Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01154

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01154

 

 

 

Ц.Н -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01097 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Н -гийн хариуцагч Г.Я -д холбогдуулан гаргасан 3 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 5 дугаар сард Г.Я - нь Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын оффисын зориулалттай барилгын өрлөг, шаврын ажлыг Ц.Н -гаар хийж гүйцэтгүүлж, ажлын хөлсийг 8 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Ц.Н - тохирсон ажлаа 2018 оны 5 дугаар сарын дундуур эхэлж, 2018 оны 6 дугаар сард дуусган хүлээлгэн өгч 5 000 000 төгрөг авсан боловч үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өгөхгүй байна. Г.Я -тэй 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр уулзан үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өгөх нь үнэн гэх баталгаа бичиж өгсөн боловч мөнгийг өгөөгүй. Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн.

Иймд Г.Я -гээс гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Я - шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Н -гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Н -д ажлын хөлс 5 000 000 төгрөг өгсөн боловч ажлаа дутуу орхисон. Нэхэмжлэгчид ажлаа бүрэн хийж гүйцэтгэсний дараа 3 000 000 төгрөг өгнө гэж л бичиг хийж өгсөн. Ц.Н - надад ажлаа хүлээлгэж өгөөгүй, орхиж явсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Я -гээс 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н -д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Я - давж заалдах гомдолдоо: Ц.Н - нь ямар ч нотлох баримтгүй, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй, ямар ямар ажил хийснийгээ нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Н - нь хариуцагч Г.Я -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2018 оны 5 дугаар сард амаар харилцан тохиролцож Ц.Н - нь Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын оффиссын зориулалттай барилгын ажилд өрлөг, шаврын ажил хийх, Г.Я - нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх37-40/ Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Гэрээний дагуу Ц.Н - нь барилгын өрлөг, шаврын ажил хийсэн үйл баримтад зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгч Ц.Н -г ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг хариуцагч шүүхэд цуглуулж өгөөгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч Ц.Н -г ажлаа дутуу гүйцэтгэсэн, санхүүжилт орж ирвэл 3 000 000 төгрөг өгнө гэж шүүхэд зөрүүтэй тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд хариуцагч Г.Я -гээс 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н -д олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД