Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00874

 

 

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:О.Э,

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,   

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,858,050 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд,  нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн О.Э, Б.Б нар нь Хны Дамба тооцооны төвөөс 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3Г/15/11 тоот зээлийн гэрээгээр 17,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд иргэн О.Халиунаас 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О.Эод олгосон итгэмжлэлийн дагуу О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644316197838 дугаартай, 531 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалсан.

Зээлдэгчид нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/15/11 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 7,538,956.57 төгрөг, хүүгийн төлбөрт 3,615,590.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,789.57 төгрөг, нийт 11,158,337.02 төгрөгийг тус тус төлсөн байна.

Зээлдэгчдээc хавсралт 1 дэх “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1, 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан үүргээ биелүүлэхийг шаардаж, зээлдэгчидтэй удаа дараа уулзах, зээлийн төлбөрийг төлөх мэдэгдэл өгөх, төлөхгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөлгүй хуваарьт хугацааг 1504 хоногоор хэтрүүлсэн.

 

Иймд банк 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/15/11 тоот барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, 2.4.3.1, 2.4.3.2, 2.4.4, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7, 5.1.10, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалт болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч О.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний төлбөрт 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9,461,043.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,095,569.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,301,437.19 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг буюу нийт 24,864,049.79 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн БГ/15/11 тоот барьцааны гэрээнд дурдсан иргэн О.Халиунаас 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О.Эод олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалуулсан О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644316197838 дугаартай, 531 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Харин анх гаргасан нэхэмжлэлээс О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь, О.Халиунаас О.Эод олгосон ганц итгэмжлэлд зөвхөн газрыг барьцаалах эрх олгосон байх тул хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах боломжгүй юм байна гэв.

 

Хариуцагч нар бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч О.Э, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийт 24,864,049.79 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг О.Халиуны өмчлөлийн хувийн сууц болон газрыг худалдан борлуулах замаар хангуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болно.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч О.Эод 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, хариуцагч Б.Баас О.Эод олгосон итгэмжлэлд үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Б.Бын төлөөлөгч О.Эод тус тус гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдрүүдэд тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болох талаар хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эод 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуралдаанд ирээгүй байна.

 

Хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч нар нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, тус шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх нэхэмжлэгч нь О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийн заримыг хангаж шийдвэрлэв.

 

1.Зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

“Х” ХХК болон О.Э, Б.Б нарын хооронд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/15/11 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Х” ХХК нь өрхийн хэрэглээний зориулалтаар 17,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28,8%-ийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч О.Э, Б.Б нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны хооронд сар бүр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Зээлийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т тус тус заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Хэргийн баримтаар зээлдүүлэгч “Х” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 17,000,000 төгрөгийг хариуцагч О.Эын 5016469741 тоот дансаар шилжүүлэн олгосон болох нь нотлогджээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч О.Э, Б.Б нар 2020 оны 1 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 7,538,956.57 төгрөг, зээлийн хүүд 3,615,590.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,789.57 төгрөг буюу нийт 11,158,337.02 төгрөгийг хуваарь зөрчин буцаан төлсөн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1 “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.”, 222 дугаар зүйлийн 222.1.1 “Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.”, 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч нар зээл, түүнийг хүүг тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр буцаан төлөх үүргээ зөрчсөн буюу зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь зээлийг хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 9,461,043.43 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 13,095,569.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,301,437.19 төгрөгийн хамт хариуцагч нараас шаардсан.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 495,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 499,800 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 499,800 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 499,800 төгрөг буюу нийт 1,994,400 төгрөг төлсөн нь бүгд үндсэн зээлийн төлбөрөөс хасагдсан бөгөөд одоо зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 9,461,043.43 төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Зээлийн хүүгийн хувьд 2019.04.29-ний байдлаарх хуримтлагдсан хүү 10,921,244.11 төгрөг байсны дээр үндсэн зээлийн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2019.06.11-ний өдрийг хүртэл 44 хоногийн хүү 380,522.57 /(10,960,443.43х28,8%):365х44/ төгрөг, 2019.07.29-ний өдрийг хүртэлх 49 хоногийн хүү 404,440 /(10,460,643.43х28,8%):365х49/ төгрөг, 2019.09.06-ныг хүртэлх 40 хоногийн хүү 314,380.59 /(9,960,843.43х28,8%):365х40/ төгрөг, 2020.01.28-ныг хүртэлх 144 хоногийн хүү 1,074,981.90 /(9,461,043.43х28,8%):365х144/ төгрөг нэмэгдээд нийт 13,095,569.17 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь мөн тогтоогдсон.

 

Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд 2019.04.29-ний байдлаарх хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 6,028.27 төгрөг байсны дээр үндсэн зээлийн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2019.06.11-ний өдрийг хүртэл 44 хоногийн нэмэгдүүлсэн хүү 76,104.5 /380,522.57х20%/ төгрөг, 2019.07.29-ний өдрийг хүртэлх 49 хоногийн нэмэгдүүлсэн хүү 80,888 /404,440х20%/ төгрөг, 2019.09.06-ныг хүртэлх 40 хоногийн нэмэгдүүлсэн хүү 62,876.1 /314,380.59х20%/ төгрөг, 2020.01.28-ныг хүртэлх 144 хоногийн нэмэгдүүлсэн хүү 214,996.4 /1,074,981.90х20%/ төгрөг нэмэгдээд нийт 440,893.27 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцогдож байна.

 

Нэхэмжлэлээр шаардсан зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү үгүй, харин нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь дээрх тооцооллоос 1,860,543.92 төгрөгөөр зөрж байх бөгөөд энэхүү зөрүү ямар учраас гарсан нь хэргийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тодорхойлогдсонгүй.

 

Иймд шүүх нэмэгдүүлсэн хүүгийн зөрүү болох 1,860,543.92 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас үндсэн зээл 9,461,043.43 төгрөг, зээлийн хүү 13,095,569.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 440,893.27 төгрөг буюу нийт 22,997,505.87 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс гарсан нотариатаар нотлох баримтыг хуулбарлуулсны төлбөрт 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 6,000 төгрөг /мөнгөний 353 тоот баримтаар тогтоогдсон/-ийн зардал нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцагч нарын буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй зардал мөн тул шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож, хариуцагч нараас 6,000 төгрөгийг мөн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

2.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд:

 

“Х” ХХК болон О.Э, Б.Б нар нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр БГ/15/11 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, 

- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай хувийн сууц,

-эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг барьцаалсан байна. 

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан тул шүүх барьцааны гэрээний энэ хөрөнгөнд холбогдох хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

Харин үлдэх хөрөнгө болох 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий өмчлөлийн газраар “Х” ХХК-ийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийнэ.

 

 

Өмчлөгч О.Халиунаас 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн газрыг барьцаанд бариулах, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 3 жилийн хугацаагаар О.Эод олгосон итгэмжлэлд үндэслэн түүний өмчлөлийн газрыг “Х” болон О.Э, Б.Б нарын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалжээ.

 

Энэ гэрээнд О.Э, Б.Б нар нь О.Халиуныг төлөөлж оролцоогүй, харин барьцаалуулагчийн хувиар өөрсдийгөө төлөөлөн оролцсон байна.

 

О.Халиун нь барьцааны гэрээг төлөөлөн байгуулах эрхийг дээрх итгэмжлэлээр О.Эод олгосон байх тул итгэмжлэлийн үндсэн дээр хийж байгаа хэлцлээс үүсэх эрх, үүрэг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гагцхүү төлөөлүүлэгчид бий болох хууль зүйн үр дагавартай.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ.”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй.” гэж тус тус зааснаас үзвэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан барьцааны гэрээнд заавал тусгах “барьцааны гэрээний талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар” гэх шаардлагад О.Э, Б.Б нар бус харин О.Халиуныг тодорхойлсон байхыг ойлгох бөгөөд энэ шаардлагыг хангасан тохиолдолд “Х” ХХК-д барьцааны эрх үүсэх хууль зүйн үндэслэл болно.

 

Барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т дахь зохицуулалт нь барьцаалуулагчийн хувьд үүрэг гүйцэтгэгч бус гуравдагч этгээд байж болох Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан зохицуулалтад хамаарах ойлголт тул бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд барьцааны гэрээнд өмчлөгчийг барьцаалуулагчийн хувиар заавал оролцуулсан байхыг хуулиар шаардсан гэж үзэхээс аргагүй.

 

Энэ үүднээсээ “Х” ХХК-д О.Халиуны өмчлөлийн хөрөнгөнд барьцааны эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй буюу тэдгээрийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нөгөөтээгүүр, “Х” ХХК нь дээрх шаардлагыг хариуцагч О.Э, Б.Б нарт холбогдуулан гаргасан байх ба өмчлөгч О.Халиуныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй.

 

Анхдагч шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь хоёрдогч шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах учиртай.

 

Хэдийгээр хоёрдогч шаардлага нь анхдагч буюу үндсэн шаардлагаас салшгүй орших боловч энэ нь хоёрдогч шаардлагыг үндсэн шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

 

Маргаан бүхий тохиолдолд анхдагч буюу үндсэн шаардлага зээлийн гэрээнээс үүсэх бол хоёрдогч шаардлага нь барьцааны гэрээнээс үүсэх барьцааны шаардлага байна.

 

Үндсэн шаардлагаас салшгүй орших барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай тул өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр “Х” ХХК-ийн гаргасан шаардлагаар О.Халиуны өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан О.Э, Б.Б нараас 23,003,505.87 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,860,543.92 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Х” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,470.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 272,967.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА