Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01004

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д М

 

Хариуцагч: Б д ХХК

 

15,437,951 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б д ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр автосамосваль түрээслэх гэрээгээр өөрийн эзэмшлийн 8383 УНТ улсын дугаартай Daewoo маркийн автосамосваль машинаа 1 өдрийн 167,000 төгрөгөөр тооцон 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түрээслүүлсэн. Төлбөрөө төлөхгүй байсан тул удаа дараа очиж шаардаж байсан. Мөн өөрийн эзэмшлийн 6949 УНТ дугаартай Daewoo маркийн өөрөө буулгагч авто машинаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр техник түрээслэх гэрээ байгуулж нэг сарын 5,000,000 төгрөг, 1 өдрийн түрээсийн үнэ 166,666 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Дээрх хугацаануудад миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 13 дугаар хороолол Халдвартын эмнэлгийн цагаан хуаран хороолол гадна талбайн замын ажил, Гэмтлийн эмнэлгийн гадна талын тохижилт, Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газрын гадна талбайн ажил, Нүхтэд барилгын суурийн ажил зэрэг авто машинуудаа явуулсан. Гэвч түрээсийн төлбөрөө өгөлгүй удаа дараа шаардуулсны эцэст хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тэдний оффис дээр нь очиж тооцоо нийлсэн акт үйлдэн 8383 УНТ дугаарын автомашины түрээсийн төлбөрт 7,836,973 төгрөг, 69-49 УНТ дугаартай автомашины түрээсийн төлбөрт 10,350,978 төгрөг нийт 17,737,951 төгрөгийг баримтаар баталгаажуулсан авсан ч өнөөдрийг хүртэл 2,300,000 төгрөгийг төлж үлдэгдэл 15,437,951 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй тул Б д ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.М Б д ХХК-тай 2 түрээсийн гэрээ байгуулсан. 83-83 улсын дугаартай Daewoo маркийн авто самосваль автомашин, 69-49 УНТ улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг техник түрээслэх гэрээ байгуулж, түрээсээр ашиглуулсан. Хариуцагч тал түрээсийн төлбөрийг төлөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн, акт нь хэргийн материалд байгаа. Нэг машинд 7,386,973 төгрөгийн төлбөр төлөхөөр, нөгөө машинд 10,350,978 төгрөгийн төлбөр төлөхөөр тооцоо нийлсэн. Тооцоо нийлснээс хойш 2,300,000 төгрөг төлсөн. 2,300,000 төгрөг төлсөн талаар хариуцагч тайлбартаа мөн дурдсан байсан. Хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан тооцоо нийлсэн акт байхгүй, эцсийн тооцоог хийж дуусаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт байгаа тооцоо нийлсэн актад нягтлан бодогч н.Алтаннаран гэж хүн баталгаажуулсан. Үүнээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэдэг нь тогтоогдоно. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн төлбөр гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Б д ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Маас Б д ХХК-д холбогдуулан 15,437,951 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Д.М нь манай компанитай 83-83 УНТ, 69-49 УНТ улсын дугаартай Daewoo маркийн авто машинуудад 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус тус техник түрээслэх гэрээг байгуулсан. Манай компани нь улиралын чанартай авто замын ажил гүйцэтгэдэг ба бололцоогоор түрээсийн техникийн түрээслүүлэгч нарт мөнгийг хуваан өгч ирсэн. Д.Мын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 69-49 УНТ Daewoo маркийн авто машины түрээсийн гэрээний төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг нийт 2,300,000 төгрөгийг төлсөн. Д.М нь одоог хүртэл манай компанитай гэрээг дүгнэж, эцсийн тооцоо нийлж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б д ХХК-иас 15,437,951 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Техник түрээслэх гэрээ-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Д.М нь 69-49 УНТ, 83-83 УНТ улсын дугаартай DAEWOO маркийн 2 ширхэг өөрөө буулгагч автомашиныг ашиглуулах, Б д ХХК нь автомашиныг ашигласны нэг сарын хөлс 5,000,000 төгрөг, нэг өдрийн хөлс 166,666 төгрөг төлөхөөр тохирсон байна. Гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. Дээрх гэрээг байгуулсан талаар болон төлбөрт төлсөн мөнгөн дүн, төлбөрийн үлдэгдэлтэй байгаад зохигч маргаагүй бөгөөд харин хариуцагч тооцоо нийлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг УНТ улсын дугаартай автомашины 89 хоногийн төлбөр 14,850,976 төгрөгөөс суутгал 599,998 төгрөг, төлсөн 3,900,000 төгрөг нийт 4,499,998 төгрөг хасаж 10,350,978 төгрөг, 83-83 УНТ улсын дугаартай автомашины 56 хоногийн төлбөр 9,336,970 төгрөгөөс суутгалд 749,997 төгрөг, төлсөн 1,200,000 төгрөг нийт 1,949,997 төгрөг хасаж 7,386,973 төгрөг нийт түрээсийн төлбөр 17,737,951 төгрөг гэж тодорхойлж, үүнээс хариуцагчийн сүүлд төлсөн 2,300,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 15,437,951 төгрөгөөр тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлж түрээсийн төлбөрт 17,737,951 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан баримтыг нотлох баримтаар гаргасан байх бөгөөд уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй болно.

 

Хариуцагч хариу тайлбартаа 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг нийт 2,300,000 төгрөгийг төлсөн гэж дурдсан ба энэ нь тооцоо нийлснээс хойш төлсөн төлбөр болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, уг төлбөрийг түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч хасаж тооцсон байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчид 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа эсэх талаарх тайлбар, татгалзаж байгаа тохиолдолд түүнтэй холбоотой нотлох баримтыг 14 хоногийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласан байх ба хариуцагч хариу тайлбараа 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ирүүлж, тайлбартайгаа холбогдуулан ямар нэг нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Б д ХХК-иас 15,437,951 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчид 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б д ХХК-иас 15,437,951 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүү ноёд овогт Дандийн Мд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,140 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА