Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 179

 

“ФМ” ХХК-ийн гомдолтой,

НОБГ-ын ГТХ-ын УБ-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        М.Батсуурь,

                                                    Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч Х.Анхбаярыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан НОБГ-ын ГТХ-ын УБ Х.Анхбаярын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч НОБГ-ын ГТХ-ын УБ Х.Анхбаяр нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан гомдол гаргагч “ФМ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, НОБГ-ын ГТХ-ын УБ-ийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг 2 болгон “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “ФМ” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч улсын байцаагч Х.Анхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Х.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шүүх магадлалдаа “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “ФМ” ХХК-ийн засварын газар нь А.Хоролсүрэнгийн автомашинд засвар үйлчилгээ хийхдээ 60 ваттын хүчин чадалтай гэрэл суурилуулах ёстой байхад 100 ваттын гэрэл суурилуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин хариуцагчаас гал түймэр гарсан шалтгааныг автомашинд хийсэн дээрх засвар үйлчилгээтэй холбогдуулан гомдол гаргагч “ФМ” ХХК-ийг буруутгахдаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т заасан “ажилтан, алба хаагчийг гап түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулжээ” гэжээ.

4. Эрх бүхий албан тушаалтан Х.Анхбаяр би зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг ажиллагааны явцад тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан. Мөн хохирогч А.Хоролсүрэн нь мэдүүлэхдээ “буруутай этгээдээр хохирлоо барагдуулмаар байна” гэж мэдүүлсэн байдаг. Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэсний дагуу хохирлыг тогтоолгосон.

5. Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон Хуулийн заалтыг хэрэглэнэ” гэснийг зөрчсөн магадлал байна гэж үзэхээр байна.

6. Учир нь нэхэмжлэгч “ФМ” ХХК-ийн захирал Ц.Энхбаатар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан эрхээ эдлээгүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, холбогдох баримт бичиг байхгүй гэх мэтээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэх хууль зөрчсөн үндэслэл байсаар байтал шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Эрх бүхий албан тушаалтан маргаан бүхий үйлдэгдсэн захиргааны актыг “Формула” ХХК-д шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан 58 хоногийн хугацаандаа оногдуулсан, мөн холбогдох хуулийн этгээдийн лавлагааг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах хугацаа байхгүй байсан. Нэхэмжлэгч “ФМ” ХХК нь эрх бүхий албан тушаалтны дуудсанаар ирж мэдүүлэг өгөхдөө “Формула” гэж хуулийн этгээдийн нэрийг санаатай худал мэдүүлсэн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн оноосон нэрийг “ФМ” ХХК гэж гаргасан байдаг.

7. Эрх бүхий албан тушаалтан процессын алдаа гаргах үндэслэл нь дээр дурдагдсан худал мэдүүлгийн нөлөөллөөс үүссэн гэж үзэж байна. Үйлдэгдсэн захиргааны актыг эрх бүхий албан тушаалтан өөрчлөх эрх байхгүй бөгөөд зөвхөн шүүх өөрчлөх эрхтэй. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хоорондоо зөрчилдсөн шийдвэр гаргасан нь энэхүү магадлал хуулийн үндэслэлгүй гарсан гол үндэслэл болж байна. Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуульд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан зүйл заалт байхгүй, түүнчлэн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулсан.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэсний дагуу алдаатай гарсан шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр өөрчилж шийдвэрлэсэн нь гал түймэр гарсан шалтгаан нөхцөл тогтоогдсон байхад үгүйсгэж байгаатай адил шийдвэр гарсан байна. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж тодруулах ёстой байгаа зүйлүүдийг тодруулан шүүгчийн захирамж гарган шинэ акт гаргуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

9. Иймд, магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс захиргааны актын хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарласан байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

11. Гомдол гаргагч “ФМ” ХХК нь Нийслэлийн Онцгой байдлын Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “үйлчлүүлэгчийн машинд засвар үйлчилгээ хийхдээ галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн” гэж үзэн, 1,000,000 төгрөгийн торгууль, 4,069,000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон байна.

12. Улсын байцаагчаас “тохирохгүй гэрлийн шил суурилуулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаагүй, хайхрамжгүй хандсан” гэж, гомдол гаргагчаас “машины гэрэл сольсноос гал түймэр гарах шинжлэх ухааны үндэслэл байхгүй, манай компанийн үйл ажиллагаатай холбоогүй, машины цахилгааны утас гэмтэлтэй байснаас гал гарсан” гэж тус тус маргажээ.

13. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд гомдол гаргагч хуулийн этгээд нь галын аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

14. Иргэн А.Хоролсүрэн нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “ФМ” ХХК-иар 4200 УНВ дугаартай машины гэрлийн шилийг солиулсан, уг машинд 60w хүчин чадалтай гэрэл суурилуулах стандарттай атал 100w гэрэл суулгасан нь гомдол гаргагч хуулийн этгээдийн буруу бөгөөд анхан шатны шүүхийн “засвар үйлчилгээ үзүүлж байгаа этгээд нь ямар хүчин чадалтай гэрэл суурилуулахыг мэдэх үүрэгтэй” тухай дүгнэлт зөв болжээ.

15. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 335/30 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Гал түймэрт А.Хоролсүрэнгийн 42-00 УНВ улсын дугаартай, Тоёотой рав-4 маркын автомашины хөдөлгүүрийн хэсэг, копуд, керлан, купер, гэрэл дохио зэрэг шатсан байна. Хэргийн газрын үзлэг, хэргийн талаар бүрдүүлсэн материал зэргээс үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсч гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн автомашины гэрэл 60w байх ёстой байхад 100w хүчин чадалтай гэрэл автомашинд суурилуулснаас болж гал түймэр гарах магадлалтай. Учир нь цахилгаан гүйдэл дамжуулах утсанд халалт үүсч, бүрээс хайлснаас утас масс үүсэх боломжтой” гэж дүгнэжээ.

16. Гомдол гаргагч хуулийн этгээд нь энэхүү шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, Зөрчлийн тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5-д зааснаар гомдол гаргаагүй, шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр болсон байх тул давж заалдах шатны шүүхийн “шинжээчийн дүгнэлт зөрүүтэй” тухай дүгнэлт хэрэгт ач холбогдолгүй, маргааны үйл баримтад нөлөөлөхгүй юм.

17. Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон, шийтгэлийн хуудас нь Зөрчлийн хуулийг хэрэглэж үйлдэгдсэн байхад “Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т заасан үүргээ биелүүлээгүй, ажилтнаа сургаж, мэдлэгийг нь дээшлүүлээгүйтэй холбоотой гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

18. Харин улсын байцаагч нь шийтгэлийн хуудас үйлдэхдээ зөрчил гаргасан хуулийн этгээдийг зөв тогтоогоогүй, “Формула” ХХК гэх татан буугдсан хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн байх тул анхан шатны шүүхээс маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдсэн нь зөв болжээ. Учир нь улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу шалгасан үйл баримтыг шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, шийтгэлийн хуудас үйлдэх эрх бүхий албан тушаалтны чиг үүрэгт хамаарах асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй.

19. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдааг засаж, дэмжиж туслах нь шүүхийн үзэл санаанд нийцэхгүй” гэх тайлбарын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар, шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл актын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах эрхтэй, үүнийг захиргааны байгууллагад дэмжиж тусалсан гэж үзэхгүй.

20. Хариуцагчаас “хэргийг дахин хэлэлцүүлэх” тухай гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх хуралдаанд гомдлын шаардлагыг өөрчилж, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой талаар тайлбарласан, нөгөө талаар хариуцагчийн “зөрчил оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу дахин шийтгэлийн хуудас үйлдэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

21. Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                    ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ