Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00365

 

                                                    Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06705 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 247 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ш.Оюунгэрэл,

Хариуцагч : С.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага :  36.765.000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага : Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэрэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дэмбэрэлдавга,  хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтүвшин,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Батцэцэг нь 2015.6.28-ны өдөр Хуалян Тоосгоны үйлдвэрээс 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож 169.333 ширхэг тоосгыг нийт 25.400.000 төгрөгөөр худалдан авсан боловч төлбөрөө барагдуулаагүй тул 2015.10.29-ний өдөр төлбөр барагдуулах хэлцэл  хийсэн ч төлбөр  төлөөгүй тул 169.333 ширэг тоосгоны үнэ 25.400.000 төгрөгийг хүүгийн хамт нийт 26.302.446 төгрөг /хх 1/ гаргуулах шаардлага гаргасан боловч 2016.8.24-ний өдөр шаардлагаа өөрчилж  166.400 ширхэг  тоосгоны үнэ 25.410.000 төгрөгийг, алданги 12.705.000 төгрөгийн хамт  нийт 38.115.000 төгрөг /хх 29/ нэхэмжилсэн. Шүүх хуралдаан дээр уг шаардлагыг 163.400 ширхэг  тоосгоны үнэ 24.510.000 төгрөг, алданги 12.550.000 төгрөг нийт 36.765.000 төгрөг /хх 101-103/ гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хуалян ХХК гэх тоосгоны үйлдвэрээс 2015 оны  04-дугаар 8 дугаар сар хүртэл 700.000 ширхэг тоосго авсан. 16.600 ширхэг тоосгоны үнэ 25.000.000 төгрөг төлж чадаагүй байгаа  нь үнэн. Авсан хүн нь гадаад явсан. Би энэ компанид тоосго зарж борлуулж өгсөн боловч ямар нэг урамшуулал эдлээгүй. Мөн нэхэмжлэлд заасан үнийн дүнтэй санал нийлэхгүй байна. Хэрүүл хийж нотариат дээр аваачиж байж гэрээ хийсэн. Ш.Оюунгэрэл нь манай машиныг барьцалж авсан байгаа. Уг машинаар ажил хийж төлбөр мөнгөө төлмөөр байна. Уг компаниас өмнө нь авсан гэрээтэй авсан 500.000 ширхэг тоосгоны үнийг төлсөн. Сүүлд авсан 16.600 ширхэг тоосго авахдаа ямар нэг гэрээ нийгээгүй гэжээ. /хх 11/

С.Батцэцэг  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Батцэцэг, Ш.Оюунгэрэл нарын хооронд 2015.10.29-ний өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргажээ. Хуалян ХХК болон Бүбүка ХХК нарын хооронд Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулан Хуалян тоосгоны үйлдвэрээс 500.000 ширхэг тоосгыг 4-5 сарын хугацаанд нийлүүлэхээр харилцан тохиролцсон, хоёр компанийн хоорондын төлбөр тооцоо болох 75 сая төгрөгийг худалдагч Хуалян ХХК-д Бүбүка ХХК-иас бүрэн төлж барагдуулсан. Гэрээнд заагаагүй нэмэлт тоосго Бүбүка ХХК-д шаардлагатай болсон тул дахин тоосго авахаар талууд амаар тохиролцон тоосгыг Хуалян ХХК-ийн үйлдвэрээс Бүбүка ХХК хүлээн авсан. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хуалян ХХК-ийн Бүбүка ХХК-д хүлээлгэн өгсөн зарлагын 30 ширхэг баримтаар нотлогдоно. Хуалян ХХК-аас хүлээн авсан 16.600 ширхэг тоосгын Бүбүка ХХК-иас бусдад нийлүүлсэн боловч хүлээн авсан хүн нь гадаад улс  яваад сураггүй  болсоноос  Бүбүка ХХК тоосгоны үнийг төлж чадаагүй байна. Манай компанид өгсөн тоосго нь Ш.Оюунгэрэлийнх бус харин Хуалян ХХК-х юм. тоосгыг би ашиглаагүй,  харин компани ашигласан. Нэхэмжлэгч нь  нотариатч дээр очиж хэрүүл хийж, хүчээр 2015.10.29-ний өдөр хэлцэл байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү   гэжээ.

Нэхэмжлэгч  сөрөг нэхэмжлэлд талбар гаргахдаа: Хоёр тал өр авлага барагдуулах хугацааг харилцан шийдвэрлэж дуусгая гэж тохиролцон нотариат дээр очиж хэлцэл хийсэн. Хэлцэл хийхдээ  үнэн санаа агуулаагүй, хуурч мэхэлж хэлцэл байгуулсан гэдгийг бид мэдэх боломжгүй тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгон бичсэн Хуалян ХХК болон Бүбүка ХХК-ийн хооронд байгуулсан 500.000 ширхэг тоосго авах гэрээ тухайн үед хэрэгжүүлж дууссан, Бүбүка ХХК нь 5.000.000 төгрөгийн ашгаа олсон тул энэ нэхэмжлэлд хамааралгүй болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06705 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан С.Батцэцэгээс 38.115.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож,  Ш.Оюунгэрэл, С.Батцэцэг нарын хооронд 2015.10.29-ний өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 247 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06705 дугаар шийдвэрийн нэг  дэх заалтыг "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан  С.Батцэцэгээс 38.100.000 төгрөг гаргуулж Ш.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлээс 15.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй   болгож,   мөн   хуулийн   56   дугаар   зүйлийн   56.1.2-т   заасан   үндэслэл тогтоогдохгүй тул  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид холбогдох заалтад мөн өөрчлөлт оруулжээ.   

 Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ш.Оюунгэрэлийн нэхэмжилж буй тоосгоны үнэ нь ямар баримтад үндэслэгдсэн бэ гэдгийг хяналтын шатын шүүх анхаарч үзнэ үү. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хуанлян ХХК болон Бүбүка ХХК нарын хооронд хийгдсэн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үргэлжлэл болсон, нэгээс нөгөө хуулийн этгээдэд эд хөрөнгө буюу тоосго шилжүүлж буй харилцааг нотолсон баримт нь дээрх хоёр хуулийн этгээдийн тоосго хүлээлцсэн зарлагын баримт байдаг. Хуанлян ХХК нь өөрийн санхүүгийн тамгаа дарж, зарлагын баримт үйлдэж Бүбүка ХХК-д хүлээлгэж өгсөн 30 ширхэг баримтыг давж заалдах шатны шүүх үнэлсэнгүй. 2. Сөрөг нэхэмжлэлд Ш.Оюунгэрэлээс гаргасан 2016.10.05-ны өдрийн тайлбарын 3.1-т “...Т/02 тушаалаар томилогдон ажиллаж байгаа тул тус компанийн нэрийн өмнөөс мөнгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжилж буй мөнгийг С.Батцэцэг нь Хуанлян ХХК-ийн дансад шууд шилжүүлэг хийхэд миний хувьд татгалзах зүйлгүй болно”, 4.2-т “гэвч хэлцэлийг хуулийн этгээдээр хийх гэхэд өөрсдөө гэрчилгээ бичиг баримт байхгүй хувь  хүнээр хийе гэж хийчихээд иргэний эрхийг ноцтой зөрчисөн гэж бичиж байгаа нь үндэслэлгүй юм” гэсэн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасанчлан иргэн Ш.Оюунгэрэл, С.Батцэцэг нарын 2015.10.29-ний өдрийн  хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхыг нотолдог. Хуулийн этгээдийн хооронд хийгдсэн тоосго хүлээлгэн өгсөн, хүлээн авсан зарлагын баримт, нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар зэрэг нь талуудын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.4-т заасан шинжийг агуулсан байх тул хүчин төгөлдөр бус байх юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Ш.Оюунгэрэл нь С.Батцэцэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаж 36.765.000 төгрөг шаардахдаа “...163.400 ширхэг тоосгоны үнэ 24.510.000 төгрөг, алданги 12.550.000 төгрөг...” гэсэн үндэслэл /хх 1, 29, 101-103/ заажээ. Хариуцагч тоосгоны үнийг  зөвшөөрсөн боловч үүнийг  Ш.Оюунгэрэл шаардах эрхгүй мөн алданги төлөхгүй гэж маргаж, зохигчдын  хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 38.100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх боломжгүй байна.

Ш.Оюунгэрэл нь 163.400 ширхэг тоосгоны үнэ 24.510.000 төгрөг, алданги 12.550.000 төгрөг нийт 36.765.000 төгрөг хариуцагчаас шаардсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд зааснаас илүү хэмжээний төлбөр буюу 38.100.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зүйл нь  Хуалян ХХК–ийн үйлдвэрлэсэн тоосго болохыг зохигчид зөвшөөрсөн боловч уг тоосгыг хуулийн этгээд эсхүл иргэн   худалдсан, худалдан авсан  нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх  Хуалян ХХК-иас Бүбүка ХХК–д тоосго хүлээлгэн өгсөн тухай баримт Ш.Оюунцэцэг болон С.Батцэцэг нарын хооронд үүссэн харилцаанд хамааралгүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн, Хуалян ХХК-ийн гэх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн т/1/14 дугаартай албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй /хх 98/ байхад давж заалдах шатны шүүх уг баримтыг магадлалын үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчсөн байна. Хуалян ХХК-ийн захирал DU QUANZHENG нь монгол хэл мэддэг эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй тул монголоор бичсэн түүний тодорхойлолт нэхэмжлэлийг нотлохгүй. Иймд магадлалыг хүчингүй болгоно.

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэрийг    хүчингүй болгоно.

Ш.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...С.Батцэцэг нь 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Хуалян” тоосгоны үйлдвэрээс 169.333 ширхэг тоосго худалдан авсан ...мөнгөө төлөхийг шаардахад манай үйлдвэрийн хашаанд машин авч ирж тавьсан...” /хх 1/ гэсэн байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж эсхүл иргэний хувьд нэхэмжлэл гаргасныг тогтоох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийх эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.   

Түүнчлэн, С.Батцэцэг “... 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд авсан тоосгоны үнийг төлсөн ...нэхэмжлэгчээс биш, харин Хуалян ХХК-иас тоосго авсан...” гэх агуулгатай тайлбар өгсөн хэдий ч хэргийн 48-77 дугаар талд буй зарлагын баримтууд уг хугацаанд хамаарахгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хангасан нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 3. Хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг  оролцуулах, хариуцагч төлбөрт өгсөн гэх автомашиныг хэрхэх талаар дүгнэлт хийх, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлох зэрэг ажиллагааг хийсний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нөхцөл бүрдэхээр байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06705 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 247 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 349.000 төгрөгийг С.Батцэцэгт захирамжаар буцааж олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ