Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00355

 

 

2022 03 24 001/ХТ2022/00355

 

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00874 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1057 дугаар магадлалтай,

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.Энхболд, О.Энхжаргал нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 24,858,050 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч О.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч О.Энхболд, О.Энхжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,858,050 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00874 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан О.Энхболд, О.Энхжаргал нараас 23,003,505.87 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгож, Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,860,543.92 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Хаан банк ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,470.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 272,967.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1057 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00874 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх, хянавал хэсэгт ... Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд 2019.04.29-ний байдлаар хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 6,028.27 төгрөг байсны дээр үндсэн зээлийн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2019.06.11-ний өдрийг хүртэл 44 хоногийн нэмэгдүүлсэн хүү 76,104.5 /380,522.57*20%/ төгрөг, 2019.07.29-ний өдрийг хүртэлх 49 хоногийн нэмэгдүүлсэн хүү 80,888 /404,440*20%/ төгрөг, 2019.09.06-ныг хүртэлх 40 хоногийн нэмэгдүүлсэн хүү 62,876.1 /314,380.59*20%/ төгрөг, 2020.01.28-ныг хүртэлх 144 хоногийн нэмэгдүүлсэн хүү 214,996.4 /1,074,981.90*20%/ төгрөг нэмэгдээд нийт 440,893.27 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцогдож байна. Нэхэмжлэлээр шаардсан зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү үгүй, харин нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь дээрх тооцооллоос 1,860,543.92 төгрөгөөр зөрж байх бөгөөд энэхүү зөрүү ямар учраас гарсан нь хэргийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тодорхойлогдсонгүй. Иймд шүүх нэмэгдүүлсэн хүүгийн зөрүү болох 1,860,543.92 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас үндсэн зээл 9,461,043.43 төгрөг, зээлийн хүү 13,095,569.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 440,893.27 төгрөг, нийт 22,997,505.87 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэмэгдүүлсэн хүүгийн дүн болох 2,301,437.19 төгрөг нь одоо мөрдөгдөж байгаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалын хавсралт: Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д заасан томьёоны дагуу Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-т заасан тухайн сард төлөх төлбөрийн хожимдуулсан дүнгээс бодогдож гарсан дүн бөгөөд Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд байгаа зээлийн бүртгэлийн картан дээрээс 2016.02.15-ны байдлаар хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 6,028.27 төгрөг, түүнээс хойш 2019.04.29-ний байдлаар 1170 хоногийн нэмэгдүүлсэн хүүг мөн шүүгчийн бодсон тооцоолол дээр нэмж тооцох ёстой болох нь харагдаж байхад энэхүү алдаатай бодолтыг нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж буруу дүгнэсэн. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна... Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1,-д Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор ч хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч О.Энхболд, О.Энхжаргал нар нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд: ... өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр Хаан банк ХХК-ийн гаргасан шаардлагаар О.Халиуны өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Дээрх үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. мөн хуулийн 75 дугаар зүйлийн 175.5-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэсэн заалтуудыг үндэслэн Хаан банк ХХК нь О.Халиуны өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Барьцааны гэрээ байгуулах үед барьцааны зүйлийн өмчлөгч О.Халиунаас хариуцагч О.Энхболдод олгосон итгэмжлэлд барьцааны үүрэгт хамаарах эрхүүдийг шилжүүлсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулахыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчаас шаардаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, О.Халиунаас олгосон итгэмжлэлээр хариуцагч О.Энхболд нь 3 жилийн хугацаанд буюу хүчин төгөлдөр байх үед бусадтай гэрээ байгуулах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, барьцааны гэрээ байгуулагдсанаар тухайн итгэмжлэлийн дагуу үүрэг гүйцэтгүүлэгч талд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1-д заасан барьцаалагчийн эрх үүссэн. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 181/ШШ2020/00874 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 1057 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

6. Хаан банк ХХК нь хариуцагч О.Энхболд, О.Энхжаргал нараас зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийт 24,864,049.79 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг О.Халиуны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамж, 414 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах газрыг худалдан борлуулах замаар хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзжээ.

Харин хариуцагч О.Энхболд, О.Энхжаргал нар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч О.Энхболд, О.Энхжаргал нараас 23,003,505.87 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,860,543.92 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Хаан банк ХХК нь О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

8. Зохигч 2015.02.16-ны өдөр ЗГ/15/11 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Хаан банк ХХК нь өрхийн хэрэглээний зориулалтаар 17,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28,8%-ийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч О.Энхболд, О.Энхжаргал нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг 2015.02.16-ны өдрөөс 2017.02.16-ны хооронд сар бүр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. Мөн 2015.02.16-ны өдөр БГ/15/11 тоот Барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018215 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203004999 дугаарт О.Халиуны өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 414 тоот хаягт байрлах 531 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг барьцаалжээ.

Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч О.Энхболд, О.Энхжаргал нар 2020.01.28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 7,538,956.57 төгрөг, зээлийн хүүд 3,615,590.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,789.57 төгрөг нийт 11,158,337.02 төгрөгийг хуваарь зөрчин буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэмэгдүүлсэн хүүгийн дүн болох 2,301,437.19 төгрөг нь одоо мөрдөгдөж байгаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалын хавсралт: Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д заасан томьёоны дагуу Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-т заасан тухайн сард төлөх төлбөрийн хожимдуулсан дүнгээс бодогдож гарсан дүн..., шүүх буруу дүгнэсэн, ...О.Халиунаас олгосон итгэмжлэлээр хариуцагч О.Энхболд нь 3 жилийн хугацаанд буюу хүчин төгөлдөр байх үед бусадтай гэрээ байгуулах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, барьцааны гэрээ байгуулагдсанаар тухайн итгэмжлэлийн дагуу үүрэг гүйцэтгүүлэгч талд барьцаалагчийн эрх үүссэн... гэжээ.

10. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, зээлийн тооцооллыг зөв тооцон Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.6-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 440,893.27 төгрөгөөр тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

11. Шүүх Хаан банк ХХК, О.Халиун нарын хооронд барьцааны гэрээний харилцаа үүсээгүй, өмчлөгч этгээд болох О.Халиуныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулаагүй тул нэхэмжлэлээс гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн зарим хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. 

12. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00874 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1057 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 114,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН