| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2019/02456/И |
| Дугаар | 210/МА2020/01004 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2020/01004
| 2020 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2020/01004 |
Ц.М -гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00508 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.М-гийн хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яаманд холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 896 605 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , М.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Долгорсүрэн оролцов.
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам /цаашид БСШУСЯ гэх/ сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/203 тоот тушаалаар ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл БСШУСЯ сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй. Надад хуульд нийцээгүй, ямар нэгэн ноцтой зөрчил, дутагдал гаргасан асуудал огт байхгүй бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газраас манай сургуулийн 2017, 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргаж зөвлөмж хүргүүлсэн. 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ холбогдох хууль, шинээр гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж А буюу маш сайн гэсэн үнэлгээгээр, мөн Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтээр хөрөнгө, санхүүгийн талаар ямар нэгэн зөрчилгүй 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дүгнэгдсэн болно. Мөн намайг ноцтой зөрчил гаргасан гэдгээ БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шалгалт хийсэн тэмдэглэлд үндэслэсэн бөгөөд уг шалгалт нь хууль бусаар явагдсан.
Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу намайг удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан гэж үндэслэсэн. Би сахилгын зөрчил удаа дараа гаргаж байгаагүй бөгөөд хэзээ хаана ямар зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй юм. Иймд уг хууль бус шалгалтын тэмдэглэлийг үндэслэж, намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж үзэх нь өөрөө хууль бус, үндэслэлгүй байгаа тул БСШУСЯ-ны сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
БСШУСЯ-ны сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.М намайг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин нийт 5 896 605 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногт багтаан хийсэн бөгөөд шалгалтын тэмдэглэлд тус сургуулийн захирал Ц.М , нягтлан С.Баярцэцэг гарын үсэг зурсан. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн 2017-2018 он, 2019 оны эхний санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөгөөт дотоод аудит хийхэд дараах зөрчил илэрсэн. Үүнд биеийн тамирын заалны орлогыг хураан авч мөнгөн кассын тайлан гаргасан боловч төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй, төгсөх ангийн сурагчдаас үлдээмж нэртэй хандив, тусламж авч бүртгэлд тусгаагүй зарцуулсан, анхан шатны зарим баримтын бүрдэл дутуу, худалдан авалт хийхдээ үнийн судалдаа хийгээгүй, гэрээгээр гүйцэтгүүлсэн ажилд тавих хяналтыг сулруулсан байсан.
Нэхэмжлэгч ажилдаа томилогдох юм бол багш нарыг ажилд авахдаа мөнгө авч, нууц тушаал гаргах болно. Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд, Сангийн сайдын журмуудыг тайландаа тусгаагүй. Тайланд тусгалгүй мөнгө гаргасан нь ашиг сонирхол байсан. Нийт 60 000 000-70 000 000 төгрөгийн асуудал яригдана. 20 000 000 төгрөгийг өөрийнхөө хувийн компанид ашигласан байгаа. Энэ талаар Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. Удирдах чадвар муу, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулсан учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Иймд Ц.М гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М г Нийслэлийн Ерөнхий Боловсролын 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10 954 024/арван сая есөн зуун тавин дөрвөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М д олгож, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яаманд олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.М гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 190 214 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М давж заалдах гомдолдоо: БСШУСЯ-ны сайдын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/330 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн 2017-2018 он, 2019 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөгөөт дотоод аудит хийхэд төгсөх ангийн сурагчдаас сургуульд Үлдээмжийн мөнгө гэж хураасан, түүнийгээ сургуулийн дансанд төвлөрүүлээгүй, биеийн тамирын заалны орлогыг сургуулийн дансанд төвлөрүүлээгүй, бараа материал худалдан авахдаа худалдан авах ажиллагааны хууль, зарчмыг баримтлаагүй, үнийн судалгаа хийгээгүй, ажил гүйцэтгүүлсэн гэрээ, гэрээний биелэлт, үр дүнг тооцсон, хүлээн авсан актгүй мөнгө шилжүүлсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн болно.
Ц.М нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны сайдын баталсан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/330 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон. Үүнийг шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1, 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж баталгаажуулсан.
Тус иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр Авлигатай тэмцэх газраас Ц.М д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 ийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тоггоол, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал зэргийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд үүссэн зөрчилтэй нь холбогдуулан Ц.М г авлигын хэргээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам /цаашид БСШУСЯ гэх/-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 896 605 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтад хэн аль нь маргаагүй. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 дугаартай тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасныг тус тус баримтлан, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирал Ц.М г эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /1хх-59, 4хх32-35/ Уг тушаалд заасан зөрчил тогтоогдсон эсэх, тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх нь зохигчдын маргааны зүйл болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заажээ. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцон гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгаж, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байхаас гадна зөрчил нь тогтоогдсон байхыг шаарддаг.
Хэргийн баримтаас үзэхэд БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн 2017-2018 он, 2019 оны эхний 5 сарын санхүү, аж ахуйн ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийж, тус сургуулийн биеийн тамирын заалны орлогыг хураан авч мөнгөн кассын тайлан гаргасан боловч төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй, төгсөх ангийн сурагчдаас үлдээмж нэртэй хандив, тусламж авч данс бүртгэлд тусгаагүй зарцуулсан, анхан шатны зарим баримтын бүрдэл дутуу, худалдан авалт хийхдээ үнийн судалгаа хийгээгүй, гэрээгээр гүйцэтгүүлсэн ажилд тавих хяналтыг сулруулсан зөрчлийг илрүүлэн тэмдэглэл үйлджээ. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирал Ц.М нь БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шалгалтын тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан байна. /1хх193-207/ БСШУСЯ-ны Дотоод аудитын хороо нь дээрх шалгалтын тэмдэглэлийг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 дугаар тогтоол гарган тус сургуулийн удирдлагад дотоод аудитаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцохыг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгожээ./1хх192/
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгч Ц.М г хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь зөв байна. /1хх-193-207, 4хх32-35/ Харин ажил олгогч буюу хариуцагч байгууллагыг сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа хуульд заасан хугацаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан, хэрэглэжээ.
Учир нь Ц.М гийн буруутай үйлдлийг БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. /1хх-193-207/ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой боловч нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан болох нь хариуцагч БСШУСЯ-ны сайдын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/378 дугаар тушаал, хавсралт зэрэг баримтаар тогтоогджээ. /2хх11-15/ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.М г дээрх хугацаанд ажил, үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн, уг шалтгаан арилж ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/37 дугаар тушаал гарган нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Харин Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1902005800287 дугаар тогтоолд нэхэмжлэгч Ц.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.М гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00508 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яаманд холбогдуулан гаргасан, Б/37 дугаартай тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 896 605 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.М гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЦЭНД