Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01059

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01059

 

 

В.Ц -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00854 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Ц ийн хариуцагч Д.Б д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах, Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбай бүхий газар, мөн тоот хаягт байрлах Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг тус тус хариуцагч, Д.Б ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

2005 онд нөхөр Г.Баттөмөртэй танилцаж, 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бид гэр бүл болсныг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн. Г.Баттөмөр 2012 онд хашаа, хувийн сууцаа харуулахаар хариуцагч Д.Б ыг суулгасан. Нөхөр Г.Баттөмөр нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас барсан юм. Ингээд би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Г.Баттөмөрийн хууль ёсны өвлөгчөөр бүртгэгдэж, дээрх газар, хувийн сууцны өмчлөгч болсон. Д.Б нь төрсөн эх Д.Мягмаржавын өмчлөлд байгаа газар, хашаа хувийн сууцыг 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өвлөж авахаас татгалзсан. Нэхэмжлэгч Д.Б нь удаа дараа хашаа, хувийн сууцыг чөлөөлөхийг шаардсан боловч одоог хүртэл амьдарсаар байна. Иймд дээрх хөрөнгөнүүдийг Д.Б ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42 гудамж 33 тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт 1991 оноос хойш тасралтгүй 29 жил амьдарч байна. Нэхэмжлэгч нь тус хашаа, хувийн сууцанд нэг ч удаа амьдарч байгаагүй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01115 дугаар шийдвэрээр Д.Мягмаржав Г.Баттөмөр нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгосон болно.

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Г.Баттөмөрийн бие гэнэт муудаад ухаан орохгүй 12 хоног болж нас барсан. Хэрэв өөрийнх нь нэр дээр байсан хөрөнгийг В.Ц эд үлдээсэн гэж байгаа бол энэ талаарх баримтаа гаргаж өгөх ёстой. Г.Баттөмөр бие нь муудахдаа хойно байгаа хашаа, хувийн сууц нь Д.Б ынх гэж хэлж байсан. Үүнийг гэрчлэх хүмүүс болон нотлох баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б ын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Ц эд олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: Д.Б нь маргаан бүхий газар, хувийн сууцанд 1991 оноос хойш тасралтгүй 29 жил амьдарч байгаа болох нь нэхэмжлэл, тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Би энэ хашаа, хувийн сууцанд 1991 оноос хойш одоо болтол амьдарч байгаа. В.Ц энэ хувийн сууцанд ирж байгаагүй бараг мэдэх ч үгүй байх. Энэ газар, хувийн сууцыг хэзээч түрээслүүлж байгаагүй. В.Ц гуай өөр бодолтой байгаа байх, харин Ц.Хишигжаргал өмгөөлөгч н.Отгонбаяр нар 2019 оны 3 дугаар сард манай гэрт ирж гэр бүл үр хүүхдүүдийг минь айлган хашаа байшинг суллахыг шаардсан. Бид 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/01115 дугаар шийдвэрээр Д.Мягмаржав, Г.Баттөмөр нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгосон.

Үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Учир нь бодит байдал дээр 33 тоот хашаа байхгүй, 34 тоот хашаатай холилдсон байгаа. Д.Б нь хууль бус эзэмшигч биш тул хуулийг буруу хэрэглэсэн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн. Гэрч асуулгах, үзлэг хийлгэх зэрэг ажиллагааг хийгээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч В.Ц нь хариуцагч Д.Б д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар, хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын маргааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 18 хороо, Бэлхийн 42 дугаар гудамжны 33 тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг В.Ц нь нөхөр Г.Баттөмөрөөс өвлөн авч хууль ёсны өмчлөгч болсон үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон байна. Хариуцагч Д.Б уг эд хөрөнгүүдийг 1991 оноос эхлэн эзэмшиж байгаа, миний эхийн өмч байсан, ... төөрөгдсөний улмаас өвөөсөө татгалзсан, хойд эцэг Г.Баттөмөр нас барахдаа хашаа, хувийн сууцыг надад үлдээнэ гэж хэлж байсан гэж тайлбарлан, маргажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч В.Ц ийг бүртгэсэн бүртгэл буруу ташаа гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн маргаж буй 33 тоот хаягт байрлах газар, хувийн сууцны анхны өмчлөгч нь хариуцагч Д.Б ын эх Д.Мягмаржав байсан, тэрээр нас барснаас нь хойш хууль ёсны өвлөгч Д.Б , н.Лхагвасүрэн, н.Хосбаяр нар өв хүлээн авахаас татгалзан өвийг хойд эцэг Г.Баттөмөрт өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийн 35-36 дахь талд авагдсан өв хүлээн авахаас татгалзах тухай бичгийн баримтаар нотлогджээ.

Дээрхээс дүгнэхэд хэдийгээр хариуцагч Д.Б нь маргаан бүхий газар, хувийн сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж байсан боловч хууль ёсны өмчлөгч нэхэмжлэгч В.Ц ийн шаардсанаар эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандан түүний эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардаж буй нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх 33, 34 тоот газар холилдсон байхад үзлэг хийлгэх, гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хүлээн аваагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэжээ.

Шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан дэг дарааллын дагуу явагддаг. Хариуцагч тал хуульд заасан журмын дагуу гэрчээс мэдүүлэг авахуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээ гаргаагүй байх тул хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн хэргийн баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 25 дугаар хорооны Засаг дарга хариуцагч Д.Б гэр бүлийн хамт Бэлхийн 42 дугаар гудамжны 34 тоотод бүртгэлтэй гэж тодорхойлсон хэдий ч маргаж буй 33 тоот хаягт байрлах хувийн сууцанд хариуцагч Д.Б амьдарч байгаа, хувийн сууцны ар талын хашааг сунгаж 34 тоот болгосон, уг газарт байшин барих боломжгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /хх-21, 67-68/ Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00854 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД