Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00161

 

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаар магадлалтай,

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Өрмөн уул групп ХХК, Индустр ХХК, Ай эй ди эм ХХК-д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 5,861,741,499 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, хариуцагч Өрмөн уул групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, хариуцагч Индустр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анударь, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Өрмөн уул групп ХХК, Индустр ХХК, Ай эй ди эм ХХК-д холбогдуулан 2016.06.30-ны өдөр 12/16-87 дугаартай Зээлийн гэрээний   үүрэгт 5,861,741,499 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Өрмөн уул групп ХХК, Индустр ХХК, Ай Эй Ди Эм ХХК, Индустр ХХК-иудаас 5,861,741,499 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ай Эй Ди Эм ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 7 дугаар байр хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Индустр ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 148002\0133 18643310041651 дугаартай орон сууцны зориулалттай газар эзэмших эрх зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 235 дугаар зүйлийн 235.1., 235.4.-т зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ улсын дугаартай эксковаторыг бодит байдлаар Төрийн банкны эзэмшилд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,607,058 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 29,607,058 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Индустр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 610 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан "шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Манай компани Өрмөн уул ХХК-ийн Төрийн банкнаас авсан 5 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан зээлэн авч, өөрийн барьцаа хөрөнгөө барьцаалсан бөгөөд зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж чадахгүй байсан учраас Төрийн банк шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Төрийн банкны шүүх рүү нэхэмжлэл гаргаж байгааг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй гэж үзэж, Иргэний хуулийн 221-р зүйлийн 221.3, 225-р зүйлийн 225.1, 206-р зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 3 дугаар Зөвлөмжинд заасны дагуу гэрээний нэг тал нь

нэг, гэрээний нөгөө талаа үүргээ биелүүлэхгүй бол гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдэл өгөөд, цуцалсан гэж үзээд үр дагавраа шаардахаар шүүхэд ханддаг,

хоёр, гэрээгээ цуцлах, үр дагавраа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргадаг. Төрийн банкны хувьд энэ журмын дагуу гэрээгээ цуцлах, үр дагавраа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулаад аль нэг тал гэрээний үүргээ биелүүлэхгүй бол нөгөө талд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцлах эрх нь байдаг. Индустр ХХК-ийн хувьд Өрмөн уул ХХК-аас дамжуулан авсан зээлийн төлөлтөө хуваарийн дагуу төлж чадахгүй байсан, гэрээний үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.2.1 болон 6.2.2-т заасны дагуу Төрийн банк гэрээгээ цуцалж, шүүхэд нэхэмжлэл өгсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв гэж үзэж байна. Иргэний эрх зүй, гэрээний эрх зүйн хувьд аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсдэг, маргаанаа шийдвэрлэж, асуудлаа дуусгахын тулд нөгөө тал нь гэрээгээ цуцалж, гэрээний харилцаагаа дуусгавар болгож, шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Төрийн банкны нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн Зээлийн гэрээг цуцлах гээгүй гэж дүгнэсэн нь ирээдүйд дахин уг гэрээтэй холбоотой асуудлаар зээлийн төлбөр нэхэх, гэрээ цуцлах зэргээр шүүхэд дахин хандаж болох илт давуу эрхийг Төрийн банканд олгосон гэж ойлгогдож байна. Шүүхийн эцсийн шийдвэр гараад, маргааныг шийдвэрлээд дуусчихаад байхад дараа дахиж тухайн асуудлаар шүүхэд хандаж болох агуулгатай, нэг талд илт давуу эрх олгосон магадлал гаргаж байна гэдэг бол шүүх шударга, шүүгч шударга ёсыг эрхэмлэдэг байх гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Зөвхөн гэрээний эрх зүйн маргаан бус бусад ямар ч төрлийн маргаан шүүхээр тухайн асуудлыг шийдвэрлэсэн бол ИХШХШТХ-ийн 120-р зүйлийн 120.4-т заасны дагуу тухайн асуудалтай холбоотой дахин шүүхэд нэхэмжлэл гаргадаггүй. Нөгөө талаас тухайн маргаанаа бүрэн шийдвэрлүүлэхгүй, тухайн нэхэмжлэл гаргах цаг үед байгаа зөрчлийг л шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн журмаар тухайн үеийн биелүүлээгүй байгаа үүргээ биелүүлэхийг шаарддаг, нэхэмжлэл гаргаснаар гэрээ нь дуусгавар болдоггүй, ирээдүйд уг гэрээтэйгээ холбоотой асуудлаар дахин шүүх рүү хандаж болдог, ийм хууль бус журмыг хуулиндаа тусгасан нэг ч улс орон байхгүй. Ер нь бодит байдал дээр бараг бүх банк болон бусад зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд зээлдэгчийн санхүүгийн байдал хүндэрч, удаан хугацаанд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсч, олон сар зээлийн төлөлтөө хуваарийн дагуу төлөөгүй байхад л Монгол Банкнаас гаргасан Активын журмаа дагадаггүй, гэрээгээ цуцалдаггүй, цуцлахыг хүсдэггүй, зээлийн хүүгээ явуулж, зээлдэгчээс илүү их ашиг олохын тулд зээлдэгчийн байдлыг улам хүндрүүлдэг практик байдаг ч гэсэн Монгол Улсын шүүх ийм хууль бус гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үнэхээр харамсалтай. Хэдийгээр Төрийн банк хууль тогтоомжоор заасан нэхэмжилж болох үнийн дүнгээс давсан урт хугацааны хүү нэхэмжилсэн боловч манай компаний зүгээс Төрийн банкны анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн, ялангуяа хүүгийн үнийн дүн дээр маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй, барьцааны зүйлээс шүүхийн журмын дагуу хангуулах асуудал дээр маргаагүй, харин гэрээгээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг тэр чигт нь хүлээн зөвшөөрсөн. Ингэж нэхэмжлэлийн шаардлагыг тэр чигт нь хүлээн зөвшөөрөөд байхад уг Зээлийн гэрээг цуцлахгүй, уг гэрээтэй холбоотой асуудлаар манай компани болон Өрмөн уул ХХК-аас дахин нэмж мөнгө нэхэж, шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргана гэсэн ийм хууль бус, зээлдэгчийн эдийн засгийн байдлыг улам хүндрүүлэх гомдлын шаардлага гаргаж, түүнийг нь давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэж байгааг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэв ийнхүү шүүх рүү нэхэмжлэл гаргаж байж, гэрээгээ цуцалдаггүй, тухайн гэрээтэйгээ холбоотой нэгэнт шийдвэрлэгдсэн маргаан болон эрх зүйн харилцааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж болдог байсан бол хэчнээн олон хувь хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, шударга бус байдал үүсэх байсан бол... Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 610 дугаар магадлалыг ИХШХШТХ-ийн 176-р зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Өрмөн уул групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдаэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 610 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн 5,861,741,499 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү болох 156,313,011 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Өрмөн уул групп ХХК нь Төрийн банк ХХК-тай 12/16-87 дугаартай 5,000,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг 2016.06.30-ны өдрөөс 2021.06.30-ны өдөр хүртэл, 60 сарын хугацаатайгаар байгуулсан. Тус гэрээнд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., 453 дугаар зүйлийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу талууд тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу зээлдэгч гэрээнд заасан хугацаа болох 2016.06.30-ны өдрөөс 2021.06.30-ны хооронд зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой. Өөрөөр бол гэрээ дуусах өдөр болох 2021.06.30-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байхад явцын хугацаа хэтрэлтийн хүүнээс 156,313,011 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 181/ШШ12020/00176 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 610 дугаар магадлалаас нэмэгдүүлсэн хүү болох 156,313,011 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Өрмөн Уул групп ХХК, Индустр ХХК, Ай Эй Ди Эм ХХК-уудад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,861,741,499 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Өрмөн Уул групп ХХК ... зээлийн мөнгийг манай компани ашиглаагүй, Индустр ХХК-д шилжүүлсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад үүрэг шаардах эрхгүй гэж маргажээ. Бусад хариуцагч нарын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахыг зөвшөөрч маргахгүй байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч Өрмөн уул групп ХХК, Индустр ХХК, Ай Эй Ди Эм ХХК болон Индустр ХХК-аас 5,861,741,499 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ай Эй Ди Эм ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 7 дугаар байр хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Индустр ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 148002/0133 18643310041651 дугаартай орон сууцны зориулалттай газар эзэмших эрх зэргийн үнийн дүнгээс хуульд заасан журмын дагуу хангуулах, түүнчлэн хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ улсын дугаартай эксковаторыг бодит байдлаар нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулжээ.

8. Хариуцагч Индустр ХХК болон Өрмөн уул групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016.06.30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Төрийн банк ХХК нь зээлдэгч Өрмөн Уул групп ХХК-д 5,000,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Төрийн банк ХХК болон Өрмөн Уул групп ХХК, Сонгоулд ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

10. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Өрмөн Уул групп ХХК-ийг татаж, зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 206 дугаар зүйлийн 206.1-д нийцсэн, хариуцагч Өрмөн Уул групп ХХК үүргээ 2017 оны 6 дугаар сар хүртэл зохих ёсоор биелүүлж, зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд 3,249,942 төгрөг төлсөн боловч уг хугацаанаас хойш зээлийн төлбөр хийгээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй, банк нь 2017 оны 6 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.11.11-ний өдрийг хүртэлх хугацааны үүргийн зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

11. Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх журмыг зөрчснөөс гадна маргааны үйл баримтыг тогтоохдоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

12. Төрийн банк ХХК, Өрмөн Уул групп ХХК-тай 2016.06.30-ны өдөр 12/16-89 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Төрийн банк ХХК, Индустр ХХК, Ай Эй Ди Эм ХХК нарын хооронд 2017.06.09-ний өдөр 12/17-107 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, хариуцагч Индустр ХХК, Ай Эй Ди Эм ХХК-уудын хувьд зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

13. Хэргийн баримтаас үзэхэд Төрийн банк ХХК нь хариуцагч Өрмөн Уул групп ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор талууд фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч компанийн 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ улсын дугаар бүхий 3 ширхэг эксковаторуудыг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд эзэмшилдээ шилжүүлэх, үүрэг дуусгавар болоход өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. Түүнчлэн хариуцагч Индустр ХХК болон Ай Эй Ди Эм ХХК нь Өрмөн Уул групп ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалж, 2017.06.09-ний өдөр 12/17-107 дугаартай барьцааны гэрээ байгуулжээ.

Зээлдэгч буюу Өрмөн Уул ХХК, зээлдүүлэгч Төрийн банк ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдаагүй, мөн зээлдэгч нь үндсэн зээлийн үүргээ биелүүлэх хугацаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй, шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

14. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Индустр ХХК болон Өрмөн уул групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Индустр ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Өрмөн Уул групп ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 940,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД