Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00218

 

.....ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01004 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1153 дугаар магадлалтай,

.....ын нэхэмжлэлтэй,

..... ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 15.437.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .....ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие ..... ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр автосамосваль түрээслэх гэрээгээр өөрийн эзэмшлийн 83-83 УНТ улсын дугаартай Дэйвүү /Daewoo/ маркийн автомашинаа 1 өдрийн 167.000 төгрөгөөр тооцон 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 69-49 УНТ дугаартай Дэйвүү /Daewoo/ маркийн өөрөө буулгагч автомашинаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр техник түрээслэх гэрээ байгуулж нэг сарын 5.000.000 төгрөг, 1 өдрийн түрээсийн үнэ 166.666 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Дээрх хугацаануудад миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашинуудаа явуулсан. Гэвч хариуцагч түрээсийн төлбөрөө өгөлгүй удаа дараа шаардуулсны эцэст хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн 83-83 УНТ дугаарын автомашины түрээсийн төлбөрт 7.386.973 төгрөг, 69-49 УНТ дугаартай автомашины түрээсийн төлбөрт 10.350.978 төгрөг нийт 17.737.951 төгрөгийг баримтаар баталгаажуулсан ч өнөөдрийг хүртэл 2.300.000 төгрөгийг төлж үлдэгдэл 15.437.951 төгрөгийг өгөөгүй тул ..... ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ..... ХХК-ийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: ........ нь манай компанитай 83-83 УНТ, 69-49 УНТ улсын дугаартай Дэйвүү /Daewoo/ маркийн автомашинуудыг түрээслэх гэрээ байгуулсан. 69-49 УНТ Daewoo маркийн автомашины түрээсийн гэрээний төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300.000 төгрөг нийт 2.300.000 төгрөгийг төлсөн. ..... нь одоог хүртэл манай компанитай гэрээг дүгнэж, эцсийн тооцоо нийлж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01004 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..... ХХК-аас 15 437 951 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүү ноёд овогт Дандийн Мөнхзулд олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 140 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ..... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235 140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....д олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1153 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Уртнасангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байна. Хариуцагчийн төлөөлөгчөөр Э.Сүглэгмааг оролцуулахаар итгэмжлэл олгон томилсон бөгөөд хэдийгээр төлөөлөгч нь хууль мэдэхгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэлээ ч анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн. Шүүх талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэсэн байгаа боловч хариуцагч талын маргах эрхийг хангаагүй. Гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан бөгөөд хариуцагч тал энэ талаар шүүх хуралдаанд оролцож маргах байсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн баримт нь манай компанийх биш ..... транс ХХК-ийн нягтлан бодогч н.Алтаннар гарын үсэг зурсан байдаг. Иймд хариуцагч талыг анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх боломж олгоогүй нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ..... нь хариуцагч ..... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 15.437.951 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Уртнасан шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээг шүүхэд ирүүлжээ. 

Эвлэрлийн гэрээнд “Хариуцагч ..... ХХК нь шийдвэр, магадлалын дагуу олгохоор шийдвэрлэсэн 15.437.951 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 235.140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч .....д 13.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр төлсөн. Үлдэгдэл 2.673.091 төгрөгөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1.373.091 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж нэхэмжлэгч ....., хариуцагч ..... ХХК-ийн захирал Б.Болд-Эрдэнэ нар гарын үсэг зурсан нь гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.

Талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна. 

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01004 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1153 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч ..... ХХК нь 15.437.951 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 235.140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч .....д 13.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр төлж, үлдэгдэл 2.673.091 төгрөгөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1.373.091 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч ..... ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 235.140 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                         ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                                            Х.СОНИНБАЯР

                                                                                                                              Д.ЦОЛМОН