Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2020/00021

 

 

Б.Нацагнямын нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 142/ШШ2019/01446 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Нацагнямын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,

Үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Нацагням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 1989 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт тасралтгүй 30 жил ажиллаж байна. Тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн албанд агуулахын эрхлэгчээр 2011 оноос ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-нд манай албаны хүний нөөцийн менежер Д.Энхцэцэг, дарга С.Мөнхтэгш нар өнөө орой болох Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн концерт үзэх, энэ арга хэмжээнд очихгүй бол Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнд тооцно гэдгийг анхааруулсан. Манай албанаас надаас гадна 19 хүн нийтдээ 20 хүн арга хэмжээ, концертыг үзэхээр нэр гаргасан байсан. Ингээд би өгсөн үүргийн дагуу концерт үзээд 19.40 цагийн үед Уурхайчин Соёлын ордноос гараад Баян-Өндөр сумын Оюут баг, 2 дугаар бичил хороолллын 2-р байр 48 тоотод байх гэртээ харихаар Хангарьд спорт ордны өмнөх явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад аваарт орсон. Энэ аваарын улмаас миний бие хүндэвтэр гэмтэл авч 2018 оны 11 дүгээр сарын 06-наас 2019 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл хөдөлмөрийн чадвараа түр алдсаны акттай байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 19-нд ажилдаа орсон. Намайг дайрсан жолооч Г.Бямбажав Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 38 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, ял хариуцлага хүлээсэн. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт энэ талаар өргөдөл гаргасан ба дарга Б.Жигдэнгомбо 2018 оны 12 дугаар сарын 20-нд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Эрдэнэт үйлдвэрээс 2018 оны 12 дугаар сарын 11-нд миний өртсөн ослын талаар БФ-107-12/1936 тоотоор Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэл хүргүүлсэн байдаг ба тус газраас 2018 оны 12 дугаар сарын 27-нд 14/514 тоотоор мөн л "Үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг юм. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтан Б.Нацагням намайг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 18.00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.5-д заасан Үйлдвэрлэлийн осол мөн болохыг, уг ослын улмаас Б.Нацагням миний бие тухайн үед хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б.Нацагнямын нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох Үйлдвэрлэлийн осол тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан зэргийг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг өгч байна. Тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны ажилтан Б.Нацагням нь зам тээврийн осолд өртөн гэмтэл авсан тул үйлдвэрлэлийн ослын актыг тогтоолгох тухай өргөдлийг гаргаж байсан ба тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газарт хандаж тухайн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус газрын даргын 2018.12.17-ны өдрийн №14/514 албан тоотоор Засгийн газрын 2015 оны 269 душаар тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаад автозамын осолд өртөж гэмтсэн талаар зүйл заалт байдаггүй тул үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн болно. Иймд иргэн Б.Нацагнямын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий захирлын А/907 тушаалаар арга хэмжээ зохион байгуулагдах тухай тушаал гарсан байдаг. Нийгмийн асуудал хариуцсан орлогч н.Дэлгэрбаярын арга хэмжээнд оролцуулах тухай хувиар гарсан. Б.Нацагнямын хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох, оролцох ёсгүй талаар маргаагүй. Тэр хүн бол арга хэмжээнд очсон. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор батлагдсан үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэмд 4 үндсэн чиглэлээр үйлдвэрлэлийн ослоор бүртгэнэ гэсэн заалт байгаа. Арга хэмжээнд оролцоод буцах үедээ гээд байгаа нь энэ 4 үндсэн чиглэлд хамаарахгүй учраас үйлдвэрлэлийн ослоор бүртгэх боломжгүй гэсэн хариу өгүүлсэн. Мөн Мэргэжлийн хяналтын албанд хандаж тухайн нөхцөл байдал нь тусгайлан заасан осолд ороогүй байна гэсэн албан тоот өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Нацагням нь арга хэмжээнд оролцож байгаад зам тээврийн осолд орсон гэж байгаа. Тухайн байгууллагын комисс нь хуралдсан. Манайх бас судалж үзсэн. Иргэн Б.Нацагням нь манайд бас хандсан байгаа. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д зааснаар үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн бол тооцно гэж байгаа. 2015 оны Засгийн газрын 269 дугаар тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд ажилдаа ирэх, буцах замд гэж заасан байдаг. Гэр нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-2-48 тоотод байдаг. Гэрээсээ аль газар луу явж автобусанд сууж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ очдог юм. Тэр маршрутын дагуу явах ёстой. Буцахдаа тэр маршрутын дагуу харих ёстой. Тэгээд ямар нэгэн хуулийн үндэслэл заалт байхгүй байгаа тул үйлдвэрлэлийн ослоор тооцох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 142/ШШ2019/01446 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нацагнямын нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох Уурхайчин соёлын ордонд Эрдэнэт Үйлдвэр ХХК-с 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1800 цагт зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа авто тээврийн осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нацагнямын хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нацагнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хууль зүйн факт буюу осол болсон нөхцөл байдалд холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын үүднээс зөв дүгнэлт хийж чадаагүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон. Б.Нацагнямын осолд өртсөн нөхцөл байдал, түүний эрх зүйн зохицуулалтад хэт явцуу байдлаар дүгнэлт өгсөн. Ажил олгогч, Мэргэжлийн хяналтын байгууллага Б.Нацагнямыг олон нийтийн арга хэмжээнд оролцоод харьж явах замдаа осолд орсон. Энэ талаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-д /Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолын хавсралт/ заагаагүй тул Үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэсэн хариу /Хэргийн 24-25, 98-101 дэх тал/ өгсөн байдаг. Энэ хэргийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа дээр дурдсан тухайн үед үйлдвэр болон, Мэргэжлийн хяналтын байгууллагын хариуг үндэслэлтэй гэж үзэж байгааг дурдсан байдаг. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд зааж үүрэгжүүлсэн арга хэмжээнд тухайн үед удирдлагаас нэр зааж томилсны дагуу ажил олгогчийн обьект буюу "Уурхайчин" соёлын ордонд оролцож тараад харьж явахдаа авто осолд орсон нь "Үйлдвэрлэлийн осол"-д тооцогдоно гэж мэтгэлцсэн. Б.Нацагнямын осолд орсон нөхцөл байдал буюу Монгол-Оросын найрамдлын сарын ажлын үеэр зохиогдсон арга хэмжээ нь Ерөнхий захирлын тушаал, Нийгмийн асуудал хариуцсан захирлын баталсан хувиар, Цехийн хурлын шийдвэрээр оролцсон, үйлдвэрийн объектоос гэртээ харих замын машрутын дагуу явж байгаад осолд орсон болох дээр хариуцагч маргадаггүй.

Б.Нацагнямын оролцсон арга хэмжээнд тэрээр заавал оролцох буюу хөдөлмөрийн харилцааны хүрээнд байгаад шүүх үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй. Хэргийн 102-113 дахь талд авагдсан ажил олгогчийн Хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар зүйлийн 5.2.13-т Ажилтны үүргийг заахдаа "Ажил олгогчоос зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох" гэж, наймдугаар зүйлийн 8.8.13-т "Компани болон бүтцийн нэгжид мөрдөж буй дүрэм, журам, заавар зөрчсөн" бол сахилгын шийтгэл оногдуулахаар журамласан байна. Ажилтан Б.Нацагнямтай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 19-ний 03/23 тоот Хөдөлмөрийн хугацаагүй гэрээний 3.1.2, 3.1.3, 3.4.3 дахь заалтад мөн ажилтны үүрэг болгож Хөдөлмөрийн дотоод журам зөрчвөл сахилгын шийтгэл хүлээлгэхээр заажээ. Энэ Хөдөлмөрийн гэрээ Б.Нацагнямд хуулбар байдлаар байсан тул ажил олгогчоос гаргуулахаар хүсэлт гаргасан ба шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний 03709 тоот захирамжийн 6 дахь заалтаар хангасан боловч ажил олгогч гаргаж өгөөгүй, эсхүл гаргаж өгөх боломжгүй тухай тайлбарлаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Ажил олгогч нь ХАБЭАТ хуулийн 29.2-т заасан үүргээ биелүүлж энэ ослыг судлан бүртгээгүй болох нь хууль зөрчсөний дээр одоо хүртэл асуудал шийдэгдэхгүй байх үндэслэл болсон, энэ хэрэг ИХШХТ хуулийн Арван гуравдугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх байсан зэргийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дүгаар сарын 04-ний 01446 тоот шийдвэрт Б.Нацагнямын 2018 оны 11 дүгээр сарын 06-нд өртсөн осол нь "Үйлдвэрлэлийн осол" мөн болохыг тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Нацагням нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан Үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нацагнямын нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох Уурхайчин соёлын ордонд Эрдэнэт Үйлдвэр ХХК-с 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18:00 цагт зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа авто тээврийн осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Нацагням нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д зааснаар осол гэмтэл гарсан эсэхийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх байжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 03 дугаартай албан бичгийг ...дүгнэлт... гэж үзэн Б.Нацагнямын хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 142/ШШ2019/01446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР