Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/01097

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/01097

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Нуурийн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Жажан овогт Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Г.Я-д холбогдох

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Г.Я, хариуцагчийн өмгөөлөгч П.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Я нь Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын оффисын зориулалттай барилгын ажлыг 2018 оны хавар хийж гүйцэтгэх явцдаа барилгын ажлын өрлөг, шаврын ажлыг Н надаар хийж гүйцэтгүүлэхээр 2018 оны 05 дугаар сард надтай ярьж тохиролцон, ажлын хөлс 8,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Би тохирсон ажлаа 2018 оны 05 дугаар сарын дундуур эхэлж, 2018 оны 06 дугаар сард дуусган хүлээлгэж өгсөн. Я ажил гүйцэтгэх явцад болон ажлаа хийж дууссаны дараа надад 5,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж явсаар өгөхгүй байсан тул би түүнтэй 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр уулзахад Я надад үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөх нь үнэн гэх баталгаа бичиж өгөөд мөнгийг чинь удахгүй өгнө гэсэн боловч, өдий хүртэл миний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөхгүй байна. гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 3,000,000 төгрөг Я-ээс гаргуулж өгнө үү. Я нь баталгаа бичиж өгөхдөө ямар учраас ДЦО ХХК гэж бичсэнийг ойлгохгүй байна. Миний хувьд Я гэх хүнтэй гэрээ байгуулж ажилласан болно. Эхлээд Солонгос хүмүүсээр ажил хийлгэсэн боловч ажлаа хаяад явсан тул дараа нь Монгол ажилчдаар ажил хийлгэж өрлөг, шаврын ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн. Янжинсүрэн заслын ажил цуг хийнэ гэж хэлж мөнгөө авсан боловч хүмүүсийнхээ цалинг өгөөгүй. Би хамгийн сүүлд инженерт нь ажлаа хүлээлгэж өгсөн. Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын ажлыг би бүрэн хүлээлгэж өгсөн

Иймд гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 3,000,000 төгрөг Я-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Я би иргэн Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаан болтол баримт, бичгийг бүрдүүлнэ. Я би Б Э С Э ХХК гэрээний дагуу ажил хийсэн боловч иргэн Н-д 5,000,000 төгрөгөөр ажил хийж 5,000,000 төгрөг өгсөн боловч ажлаа дутаа орхисон тул хүлээн зөвшөөрөхгүй. Заслын ажил зогссон нь үнэн. Ерөнхий гүйцэтгэгчээс 5 сая төгрөг орж ирэхэд нь нэхэмжлэгчид би өгсөн. Н ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй тул 3 сая төгрөгийг ажлаа бүрэн хийж гүйцэтгэсний дараа өгнө гэж л бичиг хийж өгсөн. Н надад ажил хүлээлгэж өгөөгүй, орхиж явсан. Заслын ажил хийсэн хүмүүс хийх ёстой ажлаа хийсэн тул би мөнгийг нь өгсөн. Би санхүүжилт ороод ирвэл 3 сая төгрөг өгнө л гэсэн баталгааг нэхэмжлэгчид хийж өгсөн. Би энэ мөнгийг өгөхгүй гэв.

Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Г.Я-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Н нь “хариуцагч Г.Я Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын офиссын зориулалттай барилгын ажлыг 2018 оны хавар хийж гүйцэтгэх явцдаа барилгын ажлын өрлөг, шаврын ажлыг надаар 8,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирч, ажлын явцад 5,000,000 төгрөгийг өгч, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, үүнийгээ нотлон баримт бичиж өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж,

Хариуцагч нь “3,000,000 төгрөгийн ажил хийвэл мөнгийг нь өгнө гэсэн утгаар бичиж өгсөн, уг ажлаа хийгээгүй тул мөнгийг төлөхгүй” гэж маргажээ.

 

Зохигч талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч, хариуцагч Г.Я нь Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын офиссын зориулалттай барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа барилгын ажлын өрлөг, шаврын ажлыг нэхэмжлэгч Ц.Н-аар гүйцэтгүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Харин гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлс, ажлын гүйцэтгэлийн талаар талууд маргаж байна.

Хэрэгт авагдсан “Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын офиссын барилгын өрлөг, шаврын ажлын үлдэгдэл 3,000,000 /гурван сая төгрөгийг/ иргэн Нямдаваад өгөх нь үнэн болно” гэсэн бичвэр бүхий баримт, шүүх хуралдаанд зохигчийн гарсан тайлбараас үзэхэд барилгын өрлөг, шаврын 8,000,000 төгрөгийн ажил байсан, 1 м2 шаврын ажлыг 5,000 төгрөг, өрлөгийн ажлыг 8,000 төгрөгөөр тохирсон гэж байгаагаас үзэхэд ажлын хэмжээ, үнэ буюу хөлсийг талууд тохирсон байна гэж үзлээ.

 

Иймээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ажлын гүйцэтгэлийн талаар талууд маргаж байгаа боловч хариуцагч нь барилгын ажлын гүйцэтгэгчийн хувиар барилгын ил, далд ажлын акт үйлдээгүй, барилгын ажил гүйцэтгэсэн баримтыг холбогдох газраас гаргуулах шаардлагатай эсэхийг тодруулахад хариуцагч Г.Я гэрээний дагуу ажлаа хүлээлгэн өгөөгүй тул ийнхүү ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан 3,000,000 төгрөгийг төлөх нь үнэн гэсэн баримтад ДЦО ХХК-Я гэж бичсэн боловч тус компанийн тамга дарагдаагүй, компанийн нэрээр гэрээ байгуулаагүй тул Г.Я нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Г.Я-ээс 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгох нь зүйтэй байна.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М нь гэрчээр Г.Б-ыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Г.Я-ээс 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ