Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01113

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01113

 

 

 

Т.С - ХХК, Д.Ж-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00621 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.С - ХХК, Д.Ж нарын хариуцагч Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.С - ХХК, Д.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаартай шийдвэрийн дагуу Т.С - ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 343 471 880.66 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад  А.Б ХХК нь барьцааны хөрөнгүүдийг 1 405 894 062 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээ нь Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээнээс 1 сарын зайтай гарсан боловч 641 000 000 төгрөгийн зөрүүтэй гарсан. Түүнчлэн А.Б ХХК-аас ирүүлсэн хөрөнгийн үнэлгээг талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний үнэтэй харьцуулбал зах зээлийн үнээс хэт доогуур байна.

Иймд барьцаа хөрөнгүүдийг нийт 1 405 894 062 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шийдвэрээр Т.С - ХХК-аас 1 380 497 189 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Т.С - ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Итгэлт эстимэйт ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээний саналаа ирүүлсэн. Төлбөр авагч тал Итгэлт эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээнээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байр, 40 тоот, 47 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 99 461 900 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрч маргаагүй, бусад хөрөнгөнд шинжээч томилох хүсэлт ирүүлж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/29 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний А.Б ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1 405 894 062 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч Д.Ж д хөрөнгийн үнэлгээний 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/16711, 3/16712 дугаартай мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд ямар тайлантай харьцуулж үнэлгээг гаргасан нь тодорхой харагддаггүй. Мөн талууд гэрээ байгуулснаас хойш 9 жил өнгөрсөн учир эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханш өөрчлөгдсөн бөгөөд гэрээ байгуулагдах үед хийсэн үнэлгээг харьцуулж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. А.Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С - ХХК, Д.Ж нарын төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.С - ХХК, Д.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц давж заалдах гомдолдоо: Хариуцагч талын үндэслэж буй А.Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр барьцаа хөрөнгүүдийг 1 405 894 062 төгрөг, нэхэмжлэгч талын үндэслэж буй Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр нийт хөрөнгүүдийг 2 016 206 900 төгрөгөөр тус тус үнэлсэн. А.Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь хөрөнгийг илтэд үнэгүйдүүлж үнэлсэн байсан тул уг нөхцөл байдлыг тодорхой болгохоор нэхэмжлэгч талаас шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, улмаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Хөрөнгийн үнэлгээний байгууллага нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3-д заасан зарчмыг баримтлан хууль болон олон улсын үнэлгээний стандартад нийцүүлэн үнэлгээ хийдэг. Гэтэл шүүхээс Итгэлт эстимэйт ХХК-ийн нотлох баримтаар үнэлээгүй, А.Б ХХК-ийн үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Т.С - ХХК, Д.Ж нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүйн улмаас шинжээчээр А.Б ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үйл баримтад маргаагүй, харин шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

Хариуцагч талаас шинжээч А.Б ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг гарган өгчээ. /хх134-149/ Уг баримтаас үзвэл шинжээч нь тайланг 1/31 гэж дугаарласан байх боловч 15/31 гэсэн дугаартай хуудаснаас хойшхи баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Уг нотлох баримт нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан арга, аргачлалын дагуу хийсэн эсэхэд дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00621 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.С - ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч Д.Ж аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД