Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00583

 

                                                ****гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01097 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1154 дүгээр магадлалтай,

****гийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох

Гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****нь ****д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 3,000,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01097 дугааршийдвэрээрИргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-дзааснаар хариуцагч ****гээс 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоншийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1154 дүгээр магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээшийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “Талууд 2018 оны 05 дугаар сард амаар тохиролцож **** нь Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын оффисын зориулалттай барилгын ажилд өрлөг, шаврын ажил хийх, **** нь ажлын хөлс төлөх үүрэг тус тус хүлээсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь амаар байгуулагдсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ажлыг хоёр талаасаа дүгнэсэн акт байхгүй, ****гийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас ****д хохирол учирсан, хэдий хэмжээний ажил хийснээ **** нэхэмжлэлдээ тодорхойлж чадаагүй, гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэс болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч өөрсдөө нотлож чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

7. ****нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 05 дугаар сард ****тэй Хан-Уул дүүргийн 320 ортой амаржих газрын оффисын зориулалттай барилгын өрлөг, шаврын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 8,000,000 төгрөг байхаар тохиролцсон. ...тохирсон ажлаа ...хүлээлгэн өгч 5,000,000 төгрөг авсан боловч үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхгүй байна. **** 2018.07.03-ны өдөр 3,000,000 төгрөгийг өгөх нь үнэн гэх баталгаа бичиж өгсөн. ****гээс гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон байна.

8. Хариуцагч **** “... ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ****д ажлын хөлс 5,000,000 төгрөг өгсөн боловч ажлаа дутуу орхисон. ...ажлаа бүрэн хийж гүйцэтгэсний дараа 3,000,000 төгрөг өгнө гэж л бичиг хийж өгсөн. **** надад ажлаа хүлээлгэж өгөөгүй, орхиж явсан...” гэж мэтгэлцжээ.

9. Зохигч ажлын хөлсний хэмжээнд маргаагүй, ****г тохиролцсон ажлаа дутуу гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

10. Хоёр шатны шүүх зохигч барилгын өрлөг, шаврын ажил хийсэн үйл баримтад маргаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

11. Хариуцагч **** нь **** ажлаа дутуу орхисон,надад ажлаа хүлээлгэж өгөөгүй, орхиж явсан талаар нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх ****г ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг **** ирүүлээгүй, түүнчлэн санхүүжилт орж ирвэл 3,000,000 төгрөг өгнө гэж шүүхэд зөрүүтэй тайлбар гаргасан гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

13. Гэрээгээр хүлээсэн үүргээ **** зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

14. Зохигчийн хооронд амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ****гийн 2018.07.03-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх тухай бичигт гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлийг хэдийд төлөх талаар тохиролцоогүй байна.

14.1. Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үлдэгдэлхөлс төлөх үүргийг ****гээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ...бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлно.

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01097 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1154 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч ****гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД