Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00610

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00610

 

 

 

"Т.Б" -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "Т.Б" -ХХК-ийн хариуцагч " Ө.У" -групп ХХК, " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 861 741 499 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М -, хариуцагч " Ө.У" -групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. Н -, хариуцагч " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. А -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О , Х.М - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Т.Б" -ХХК нь зээлдэгч " Ө.У" -групп ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12/16-87 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5 000 000 000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, алтны далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлүүлэхээр харилцан тохиролцож, 5 000 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд олгосон. Мөн өдрөө " Ө.У" -групп ХХК-тай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 12/16-89 тоот фидуцийн гэрээ байгуулсан. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр А.Э.Д.Э - ХХК, " И " -ХХК-тай 12/17-107 дугаартай барьцааны гэрээ байгуулсан.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн 16-ны өдөр зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд зээлдэгч нар нь зээлд 306 554 000 төгрөг, үндсэн хүүд 1 607 275 225 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 249 942 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2017 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэсэгчлэн зөрчиж эхэлсэн, 9 дүгээр сараас зээл, зээлийн хүүгийн төлөлтийг огт хийгээгүй бөгөөд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын төлбөл зохих зээл 2 693 446 000 төгрөг, үндсэн хүү 3 011 982 488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156 313 011 нийт 5 861 741 499 төгрөг байна.

Банкнаас зээлдэгч " Ө.У" -групп ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар, биечлэн, албан бичгээр удаа дараа мэдэгдсэн, үүргээ гүйцэтгэх хангалттай хугацааг олгосон боловч гэрээний үүрэг зохих ёсоор биелүүлээгүй.

"Т.Б" -ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг цуцлаагүй, зээлдэгч нар хуваарийн дагуу төлөх мөнгөө төлөөгүй учраас л нэхэмжилж байгаа юм. Зээлдэгч нарын төлбөл зохих зээл 2 693 446 000 төгрөг, үндсэн хүү 3 011 982 488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156 313 011 төгрөг нийт 5 861 741 499 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Үүнээс цаашхи хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрх банкинд байгаа.

Иймд хариуцагч нараас 5 861 741 499 төгрөгийг гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, фидуцийн гэрээний зүйлийг бодит байдлаар "Т.Б" -ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. А - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Т.Б" -ХХК-ийн нэхэмжилж буй 5 861 741 499 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч байна. " Ө.У" -групп ХХК нь хариуцахгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байж дахин нэхэмжлэл гаргана гэж байгаа нь үндэслэлгүй байна. "Т.Б" -ХХК-ийн шаардах эрх гэрээний хугацаа дуусгавар болж байж үүсэх ёстой, гэтэл хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргаж байгаа нь нэг талын санаачлагаар гэрээ цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна гэжээ.

 

Хариуцагч " Ө.У" -групп ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. "Т.Б" -ХХК-иас 5 000 000 000 төгрөгийн зээл манай компанийн нэр дээр олгогдсон. Тус зээлийг бид " И " -ХХК-д шилжүүлж ашиглаж чадаагүй тул 5 861 741 499 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Зээлдэгч нарын гэрээний хугацаа дуусаагүй тул "Т.Б" -ХХК биднээс гэрээний үүрэг нэхэмжилж шүүхэд хандах эрхгүй. Нэхэмжлэгчийг зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 861 741 499 төгрөгийг нэхэмжилж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэж ойлгож байн

Иймд " Ө.У" -групп ХХК, "Т.Б" -ХХК-ийн хооронд байгуулсан 12/16-89 дугаар фидуцийн гэрээгээр "Т.Б" -ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж, А.Э.Д.Э - ХХК, " И " -ХХК-ийн барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч " Ө.У" -групп ХХК, " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК-аас 5 861 741 499 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж "Т.Б" -ХХК-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох а.А.Э.Д.Э - ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 7 дугаар байр хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, б. " И " -ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 148002\0133 18643310041651 дугаартай орон сууцны зориулалттай газар эзэмших эрх зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгон, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 235 дугаар зүйлийн 235.1., 235.4.-т зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ улсын дугаартай эксковаторыг бодит байдлаар Төрийн банкны эзэмшилд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар "Т.Б" -ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 607 058 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 29 607 058 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч "Т.Б" -ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М - давж заалдах гомдолдоо: "Т.Б" -ХХК нь гэрээг цуцлаагүй 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд төлөгдөх үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 000 төгрөг, түүнд ногдох хүүг нэхэмжлээгүй, цаашид жич нэхэмжлэх тухайгаа шүүхэд тайлбарласан. Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зээлийн гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хэрэв шүүхийн үзэж байгаачлан гэрээ цуцалсан буюу гэрээнээс татгалзсан бол "Т.Б" -нь үндсэн зээлд 2 693 446 000 төгрөг биш 4 693 446 000 төгрөг нэхэмжлэх байсан. Шүүх гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа хэрнээ зээлийн төлбөрийг бүхэлд нь биш зарим хэсгийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дахь заалттай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийг хянан үзэж нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлээгүй үлдсэн 2 000 000 000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүүг жич нэхэмжлэх эрхтэй талаар шүүхийн шийдвэрт тусгаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч "Т.Б" -ХХК нь хариуцагч " Ө.У" -групп ХХК, " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК-уудад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 861 741 499 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч " Ө.У" -групп ХХК ... зээлийн мөнгийг манай компани ашиглаагүй, " И " -ХХК-д шилжүүлсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад үүрэг шаардах эрхгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ. Бусад хариуцагч нарын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахыг зөвшөөрч маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч "Т.Б" -ХХК нь зээлдэгч " Ө.У" -групп ХХК-д 5 000 000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлдүүлж, мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтад гэрээний талууд маргаангүй. Иймээс "Т.Б" -ХХК, " Ө.У" -групп ХХК, Сонгоулд ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. /хх-1, 10-12/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгч компани нь хариуцагчаар " Ө.У" -групп ХХК-ийг татаж, зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр тухайн хугацааны зөрчлийг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг болон мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцэж байна.

Учир нь зээлийн гэрээний талууд нь гэрээний 2.1.6-д гэрээний хугацааг 60 сараар, зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг гэрээний хавсралт 1-ээр тодорхойлж, зээлийн эргэн төлөх хуваарийг баталжээ. Уг хуваариар зээлдэгч нар нь зээлдүүлэгчээс авсан 5 000 000 000 төгрөгийг тогтоосон хугацаанд зээл, түүний үндсэн хүүг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. Хх-10-12/

Хариуцагч " Ө.У" -групп ХХК дээрх үүргээ 2017 оны 6 дугаар сар хүртэл зохих ёсоор биелүүлж, зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд 3 249 942 төгрөг төлж, уг хугацаанаас хойш зээлийн төлбөр хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч "Т.Б" -ХХК нь 2017 оны 6 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны үүргийн зөрчлийг арилгуулахаар хариуцагч " Ө.У" -групп ХХК-иас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх журмыг зөрчснөөс гадна маргааны үйл баримтыг тогтоохдоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч "Т.Б" -ХХК-ийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Зохигчид буюу "Т.Б" -ХХК, " Ө.У" -групп ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12/16-89 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, "Т.Б" -ХХК, " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 12/17-107 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудын хэн аль нь маргаангүй. Хариуцагч " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК-уудын хувьд зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч "Т.Б" -ХХК-ийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч "Т.Б" -ХХК нь хариуцагч " Ө.У" -групп ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч компанийн хөдлөх эд хөрөнгө болох 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ улсын дугаар бүхий 3 ширхэг эксковаторуудыг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд эзэмшилдээ шилжүүлэх, үүрэг дуусгавар болоход өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-15-16/

Хариуцагч " И " -ХХК, А.Э.Д.Э - ХХК, нэхэмжлэгч "Т.Б" -ХХК нарын хувьд мөн " Ө.У" -групп ХХК болон "Т.Б" -ХХК-уудын хоорон байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалж, 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 12/17-107 дугаартай барьцаан гэрээ байгуулжээ. /хх-22-23/

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 165 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан фидуцийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн. Гэхдээ зээлдэгч буюу " Ө.У" -ХХК, зээлдүүлэгч "Т.Б" -ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдаагүй, мөн зээлдэгч нь үндсэн зээлийн үүргээ биелүүлэх хугацаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй юм. Иймд шүүхийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Мөн хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчигдсөн хугацааны үүргээ биелүүлэхийг шаардах, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үйлчлэлд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД