| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 185/2019/0969/Э |
| Дугаар | 272 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 272
Д.О, П.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 972 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар магадлалтай, Д.О, П.О нарт холбогдох 1909016000599 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй Х овогт Д-ийн О нь
2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах тоглоомын газарт хохирогч П.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж “тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, хүнсний эмчилгээний судалгааны арга зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй С овогт П-ийн О нь
2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоот өөрийн гэртээ хохирогч Д.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж “уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.О, П.О нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.О-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн” байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.О гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Сэлэнгийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээч эмч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад даргалагч шүүгч “... шинжээч эмчийг заавал оролцуулах шаардлагагүй” гэх тайлбар өөрөө гаргаж ирц бүрдээгүй байхад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хийсэн. Шинжээч эмч хэрэв шүүх хуралдаанд ирж оролцсон байсан бол энэхүү гомдлын 3 дахь хэсэгт дурдсан асуудлаар асуулт асууж хариулт авах байсан юм.
Манай өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэх үед шүүгчдэгч Д.О-гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр хангаагүй.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтад “... Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг (биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй) зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заасан байх ба Д.О-гийн биед үүссэн гэх гэмтэл дээрх хэмжээнд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь буруу байна гэсэн асуудлаар шинжээч эмчээс шүүх хуралдаан дээр асуулт асууж, хариулт авах шаардлагатай байсныг шүүх хангаагүй. Түүнчлэн Д.О болон түүний өмгөөлөгчийн зүгээс. Д.О-гийн толгой өвдөх зовиур үүссэн, энэ нь Д.О-гийн гурвалсан мэдрэлийн үрэвсэл оноштойгоор байнга эмчилгээ хийлгэдэг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн үйл явдлаас өмнө 20 гаруй хоног эмнэлэгт дээрх өвчнөө эмчлүүлж хэвтэж байгаад 2 хоногийн өмнө эмнэлгээс гараад байсан. Эхлээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн мэдрэлийн тасаг, дараа нь бас өөр эмнэлэгт (бариа засал) хэвтэж эмчлүүлсэн. Энэхүү гурвалсан мэдрэлийн үрэвсэл гэдэг өвчин нь өөрөө толгой маш ихээр өвтгөдөг юм (ийм өвчтэй гэдгээ Д.О нь анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн). Энэ өвдөлтөө надад цохиулж өвддөг болсон мэтээр тайлбарлаж байгааг би зөвшөөрөхгүй.
Д.О-гийн зүгээс Э.Б-ийг нүүрэн тус газар нь цохисон, улмаар ээжийнх нь тэврээс хүүхдийг нь булааж авахаар оролдохдоо Маргад (8 сартай)-ыг гар ба хөлнөөс нь татсан, чангаасан, зулгаасан, (гэрч Б.Э-ын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг) зэрэг нөхцөл байдалд Д.О-гийн балмад авир, бодит довтолгооныг таслан зогсоох гэж оролдохдоо хүч хүрэхгүйн эрхэнд түүний гарнаас татсан ба ийнхүү татах үед Д.О-гийн гарны орчимд хөхөрсөн байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Д.О-гийн гарнаас татах үйлдлийг би ганцаараа хийгээгүй бөгөөд түүний хүү, гэрч Б.Э мөн татсан. Миний хувьд 52 кг жинтэй, 159 см өндөртэй, харин Д.О нь надаас илт том биетэй буюу 180-190 см өндөр, 100-120 кг орчим хүнд жинтэй, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт ирэх үедээ өвлийн зузаан куртиктэй байсан учраас би түүний гарнаас нь татах үед куртик нь халтираад гарт баригдахгүй, би хүчний татаж огт дийлэхгүй байдалтай байсан. Мөн тухайн үед төрөөд дөнгөж 8 сартай байсан Маргад нь төрөлхийн зүүн түнхний дутуу хөгжилтэй төрсөн байсан учраас Д.О нь хүүхдийг гэмтээж болзошгүй маш аюултай үйлдэл хийж байсан. Үүнийг хараад зогсож байсан Б.Э ээжийнхээ балмад үйлдлийг таслан зогсоох оролдлого огт хийхгүй байсан, харин манай нөхөр Х.Б-ийг гаднаас орж ирээд больцгоо гэж хэлээд Д.Ог татах үед Б.Э нь ээжийнхээ гараас татаж байсан. Би тухайн үед Д.Огийн гарнаас татах үйлдлээс өөр ямар нэгэн зодож цохих, маажих, өшиглөх зэрэг үйлдлийг огт хийгээгүй бөгөөд Д.О болон түүний хүү Б.Э нар намайг шууд гүтгэж байна. Тухайн үед Д.О нь Э.Б-ийг нүүрэнд алгадсаныхаа дараа “Би Бадмаарагийг зодох нь битгий хэл алсан ч миний дур” гэсэн үг хэлж дайрч байсан учраас би түүнийг гарнаас татаж аргагүй хамгаалалт хийсэн. Үүнээс өөр түүний балмад үйлдлийг зогсоох арга надад байгаагүй. Миний хувьд Д.О-г зодож угаасаа хүч хүрэхгүй, тэр битгий хэл 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Д.О намайг миний ажпын ажлын байранд зодох үед салгасан гэрч М, Т нар нь Д.О-гийн довтолгооныг насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн арай гэж таслан зогсоосон. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл П.О би биеийн жин, өндөр, хүчний хувьд Д.О-г зодож гэмтэл учруулах ямар ч боломжгүй юм. Шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж туршилт хийж шалгаж тогтоож болно.
Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч Х.Б, гэрч Э.Б, гэрч Б.Э нарын мэдүүлэг маш их зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байгаа Х.Б, Э.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон хэрэг явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгдөг ба харин Б.Э нь шууд намайг гүтгэсэн худал мэдүүлэг өгсөн. Тэрээр анхан шатны шүүх хуралдаан дээр худлаа мэдүүлэг өгөөд байгааг нь илчилж хэлэхэд тэсэхгүй над руу орилж хашхирч хараагаад улмаар шүүх хуралдааны танхимаас хөөгдөж гарсан.
Д.О, Б.Э нар нь аливаа асуудлыг хүчээр шийдвэрлэх, балмад үйлдэл хийх, худал ярих зэргээр ямар ч арга хэрэглэж магадгүй гэдэг нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө амийг хорлох оролдлого хийгээд үүнийгээ П.О, Х.Б нарыг үйлдсэн мэтээр ээж Д.О-даа хэлж улмаар Д.О нь үүнтэй холбоотойгоор биднийг дарамталсан. Тухайн үед нь би хүүхдийнхээ эцэг эхийн хуралд сууж байсан.
Иймд Улсын дээд шүүх намайг гэм буруугүй болохыг тогтоож цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.О-ийн өмгөөлөгч Г.Даваахүү хэлсэн саналдаа “... Шүүх хуралдаанд шинжээч оролцуулах хүсэлтийг хангасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад “заавал оролцуулах шаардлагагүй” гэсэн байдлаар шийдвэрлэсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд харж шийдвэрлэх нөхцөл алдагдсан. Д.О-гийн биед үүссэн гэх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт заасан хэмжээнд хүрэхгүй. Мөн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлалыг хангахгүй байсан тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариултыг дүгнэлтэд бичих ёстой байдаг. Гэтэл асуултуудыг бичихгүйгээр шууд хариултаа бичсэн нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн гэрч Э.Б, Б.Э нарын мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй. Д.О нь 2019 дүгээр сарын 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгөхдөө Э.Б-ийн нүүрэн тус газарт цохисон, П.О-ийг түлхэж унагасан тухай бичсэн байсан. Гэтэл шүүх хуралдааны явцад дээрх мэдүүлгээс буцсан. Мөн гэрч Б.Э худал мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдах бөгөөд нь сэтгэл санааны хувьд маш тогтворгүй хүн. Анхан шатны шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс Б.Э хэрхэн биеэ авч явдаг нь харагдана. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч Б.Э, Э.Бч нарын мэдүүлэг өгсөн байрлал солигдсон, Д.О-гийн мэдүүлгийг буруу бичсэн буюу П.О-ийн хэлээгүй үгийг бичсэн байна. Хэрвээ гэм буруутай гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч нар нь хүүхдийг авна, өгөхгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч нарын мэдүүлгийн байрлал солигдсон, шүүгдэгчийн мэдүүлэг буруу бичигдсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүрээнд анхан, давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянав.
Д.О нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах тоглоомын газарт хохирогч П.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж “тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
П.О нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоот өөрийн гэртээ хохирогч Д.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж “уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.О, П.О нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийн хэрэгт хамаарах байдлыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.
Шүүхээс Д.О, П.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О-ийн өмгөөлөгч Г.Даваахүүгээс шинжээч эмч Т.Сэлэнгийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд дарааллан үзлэгийн хуваарьтай тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй /хавтаст хэргийн 166 дугаар хуудас/ гэсэн хариуг баримтаар ирүүлсэн ба шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн байдлыг тогтоох боломжтой гэж үзэн, шүүгдэгч П.О-ийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн /шинжээч эмч Т.Сэлэнгээг шүүх хуралдаанд оролцуулах/ хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.
Түүнчлэн Д.О-гийн бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4768 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт тухайн шинжээчийн дүгнэлт, түүнтэй холбогдуулан гаргасан мэдүүлэг, тайлбарыг шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
“Аргагүй хамгаалалт” гэдэг нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон бөгөөд хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Д.О нь П.О-ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Харин анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, видео бичлэгийг харьцуулан үзэхэд гэрч Э.Б, Б.Э нарын мэдүүлэг болон тэдгээрт асуулт тавьсан улсын яллагч, шүүгдэгч /хохирогч/ нарын өмгөөлөгчийн асуулт, хариултын байрлал солигдсон байх боловч агуулгын хувьд зөрүүгүй, энэхүү солигдсон байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.
“Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан.
Хэргийг хянан үзэхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.О, П.О нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татагдсан байх тул хяналтын шатны шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч П.Оийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 972 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН