Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01153

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01153

 

 

 

Д.М -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01004 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.М -ын хариуцагч Б.А ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 15 437 951 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С , хариуцагчийн өмгөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.М - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.А ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр автосамосваль түрээслэх гэрээгээр өөрийн эзэмшлийн 83-83 УНТ улсын дугаартай Дэйвүү /Daewoo/ маркийн автомашинаа 1 өдрийн 167 000 төгрөгөөр тооцон 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 6949 УНТ дугаартай Дэйвүү /Daewoo/ маркийн өөрөө буулгагч автомашинаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр техник түрээслэх гэрээ байгуулж нэг сарын 5 000 000 төгрөг, 1 өдрийн түрээсийн үнэ 166 666 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Дээрх хугацаануудад миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашинуудаа явуулсан. Гэвч хариуцагч түрээсийн төлбөрөө өгөлгүй удаа дараа шаардуулсны эцэст хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн 83-83 УНТ дугаарын автомашины түрээсийн төлбөрт 7 386 973 төгрөг, 69-49 УНТ дугаартай автомашины түрээсийн төлбөрт 10 350 978 төгрөг нийт 17 737 951 төгрөгийг баримтаар баталгаажуулсан авсан ч өнөөдрийг хүртэл 2 300 000 төгрөгийг төлж үлдэгдэл 15 437 951 төгрөгийг өгөөгүй тул Б.А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Д.М - нь манай компанитай 83-83 УНТ, 69-49 УНТ улсын дугаартай Дэйвүү /Daewoo/ маркийн автомашинуудыг түрээслэх гэрээ байгуулсан. 69-49 УНТ Daewoo маркийн автомашины түрээсийн гэрээний төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300 000 төгрөг нийт 2 300 000 төгрөгийг төлсөн. Д.М - нь одоог хүртэл манай компанитай гэрээг дүгнэж, эцсийн тооцоо нийлж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А ХХК-аас 15 437 951 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүү ноёд овогт Дандийн Мөнхзулд олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 140 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235 140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М -д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн төлөөлөгчид 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл тус шүүх нь хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдээгүй тул шүүх хуралдаанд оролцоогүй хуульд заасан эрхүүд зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.М - нь хариуцагч Б.А ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 437 951 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Техник түрээслэх нэртэй 2 гэрээ байгуулж, Д.М - нь 83-83 УНТ, 69-49 УНТ Дэйвүү /Daewoo/ улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслүүлэх, Б.А ХХК нь автомашин тус бүрийн сарын түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх4-9/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч Б.А ХХК нь дээрх автомашинуудыг түрээсэлсэн үйл баримтад маргаагүй, харин гэрээг дүгнэж, эцсийн тооцоо нийлж байгаагүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор тооцоо нийлсэн актуудыг баримтаар гарган өгчээ. /хх8-9/ Уг баримтуудаас үзвэл зохигчид 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааг хамруулан тооцоо нийлж, хариуцагч Б.А ХХК нь нийт 17 737 951 төгрөгийн өглөгтэй талаар акт үйлдэн, нэхэмжлэгч Д.М -, Б.А ХХК-ийн нягтлан бодогч Б.Алтаннаран нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх8-9/ Хариуцагч тал түрээсийн төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 2 300 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлөлтийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцон хариуцагчаас 15 437 951 төгрөг нэхэмжилжээ /хх18,39/

Хариуцагч Б.А ХХК нь дээрх нотлох баримтуудыг өөр баримтаар няцаагаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотлох баримт ирүүлээгүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан учир тооцоо нийлээгүй байх нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагч Б.А ХХК-ийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягтаа байгаагүй болох нь хэргийн 27-28 дугаар талд авагдсан мэдэгдэх хуудас, шуудангийн магадлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэгт хариуцагч нь уг үүргээ биелүүлсэн талаарх баримт авагдаагүй байна. Мөн шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С гийн шүүхэд бичиж өгсөн 86006695 гар утасны дугаарт холбогдон шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт нийцэж байх тул шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /хх25/

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД