Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00573

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00573

 

 

 

С.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00210 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Г-гийн хариуцагч Т.Э - ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 037 606 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Г-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У -

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанид 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүнд даацын тээврийн жолоочоор ажилд орж, 2019 оны 8 дугаар сард өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Нийгмийн даатгалын байгууллагад ажилгүйдлийн тэтгэмж авах гэж хандахад хуулийн хүрээнд байгууллага чинь 28 хоногийн дотор нийгмийн даатгалын шимтгэлээ төлбөл таны тэтгэмж авах эрх үүснэ гэж хэлсэн. Энэ талаар байгууллагын нягтлан бодогч, захирал нарт хэлэхэд боломжгүй гэж хариу өгсөн. Нийгмийн даатгалын байгууллага тооцоо, хохирлыг хийж өгсөн. Иймд Т.Э - ХХК-аас 3 037 606 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ууганзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлж чадаагүй учир хуваарь гарган төлж эхэлсэн. С.Г-гийн тэтгэмжийн талаар нийгмийн даатгалын байгууллагатай тохирсон боловч нэхэмжлэгч саналыг зөвшөөрсөнгүй, ажил олгогчийн буруугаас хохирол учирсан гэж үзэж байна. Нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 9 дүгээр сар хүртэл шимтгэл төлсөн нь баталгаажсан учир ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох боломжтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч Т.Э - ХХК-иас 3 037 606 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 522 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Э - ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 63 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У - давж заалдах гомдолдоо: Т.Э - ХХК нь 2019 онд нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнасан боловч зах зээлийн нөхцөл байдал, ам.долларын ханшийн өсөлт, ажилтнуудын цалингийн нэмэгдүүлэлт зэрэг хүчин зүйлүүдээс төлөлтийг хугацаанд нь хийж чадалгүй түр хойшлуулсан. Гэвч бид нийгмийн даатгалын байгууллагатай хуваарь гарган тохирч шимтгэлээ барагдуулж байгаа. Тухайн маргаан нь ажил олгогч Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь шилжүүлээгүйгээс үүссэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйл буюу байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагад хамаарна. Тиймээс энэхүү маргааныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаан гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч Т.Э - ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 037 606 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс үүссэн хөдөлмөрийн харилцаа ажилтны санаачилгаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон үйл баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, Тера эскпресс ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/298 дугаар тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-8,9,13,31,34/ Энэ талаар талууд маргаангүй.

Хариуцагч Т.Э - ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн цалин хөлснөөс суутган тооцсон шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөх үүргээ зөрчсөн үйл баримтын талаарх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 203 дугаартай тодорхойлолтыг баримтаар няцаагаагүй, харин шимтгэлийн өрийг хэсэгчлэн төлж байгаа учраас нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой болсон гэх үндэслэл заан маргажээ. /хх-55/

Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүссэнээр зохицуулсан.

Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 203 дугаартай албан бичигт Т.Э - ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан үүргээ 2019 оны 5 дугаар сараас хойш биелүүлээгүйн улмаас С.Г-д ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох боломжгүй нөхцөл үүссэн талаар мэдэгджээ. /хх-14/ Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаагаар хариуцагч Т.Э - ХХК нь нэхэмжлэгч С.Г-гийн 2019 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацааны шимтгэл төлөөгүй болох нь нотлогдсон байна. /хх-23/ Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Г-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсны улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зааж буй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг нь хууль болон гэрээнд зааснаар үүснэ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.9-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, хууль тогтоомжид зааснаар ...ажилтан хуульд заасан эрхээ эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах бололцоог бүрдүүлэх үүрэг хүлээжээ. /хх-6/ Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул уг үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Хариуцагч Т.Э - ХХК нь нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн өрөөс 20 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн, үүний улмаас нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэн хариуцагч компаниас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 037 606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлаагүй байх боловч уг заалтад нийцсэн байна. Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хорын тусгай төрлийн зохицуулалтыг хэрэглэх, үүнтэй холбоотойгоор хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцааны явцад ажил олгогчийн зүгээс хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор үүссэн хохирол болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Ч.ЦЭНД