Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01057

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01057

 

 

 

" Х" банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00874 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч " Х" банк ХХК-ийн хариуцагч О.Э , О.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 24 858 050 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , хариуцагч, хариуцагч О.Э- ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3Г/15/11 дугаар зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 17 000 000 төгрөгийг, жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар хариуцагч нарт зээлдүүлэх, уг зээлийн гэрээний барьцаанд иргэн О.Халиунаас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр О.Э од олгосон итгэмжлэлийн дагуу О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалсан.

Зээлдэгч нар нь хуваарийн дагуу үндсэн зээлээс 7 538 956.57 төгрөг, хүүгийн төлбөрт 3 615 590.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 789.57 төгрөг, нийт 11 158 337.02 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй хуваарьт хугацааг 1 504 хоногоор хэтрүүлсэн.

Зээлдэгч нараас үндсэн зээлд 9 461 043.43 төгрөг, зээлийн хүүнд 13 095 569.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 301 437.19 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 24 864049.79 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газрыг худалдан борлуулж хангуулж өгөх талаар шаардлага гаргасан боловч уг нэхэмжлэлээс О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь О.Халиунаас О.Э од олгосон ганц итгэмжлэлд зөвхөн газрыг барьцаалах эрх олгосон байх тул хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах боломжгүй юм байна гэжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дах хэсэгт заасныг тус тус баримтлан О.Э , О.Э нараас 23 003 505.87 төгрөгийг гаргуулж " Х" банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 860 543.92 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан " Х" банк ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 470.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 272 967.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгээс 1 860 543.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэмэгдүүлсэн хүүг тооцоолоход 2 301 437.19 төгрөгийн дүн гарсан. Зээлийн бүртгэлийн картыг хэвлэх явцад алдаа гарч 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцсон хүү 5 241.28 төгрөг, үүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 1 474 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс бүртгэлийн картны хэвлэлтийн алдаанаас болж 1 747 хоногийг 144 хоног гэж, мөн торгуулийн үлдэгдэл 6 028.27 гэж бичигдсэнээс тооцоолол зөрж харагдсан болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.4, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч О.Э , О.Э нар нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн О.Халиун нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн газрыг барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 3 жилийн хугацаагаар О.Э од олгосон. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт заасныг үндэслэн " Х" банк ХХК нь О.Халиуны өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. О.Халиунаас олгосон итгэмжлэлээр хариуцагч О.Э нь 3 жилийн хугацаанд буюу хүчин төгөлдөр байх үед бусадтай гэрээ байгуулах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, барьцааны гэрээ байгуулагдсанаар тухайн итгэмжлэлийн дагуу үүрэг гүйцэтгүүлэгч талд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан барьцаалагчийн эрх үүссэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч " Х" банк ХХК-ийн хариуцагч О.Э , О.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 858 050 төрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, нийт 30 858 050 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн аваад хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу гардуулан өгчээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхээс тогтоосон хугацаанд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч " Х" банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаж, үндэслэлээ бүртгэлийн картны хэвлэлтийн алдаанаас болж хоног болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл буруу бичигдсэнээс тооцоолол зөрж харагдсан байхад нэмэгдүүлсэн хүүг шүүх буруу тооцсон, барьцааны гэрээгээр барьцааны эрх үүссэн учир үүргийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд зээлийн бүртгэлийн карт буюу зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /хх-26/ Анхан шатны шүүх уг бичгийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч нараас нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс 440 893.27 төгрөгийг хангаж, үлдэх 1 860 543.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч " Х" банк ХХК нь барьцааны гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоотод байрлах 54 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 531 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаарджээ. Шүүх хуралдааны үеэр хувийн сууцаар үүргийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн үл хөдлөх хөрөнгө болох газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Учир нь хариуцагч О.Э иргэн О.Халиунаас олгосон итгэмжлэлийг үндэслэн, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17 гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар, 54 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, " Х" банктай 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр барьцааны гэрээ байгуулахдаа О.Халиуныг төлөөлж бус өөрийн нэрээр гэрээнд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээгээр нотлогдсон байна. /хх17-18/

Анхан шатны шүүх дээрх баримтыг үнэлээд " Х" банк ХХК, О.Халиун нарын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, мөн өмчлөгч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00874 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 114 919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ч.ЦЭНД