1 м.кв талбайн үнийг 1,250,000 төгрөгөөр үнэлсэн учраас 135 м.кв талбайтай барилга байгууламжийн нийт үнэ нь 168,750,000 төгрөг гэж үзэж байна. Ж.Бд 168,750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2 өрөө орон сууцны үнэ 92,500,000 төгрөгийг хасахад 76,250,000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ нь иргэн Ж.Бд учирсан бодит хохирол тул иргэн Д.Маас гэм хорын хохиролд 76,250,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.
Нэхэмжлэлийн багасгасан шаардлагад: Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би урьд нь шүүхэд 61 м.кв талбайтай үйлчилгээний байр буюу 76.250.000 төгрөгийг Д.Маас гаргуулан Ж.Бд олгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Энэ нь Д.Маас Ж.Бы өмчлөлийн байрыг нураасны улмаас гэм хор учруулсны зөрүү 37.592.270 төгрөг гаргуулан Ж.Бд олгох тухай. гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч Ж овогт Дн Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын Т миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариуцагчийн тайлбарыг гаргаж байна.
1. Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.С (одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч) нар 61 м.кв талбайтай үйлчилгээний байр буюу 76.250.000 (далан зургаан сая хоёр зуун таван мянган) төгрөг гэм хорын хохиролд гаргуулах нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Э ХХК, түүний захирал асан Д.М (одоогийн хариуцагчаар тодорхойлсон) нарт холбогдуулан 2017 онд анх гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00022 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01266 дугаартай тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох бодит үндэслэл учраас хүчин төгөлдөр байгаа шийдвэр, тогтоолыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэгдсэн, тухайн нотлох баримтыг үнэлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дахин үнэлж, нотлох боломжгүй байна. Иймд энэ хэрэгт холбогдолтой, зохигч нарт байгаа бүх нотлох баримт өмнөх шүүх хуралдаанаар судлагдаж, Баян -Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 тоот дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01266 дугаартай тогтоолын үндэслэл болж, нийтэд илэрхий болсон тул дахин үнэлж нотлох боломжгүй.
3. Нэхэмжлэгч Ж.Б нь 2017 онд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд буюу Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийдвэр бүхий иргэний хэрэгт хариуцагч болгож ЭХХК-ийн захирал Д.Мыг тодорхойлсон тул хариуцагчийг сольж нэхэмжлэл гаргасан гэж үзэх, хүчин төгөлдөр шийдвэр бүхий хэргийг дахин шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авах, хянан шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг хэлнэ гэж заасан ба нэхэмжлэгч Ж.Б нь 2017 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлд одоогийн хариуцагч Д.Мыг хариуцагчаар тодорхойлсон. Иймд хариуцагч Д.Мыг шинээр хариуцагч болж гарч ирсэн гэж үзэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн гаргасан гэм хорын хохиролд 76.250.000 төгрөг гаргуулах тухай Д.Мад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн Ж овогт Дн Маас Ж.Бы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүү 37.592.270 /гучин долоон сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хэргийн үйл баримтын талаар нэхэмжлэлд тодорхой дурдсан бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган Ж.Бы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас хохирлын зөрүү 37,592,270 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Д.М, Ж.Б нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар арилжааны гэрээ хийсэн гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь Ж.Бы өмчлөлийн байр нь 135 м.кв талбайтай, Д.Мын Ж.Бд шилжүүлсэн байр нь 74.м.кв талбайтай, хоёр байр Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, зах зээлийн ханшны үнэ ойролцоо юм. Иймд шударга бус хэлцлийг анхан шатны шүүх хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Хэрвээ арилжааны гэрээ гэж үзвэл Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д заасан Арилжааны гэрээгээр харилцан тохиролцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэснээр Д.Маас үнийн зөрүү 37,592,270 төгрөгийг гаргуулах ёстой юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг маргаанд ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүй урьд гаргаж байсан шийдвэрийг давтан баталгаажуулсан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган давж заалдах заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь Д.Мад холбогдуулан 76.250.000.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Ж.Бы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас гэм хор учруулсны зөрүү 37.592.270.00 төгрөг гаргуулах гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа харилцан солилцсон эд хөрөнгийн зөрүү 37.592.270.00 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь Д.Маас 37.292.270.00 төгрөг шаардахдаа үндэслэлээ Д.М нь 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж Ж.Бы 500 м.кв талбай бүхий газарт үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай, 6 өрөө барилга байгууламжийг ажилчдын контор, амрах өрөө болгон ашиглахаар болж, сар бүр 400000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан боловч өмчлөгчид мэдэгдэлгүйгээр нураасан байна. Ж.Бд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр хэлцэл хийсэн боловч Д.М нь Ж.Бд м.кв-ыг 1.250.000 үнэлж, Өлгий сумын 5 дугаар багт орших 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууц авч өгсөн. Ж.Бы дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 130.092.270.00 төгрөгөөр тогтоосон тул зөрүү 37.592.270.00 төгрөгийг авах ёстой гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч Ж.Б нь Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий Д.Мын эзэмшил газарт, түүний зөвшөөрөлтэйгөөр үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилгыг барьж, уг эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 000077293 дугаартай гэрчилгээ авсан байна. Хариуцагч Д.М нь уг газарт 8 давхар, 40 айлын орон сууц барихаар болж, талууд амаар хэлцэл хийж Д.Маас Ж.Бд Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч Ж.Бд өгсөн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Хариуцагчийн нураасан гэх Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-212003930 дугаартай 135 м.кв талбайтай, зургаан өрөө, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг Мөнх Эстимэйт ХХК 130.092.270.00 төгрөгөөр үнэлжээ. Хариуцагч Д.М нь 92.500.000.00 төгрөгийн үнэ бүхий 74 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Ж.Бд өгсөн байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч Мөнх Эстимейт ХХК-ийн үнэлсэн 130.092.270.000 төгрөгөөс авсан байрны үнэ 92.500.000.00 төгрөгийг хасаж, зөрүү 37.592.270.00 төгрөгийг авах ёстой гэж маргаж байгаа боловч хариуцагчаас 74 м.кв талбай бүхий байрыг авахдаа зөрүү мөнгийг өгөх талаар тохиролцсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.912.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.912.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ