Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 231

 

Р.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Р.Г-д холбогдох 1812000010238 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй,

урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан З овогт Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.Г-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д өмнөх тогтоолоор оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялын болон энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-с 10,000,000 төгрөг гаргуулан хохирогч Т.З-д олгож, түүний нэхэмжлэлээс 6,444,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Г гаргасан гомдолдоо “Би Т.З-с 20 сая төгрөгийг 3 удаагийн гэрээгээр зээлж авсан бөгөөд түүнд 20 сая төгрөг өгөх нь үнэн. Би Т.З-г залилж худлаа хэлж 20 сая төгрөг зээлж аваагүй. Дархан аймагт нүүрсний уурхай ажиллуулах гэж байгаа, ажил хөөцөлдөж байгаа л гэж хэлж мөнгө авсан. Харин нүүрсээ зараад эхэлсэн гэх зэрэг зүйл Т.З-д огт яриагүй. Би тухай уурхайг ажиллуулах талаар 2 найзтайгаа хамтарч хөөцөлдөж, Т.Зандансүрэнгээс зээлсэн мөнгө төгрөгнөөсөө үйл ажиллагааны бэлтгэл ажилд нь өөрөөсөө мөнгө зарцуулж байсан нь үнэн. Энэ талаар гэрч н.З анхан шатны шүүх хурал дээр маш тодорхой ярьсан. Би Т.З-д зээлсэн мөнөө өгч чадахгүй хохироосон нь үнэн. Өөрийнхөө бурууг хүлээж байгаа. Миний хөөцөлдсөн ажил бүтээгүй. Мөн миний эдийн засгийн байдал доройтсон учраас өнөөдрийг хүртэл мөнгөө өгч чадаагүй байгаа нь үнэн. Би Т.З-тэй шүүх хурлын 5 хоногийн завсарлагааны хугацаанд уулзаж тохиролцох талаар хэд хэдэн удаа уулзаж байсан. Гэвч хүү авна, нийт 30 сая төгрөгийг төлүүлнэ, энэ мөнгийг манай эхнэр зээлсэн байдлаар гэрээ хийнэ, эхнэрээр баталгаа бичүүлнэ гэх мэтээр ярьж, 30 сая төгрөгийг төлнө гэсэн гэрээг хүртэл наториатаар батлуулсан. Т.З-с 20 сая төгрөг зээлсэн үеэс анхан шатны шүүх хурал хүртэл түүнд мөнгө өгөх боломжгүй, мөнгөгүй байсан учраас л шүүх хурал хүртэл явсан. Т.З-д хохирол өгөх, хэдий хугацаанд яаж өгөх талаараа тохиролцож чадаагүй. Гэтэл яг шүүх хурал эхлэх үед 10 сая төгрөг авсан гээд хэлчихье гэж Т.З өөрөө надад хэлсэн. Үүнийг нь би өмгөөлөгчдөө шүүх хурлын цаг тулсан байсан учраас утсаар хэлж, өмгөөлөгч үлдсэн 10 сая төгрөгийг нь төлөх хуваарь бичиж хурал дээр авч ирж би гарын үсэг зурж шүүхэд өгсөн юм. Түүнээс би Т.З-д 10 сая төгрөг өгөөгүй. Гэхдээ шүүх хурлаас гарч ирэхэд түүний дансанд нь 10 сая төгрөг хийнэ гэж огт яриагүй. Энэ талаар Т.З өөрөө худлаа ярьж байна. Ер нь энэ хэрэг дээр Т.З миний яриагүй зүйлийг ярьсан болгож, өөрийг нь илтэд залилсан болгож худлаа юм их ярьсан. Гэвч би Т.З-с авсан мөнгөө өгч чадаагүй түүнийг хохироож байгаа нь үнэн учраас гэм буруугийн тал дээр маргаан үүсгээгүй. Энэ талаар давж заалдаагүй. Т.З-д миний зүгээс өгөх ёстой 20 сая төгрөгийг надаас гаргуулж шийдэхэд татгалзах зүйл байхгүй. Би Т.З өөрөө шүүхэд 10 сая төгрөгийг нь авсан гэж хэлье гэхээр нь л түүнд өгсөн гэж хэлсэн болохоос Т.З-н гомдол дээр бичсэн шиг зүйл огт болоогүй. Хохирогч хүн хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой гэтэл миний буруудаж байгааг ашиглаж намайг илтэд гүтгэж байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх надад ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх 10 сая төгрөгийг төлсөн гэж дүгнэж ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн байна гэж анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалтыг зөв хэрэглэж гэм буруугийн хэлбэрт тохируулан нотлох баримтыг шүүх дотоод итгэлээрээ үнэлэн шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, шийтгэх тогтоолыг зөвтгөх боломжтой байхад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хохирол төлбөр төлөөгүй байгаа нь ял шийтгэл хүндрүүлэн үзэх нөхцөл болохгүйг анхаарч үзээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн мөртлөө хөнгөн ял оногдуулсан байна. Мөн хохирол төлснийг нотлох шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй байхад төлсөн мэтээр шийдвэрт тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг төлсөн талаар баримтыг хэрэгт хавсарсаргаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэгтгэхдээ ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Р.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Г-н 10,000,000 төгрөгийг хохирогч Т.З-д хохирлын төлбөрт шилжүүлсэн гэх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзсэн боловч хэзээ төлсөн, ямар хэлбэрээр төлсөн эсэхийг шалгаж тодруулахгүйгээр энэ шийдвэрийг гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байх нь чухал юм.

 

Шүүх дээрх журмын дагуу олж авагдсан, бэхжигдсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрийнхээ үндэслэл болгодог.

 

Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн 10,000,000 төгрөг авсан гэх мэдүүлгийг холбогдох нотлох баримтуудад харьцуулан дүн шинжилгээ хийж, нягтлан шалгалгүйгээр шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх шалтгаан болно гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Г нь “анхан шатны шүүх нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэн шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

 

Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй ба шаардлага хангаагүй, үнэмшил төрүүлэхээргүй мэдээлэл, мэдүүлэгт тулгуурлан хийсэн дүгнэлтэд “дотоод итгэл”-ийн ойлголт хамаарахгүй болно.

 

Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Г-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                                         ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН