Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 247

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06705 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 115 000 төгрөг гаргуулах тухай,

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ХХХ нь 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “ХХХ” Тоосгоны үйлдвэрээс 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож 169 333 ширхэг тоосгыг нийт 25 400 000 төгрөгийн  худалдан авсан боловч төлбөрөө барагдуулаагүй тул 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ХХХ нь нөхөр ХХХХ-тэй хамт ирж төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Төлбөрөө төлөөгүй. Иймд иргэн ХХХээс худалдан авсан тоосгоны үнэ болох 25 410 000 төгрөгийг, алданги нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс буюу 25 410 000 төгрөгөөс илүү гарч байгаа учир 50 хувиар бодож 12 705 000 төгрөг, нийт 38 115 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хоёр тал амаар ярилцаж тохиролцоод тоосго ачуулсан тул хоёр тал өр авлага барагдуулах хугацааг харилцан шийдвэрлэж дуусгая гэж тохиролцон нотариат дээр очиж хэлцэл хийсэн. Хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасны дагуу үнэн санаа агуулаагүй, хуурч мэхэлж хэлцэл байгуулсан гэдгийг бид мэдэх боломжгүй тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгон бичсэн “ХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан 500 000 ширхэг тоосго авах гэрээ тухайн үед хэрэгжүүлж дууссан, “ХХХХ” ХХК нь 5 000 000 төгрөгийн ашгаа олсон тул энэ нэхэмжлэлд хамааралгүй болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“ХХХХ” ХХК болон "ХХХХ" ХХК нарын хооронд "Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ" байгуулан “ХХХ” тоосгоны үйлдвэрээс 500 000 ширхэг тоосгыг 4-5 сарын хугацаанд нийлүүлэхээр харилцан тохиролцсон, хоёр компанийн хоорондын төлбөр тооцоо болох 75 000 000 төгрөгийг худалдагч “ХХХХ” ХХК-д "ХХХХ" ХХК-иас бүрэн төлж барагдуулсан болно. Гэрээнд заагаагүй нэмэлт тоосго "ХХХХ" ХХК-д шаардлагатай болсон тул дахин тоосго авахаар талууд амаар тохиролцон тоосгыг “ХХХХ” ХХК-ийн үйлдвэрээс "ХХХХ" ХХК-д хүлээн авсан. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “ХХХХ” ХХК-ийн "ХХХХ" ХХК-д хүлээлгэн өгсөн зарлагын 30 ширхэг баримтаар нотлогдоно. “ХХХХ” ХХК-аас хүлээн авсан 16 600 ширхэг тоосгын "ХХХХ" ХХК-иас бусдад нийлүүлсэн боловч хүлээн авсан хүн нь АНУ руу яваад сураггүй алга болсон тул тоосгоны үнийг "ХХХХ" ХХК нь төлж чадаагүй. Ингээд нотариатч дээр очиж хэрүүл хийж, хүчээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэлцэл байгуулсан.

Үнэн хэрэгтээ миний бие хувьдаа сүүлд авсан тоосгыг ашиглаагүй, харин компанийн үйл ажиллагаанд ашигласан бөгөөд уг "Хэлцэл" байгуулах хүсэл зориг жинхнээсээ байгаагүй бөгөөд ХХХХ-ийн хэл амыг дарахын тулд хожим сүүлд нь учир нь олдох байх хэмээн хэрэлдсээр байгуулсан болно. Энэхүү сүүлд манай компанид өгсөн тоосго нь ХХХХ-ийнх бус “ХХХХ” ХХК-ийх бөгөөд нэхэмжилж буй мөнгийг ХХХХ-д өгвөл тэрээр үндэслэлгүй хөрөнгөжинө. Өөрөөр хэлбэл, “ХХХХ” ХХК нь "ХХХХ" ХХК-иас нийлүүлсэн тоосгоны үнийг дахин нэхэмжлэхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Мөн ХХХХ-тэй миний бие ХХХ нь худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй нь бодит үнэн.

Иймд бидний байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Хэлцэл" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан шинжийг агуулсан байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Тоосгоны үйлдвэрийн хашаанд байгаа эвдэрхий машины хувьд манай хүн ажил энэ машинаар ажил хийж хүүхдүүдээ тэжээдэг. Хуулиар бол ХХХХ хүний машин барьцаалах эрхгүй тул бид машинаа авч ажил хийж төлбөр мөнгийг нь барагдуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагч ХХХээс 38 115 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, ХХХХ, ХХХ нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн "Хэлцэл" ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 285 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, үлдэх 214 800 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч ХХХХ-т олгож, нэхэмжлэгч ХХХХээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч ХХХХ-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэлцлийг бичгээр үйлдсэн болох нь тогтоогдож байна, тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарч байна, мөн талууд төлбөрийн тооцооллын талаар маргаагүй гэсэн байдлаар зөв дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлтүүдийнхээ эсрэг шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүйгээс алдаа гарган нэг талыг барьсан, илт үндэслэл муутай шийдвэр гаргав. Шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон гэрээг хариуцагч байгуулснаа болон нэмэлтээр авсан тоосгоныхоо үнэд хорин таван сая төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл шүүх үүнд бодитой дүгнэлт хийлгүй хариуцагчид хэлцэл байгуулах хүсэл зориг жинхнээсээ байгаагүй, ХХХХ-ийн хэл амыг дарахын тулд хэрэлдсээр хэлцлийг байгуулсан гэсэн субъектив буюу хийсвэр үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв. 30 ширхэг зарлагын баримтыг нэхэмжлэгч тал гарган өгсөн. Гэтэл шүүх хариуцагч тал гарган өгсөн мэтээр, тэдгээрийг ганц маргаангүй, эргэлзээгүй баримт мэтээр дүгнэсэн нь мөн буруу байна. Нэхэмжлэгч тал эдгээр баримтыг гарган өгч эдгээр зарлагын падааны маягтыг тоосгоны үнэ, тооцоог зөв харагдуулахын үүднээс ашигласнаа нотолсоор байтал шүүх үүнд дүгнэлт хийсэнгүй. Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх талаар шийдвэрлээгүй орхигдуулж хууль зөрчсөн. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-т холбогдуулах худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38 115 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

ХХХХ, ХХХ нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэлцэл байгуулагдаж, уг хэлцлийн 1 дэх хэсэгт “Иргэн ХХХ нь иргэн ХХХХээс 2015.06.28 өдөр 1 ширхгийг нь 150 төгрөгөөр тооцож 169 333 ширхэг тоосго худалдаж авсан болно. Тоосгоны үнэ 25 400 000 төгрөг…” гэж тохиролцож, уг үнийг 5 хувааж төлөхөөр хуваарь гаргаж, уг хэлцлийг 2 дах хэсэгт төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй тохиолдолд тухайн сард гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар худалдагч талд алданги тооцохоор тохиролцсон байна.

Хэлцлийн агуулгаас үзвэл хэн, хэдийд, ямар хэмжээний эд хөрөнгийг хэнээс хүлээж авсан талаар тодорхой заасан, эд хөрөнгийн үнэ, уг үнийг тодорхой хугацаанд төлөх талаар тохиролцон байна.

Талуудын хооронд байгуулагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл ХХХХ нь тоосго худалдсан, ХХХ нь уг тоосгыг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг хүлээсэн тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Худалдан авагч тал болох ХХХ нь тоосгоны үнэ болох 25 400 000 төгрөгийг худалдагч тал болох ХХХХт төлсөн болохоо баримтаар нотлоогүй үйл баримт тогтоогдсон.

Хэргийн 48-77 дах талд авагдсан зарлагын падаан гэх баримтаас үзэхэд “ХХХХ” ХХК-иас “ХХХХ” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд тоосго хүлээлгэж өгсөн, хүлээн авсан этгээдүүдийн гарын үсэг зурагдсан байх бөгөөд энэ баримт нь иргэн ХХХХ, ХХХ нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тоосго худалдах, худалдан авсан үйл баримтад хамааралгүй байна. Иймд гэрээ хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан, иргэний хувьд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй гэх хариуцагч ХХХийн тайлбар үндэслэлгүй болжээ. Түүнчлэн “ХХХХ” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг /хх 98 дугаар тал/-т тус компанид захирлаар ажилладаг ХХХХ-ийн цалинг 169 684 ширхэг тоосгоор тооцож өгсөн гэх тодорхойлолтоос үзвэл худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон тоосго нь ХХХХ-ийн өмчлөлд байсан гэж үзэх тул тэрээр уг эд хөрөнгийг бусдад худалдах эрхтэй байжээ.

Иймд ХХХХ нь 169 984 ширхэг тоосгыг ХХХийн өмчлөлд шилжүүлэн өгсөн тул ХХХ нь тоосгоны үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 25 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг төлөх талаар талуудын тохиролцон гэрээ байгуулсан байх тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги төлөх үүрэг хариуцагч ХХХХ-т үүсчээ.

Алдангийн тооцоо 26 790 000 төгрөг гарч байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 25 400 000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн алдангид 12 700 000 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ.

Гэрээний 2-т зааснаар худалдан авагч хуваарьт хугацаагаар тохирсон төлбөрийг төлөөгүй тохиолдолд тухай сард төлөх ёстой гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар худалдагч талд алданги төлөхөөр тохиролцсныг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэл хугацаагаар тооцвол /2015.11.29-ний өдөр төлөх 5 400 000 төгрөгийн алданги 5 400 000*0.5%*270 хоног=7 290 000 төгрөг, 2015.12.29-ний өдөр төлөх 5 000 000 төгрөгийн алданги 5 000 000*0.5%*240 хоног=6 000 000 төгрөг, 2015.01.29-ний өдөр төлөх 5 000 000 төгрөгийн алданги 5 000 000*0.5%*210 хоног=5 250 000 төгрөг, 2016.02.28-ны өдөр төлөх 5 000 000 төгрөгийн алданги 5 000 000*0.5%*180=4 500 000 төгрөг, 2016.03.29-ний өдөр төлөх 5 000 000 төгрөгийн алданги 5 000 000*0.5%*150 хоног=3 750 000 төгрөг/ нийт 26 790 000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь үндсэн үүрэгт хариуцагчаас 25 410 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагчийн хүлээх үндсэн үүргийг талууд 25 400 000 төгрөг гэж тодорхойлсон тул уг үнийн дүнгээр үндсэн үүргийг шүүх тодорхойлж, уг үүрэгт ногдох алданги 12 700 000 төгрөгийг нэмж нийт 38 100 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 15 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

Хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч ХХХ гаргахдаа үндэслэлээ хэлцлийг дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хийсэн гэж тайлбарласан боловч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдохгүй байна.  

Хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал тогтоогдохгүй байхад хэлцэл хийгч талуудын хүсэл зориг байгаагүй гэх үндэслэлийг зааж анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн хариуцагч ХХХ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа дарамт шахалтын дор хэлцэлд гарын үсэг зурсан, хэлцэл хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн, тоосго худалдаж авсан этгээд гадаадад гарсан гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06705 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХээс 38 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч ХХХХ-д холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч ХХХийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХээс улсын тэмдэгтийн хураамжид 348 525 төгрөг, хариуцагч ХХХээс улсын тэмдэгтийн хураамжид 285 000 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХээс улсын тэмдэгтийн хураамжид 348 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХХХХ-д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 525 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА