Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1995

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимт нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 22а байрны 145 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, Цогнууд овогт Шагдарын Оюунгэрэлийн /ЧЕ62021606/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаанхуаран хорооллын 86-б байрны 23 тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, Аат овогт Содномбилэгийн Батцэцэгт /УД76031201/,

            Гэрээний үүрэгт 38 115 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл нэхэмжлэлдээ:

            Иргэн С.Батцэцэг нь 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Хуалян” Тоосгоны үйлдвэрээс 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож 169 333 ширхэг тоосгыг нийт 25 400 000 төгрөгийн худалдан авалт хийхдээ “Тоосго нийлүүлж байгаа газрын захирал гадагшаа явсан наадмын дараа мөнгийг нь өгнө” гэж манай менежерт итгүүлэн худалдан авсан боловч төлбөрөө барагдуулахгүй утсаа ч авахгүй байсан тул араас нь нэхэл дагал болж явж Улаанбаатар хотод авчирч арай гэж 4 сар өнгөрсний дараа 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн дэргэд нотариат дээр С.Батцэцэг нь нөхөр Т.Бямбасүрэнтэйгээ хамт ирж төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. С.Батцэцэгийн нөхөр Т.Бямбасүрэн нь манайх нүүрсний уурхай ажиллуулж байгаа бид нар төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэхэд барагдуулж дуусна гэчихээд бид нарыг олон удаа хууран мэхэлж өдий хүрлээ. Нүүрс олборлож байхдаа “Нүүрсний уурхай дээр ирээд мөнгөө авч болно” гэж хэлж байсан боловч утсаа авахгүй, олдохгүй байж байгаад манай менежерүүд олон удаа явсны эцэст уулзахад Т.Бямбасүрэн “Танайд нүүрс хэрэгтэй юм чинь нүүрсээр барагдуулж болно.” гэж хүртэл биднийг хуурч худлаа ярьж, утсаа авахгүй олон сар чирэгдүүлсэн. 2016 оны 04 дүгээр сард олон дахин утасдаж байж Huindai маркийн эвдэрхий ачааны машин манай үйлдвэрийн хашаанд авчирч тавиулсан, “5 сар гэхэд өр барагдуулж дуусна” гэсэн. Машины бичиг баримтыг нь нэхэхэд “Маргааш авчирч өгнө” гэсэн боловч өгөөгүй. Утсаар ярьж энийг чинь зарж хагас мөнгөө ч болсон олж авмаар байна, бичиг баримтыг нь авчирч өг гэхэд “Миний юм биш би хагас мөнгийг нь өгөөгүй” гэж хэлсэн. Иймд гэрээнд заасны дагуу төлөх ёстой төлбөр, хүүтэйгээ өнөөдрийн байдлаар 26 302 446 төгрөг, 12 705 000 төгрөгийн алданги нэмж, нийт 38 115 000 төгрөгийг С.Батцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн С.Батцэцэг би “Хуалян” гэх Хятад тоосгоны үйлдвэрээс 2015 оны 04 дүгэр сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл нийт 700 000 ширхэг тоосго буюу 105 000 000 төгрөгийн тоосгыг ямар ч асуудалгүй төлбөрийг тухай бүрт нь хийж борлуулж өгсөн. Тухайн үед гадуур тоосгоны ханш 80 төгрөг байсан бөгөөд сүүлд авсан 16 600 ширхэг тоосгоны үнэ нь 25 000 000 төгрөг. Энэ тоосгыг буулгуулсан найз маань АНУ-руу яваад сураггүй болоод мөнгийг нь төлж чадахгүй яваа нь үнэн. Бид энэ компанид 105 000 000 төгрөгний тоосго борлуулж өгөөд ямар ч хөнгөлөлт урамшуулалт эдлээгүй болно. Мөн нэхэмжлэлд гаргасан үнийн дүнтэй санал огт нийлэхгүй байна. Ш.Оюунгэрэл бид хоёр төлбөр барагдуулах талаар гэрээ хийнэ гээд Ган замын нотариатч дээр очиход би бэлэн мөнгө аваагүй, алданги төлөхгүй гэсэн чинь “ийм маргаантай гэрээ батлахгүй” гээд гаргасан. Гарч ирээд уурлаад таньдаг нотариатчруугаа утасдаад очсон. Өрөөнд нь ороод би алданги төлөхгүй гэж бөөн хэрүүл шуугиан болсны эцэст энэ нотариатч хүчээр гэрээ хйисэн. Иймд би Баянгол дүүргийн нотариатчид гомдолтой байна. Шаардлагатай гэж үзвэл би нотариатчид гомдол гаргана, яагаад гэвэл Ш.Оюунгэрэлийн нэхэмжилсэн үнийн дүнтэй санал нийлэхгүй байна. Мөн Ш.Оюунгэрэл гэдэг хүн утсаар мессэж бичиж, хүн дарамталдаг, намайг ямар хүн бэ? гэдгийг та нар мэдэхгүй, сайн судлахгүй дээ гэх зэргээр бичээд байсан. Хохирлыг барагдуулахын тулд би хүний юмыг авч борлуулсан юм чинь төлнө, 25 000 000 төгрөг төлөхгүй гэсэн маргаан хийгээгүй. Би хөдөө уул уурхайн компанид ажил хийж байна. Цалин мөнгөө цуглуулаад боломжоороо бага багаар төлнө. Тоосгоны үйлдвэрийн хашаанд байгаа эвдэрхий машины хувьд, манай хүн энэ машинаар ажил хийж, хүүхдүүдээ тэжээдэг. Манайх бага насны 4 хүүхэдтэй, аргаа бараад л хэл амыг нь дарах гээд машин тэргээ хүртэл зогсоолоо. Хуулиараа бол Ш.Оюунгэрэл хүний машин тэрэг барьцаалах ямар ч эрхгүй тул бид машинаа авч ажил хийж төлбөр мөнгийг нь барагдуулахад нэмэрлэмээр байна. Би тоосгоны үйлдвэртэй хийсэн 500 000 ширхэг тоосго борлуулах гэрээгээ хугацаанд нь мөнгийг нь төлөөд дуусгасан. Сүүлд авсан 16 600 ширхэг тоосго ямар ч гэрээ хийгдээгүй байсан болно гэжээ.

 

Хариуцагч С.Батцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Хуа Лян” ХХК болон “Бүбүка” ХХК нарын хооронд “Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ” байгуулан Хуа Лян тосгоны үйлдвэрээс 500 000 ширхэг тоосгыг 4-5 сарын хугацаанд нийлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Энэ хугацаанд хоёр компанийн хоорондын төлбөр тооцоо болох 75 000 000 төгрөгийг худалдагч “Хуа Лян” ХХК-д “Бүбүка” ХХКХХХХХХХххК-иас бүрэн төлж барагдуулсан болно. Гэрээнд заагаагүй нэмэлт тоосго “Бүбүка” ХХК-д шаардлагатай болсон тул дахин тоосго авахаар талууд амаар тохиролцон тоосгыг “Хуа Лян” ХХК-ийн үйлдвэрээс “Бүбүка” ХХК-д хүлээн авсан. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Хуа Лян” ХХК-ийн “Бүбүка” ХХК-д хүлээлгэн өгсөн зарлагын 30 ширхэг баримтаар нотлогдоно. “Хуа Лян” ХХК-аас хүлээн авсан 16 600 ширхэг тоосгын “Бүбүка” ХХК-иас бусдад нийлүүлсэн боловч хүлээн авсан хүн нь АНУ руу яваад сураггүй алга болсон тул тоосгоны үнийг “Бүбүка” ХХК нь төлж чадаагүй. Гэтэл “Хуа Лян” ХХК-ийн Захирал Ш.Оюунгэрэл нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдсан мэтээр байнга “намайг ямар хүн бэ гэдгийг мэдэх үү, сайн судлахгүй дээ, шүүх цагдаад дандаа томчууд, харж байгаарай” гэх зэргээр дарамталж байсан. Ингээд нотариатч дээр очиж хэрүүл хийж, хүчээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэлцэл байгуулсан. Үнэн хэрэгтээ миний бие хувьдаа сүүлд авсан тоосгыг ашиглаагүй, харин компанийн үйл ажиллагаанд ашигласан бөгөөд уг “Хэлцэл” байгуулах хүсэл зориг жинхнээсээ байгаагүй бөгөөд Ш.Оюунгэрэлийн хэл амыг дарахын тулд хожим сүүлд нь учир нь олдох байх хэмээн хэрэлдсээр байгуулсан болно. Энэхүү сүүлд манай компанид өгсөн тоосго нь Ш.Оюунгэрэлийнх бус “Хуа Лян” ХХК гэх хятад эзэнтэй хүний компанийх бөгөөд нэхэмжилж буй мөнгийг Ш.Оюунгэрэлд хэрэв өгвөл тэрээр үндэслэлгүй хөрөнгөжинө. Өөрөөр хэлбэл, нэгэнт цагт “Хуа Лян” ХХК нь “Бүбүка” ХХК-иас нийлүүлсэн тоосгоны үнийг нэхэмжлэхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Мөн Ш.Оюунгэрэлтэй миний бие С.Батцэцэг нь худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй нь бодит үнэн. Түүнчлэн миний эрхлэн удирдсан “Бүбүка” ХХК болон миний иргэний эрх нь тусдаа хуулиар хамгаалагдсан эрх ашиг байх тул энэхүү асуудлыг хууль ёсны дагуу иргэд хоорондын бус хуулийн этгээдийн хоорондох асуудал гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Иймд бидний байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Хэлцэл” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т, ”дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.4-т “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр  хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл”-ийн инжийг агуулсан байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Нэг. Хэлцэл хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хоёр тал амаар ярилцаж тохиролцоод тоосго ачуулсан тул хоёр тал өр авлага барагдуулах хугацааг харилцан шийдвэрлэж дуусгая гэж тохиролцон нотариат дээр очиж хэлцэл хийсэн. Хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 56.1.2, 56.1.4-т заасан заалтын дагуу үнэн санаа агуулаагүй, хуурч мэхэлж хэлцэл байгуулсан гэдгийг бид мэдэх боломжгүй тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Хэрэв С.Батцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчин төгөлдөр хэлцэл биш гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56.6-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээд бусдад учруулсан хохирлын нөхөн төлнө гэсэн заалтыг биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгон бичсэн Хуа Лян ХХК болон Бүбүка ХХК-ийн хооронд байгуулсан 500 000 ширхэг тоосго авах гэрээ тухайн үед хэрэгжүүлж дууссан Бүбүка ХХК нь 5 000 000 төгрөгийн ашигаа олсон тул энэ нэхэмжлэлд хамааралгүй болно. Учир нь, сөрөг нэхэмжлэлд гэрээнд заагаагүй тоосго шаардлагатай болсон тул дахин тоосго авахаар амаар тохиролцон “Хуа Лян” ХХК-ийн үйлдвэрээс “Бүбүка” ХХК хүлээн авсан. Энэ нь “Хуа Лян” ХХК-ний шүүхэд гаргасан 30 ширхэг баримтаар нотлогдоно гэж бичиж байгаа боловч баримтаар нийт 169 400 ширхэг тоосгыг 16 600 ширхэг гэж бууруулж бичсэн байна. 169 400 ширхэг тоосгыг Оргил худалдааны төвийн бариулсан Энканто таун хороололд буулгасныг тоосго ачиж байсан УНЯ 03-35 улсын дугаартай машины жолооч хэлсэн. Одоо болтол өөрөө ч тээврийн зардлаа аваагүй байгаа гэж байгаа. Тоосгыг хүлээн авсан компаний захирал Ж.Ганбаатар нь АНУ яваагүй Монгол улсад байгаа.

Гурав. Гэтэл “Хуа лян” ХХК-ийн захирал Ш.Оюунгэрэл нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдсан мэтээр байнга дарамталж байсан бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжинө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Ш.Оюунгэрэл миний бие нь 2010 оны 01 дүгээр сарын 13-ны Т/02 тоот тушаалаар томилогдон ажиллаж байгаа тул тус компанийн нэрийн өмнөөс мөнгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжилж байгаа мөнгийг С.Батцэцэг нь Хуа Лян ХХК-ийн дансанд шууд шилжүүлэг хийхэд миний хувьд татгалзах зүйлгүй болно.

Дөрөв. Түүнчлэн миний эрхлэн удирдсан “Бүбүка” ХХК болон миний иргэний эрх нь тусдаа хуулиар хамгаалагдсан эрх ашиг байдаг тул энэхүү асуудлыг хууль ёсны дагуу иргэд хоорондын бус хоёр хуулийн этгээдийн хоорондын асуудал гэж бичиж байгаад тайлбар өгөх нь,

-Хэлцэл хийхэд манай үйлдвэрийн менежер О.Сүхбаатар С.Батцэцэгийн нөхөр Т.Бямбасүрэн нар хамт байсан. Т.Бямбасүрэн нь “Нүүрсний уурхай ажиллуулж байгаа юм чинь хугацаандаа төлөөд алданги үүсгэхгүй” гэж хэлцлийг хийсэн. Хэлцэл хийчихээд зүгээр ярилцаж салчихаад хүсэл зорилго жинхнээсээ байгаагүй гэдгийг ойлгохгүй байна.

-Гэвч хэлцлийг хуулийн этгээдээр хийх гэтэл өөрсдөө гэрчилгээ бичиг баримт байхгүй хувь хүнээр хийе гэчихээд иргэний эрхийг ноцтой зөрчсөн гэж бичиж байгаа нь үндэслэлгүй юм.

-Төлбөр төлөх графикийг өөрсдөө гаргаж өгсөн.

-Түүнчлэн миний бие нь С.Батцэцэгтэй утсаар холбогдох гэхэд нөхөр нь утас байнга авдаг байсан бөгөөд “Шүүх цагдаа гэвэл юу ч өгөхгүй хохино болно шүү” гэж утсаар дарамталж байсан нь үнэн болно.

-С.Батцэцэг нь урд нь шүүх хурал дээр тоосго аваад мөнгийг нь өгөөгүй гэдгээ хэлж байсан. Ажил хийж байгаа цалингаараа төлнө гэж ярьж байснаасаа буцаж итгэмжлэгдсэн төлөөлөгч авч хүнийг гүтгэж, төлбөр барагдуулах талаар биш сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Талууд шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

1. Нэхэмжлэгч тал 38.115.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 12.715.000 төгрөгөөс шаардлагаас татгалзаж 25.400.000 төгрөг болгож байна.

2. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

3. Хариуцагч тал 25.400.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь хариуцагч С.Батцэцэгт холбогдуулан гэрээний үүрэгт 38.115.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл 38.115.000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 12.715.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 25.400.000 төгрөгийг хариуцагч С.Батцэцэг нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж  барагдуулах, хариуцагч С.Батцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, талууд эвлэрэн хэлэлэцсэн байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

                                                                                  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 38.115.000 төгрөгийн 12.715.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 25.400.000 төгрөгийг хариуцагч С.Батцэцэг нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж  барагдуулах, хариуцагч С.Батцэцэг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, С.Батцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348.525 төгрөг, хариуцагч С.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч С.Батцэцэгээс 284.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

                                     

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ