Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/MA2018/0316

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0316

Улаанбаатар хот

 

 

 

 

“П” ХХК болон “Ж б” ХХК нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2018/0023 дугаар шийдвэртэй, “П” ХХК болон “Ж б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2018/0023 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Ж б” ХХК, “П” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б давж заалдах гомдолдоо:“ ... 2010 оны 07-р сарын 13-ны өдөр Өлгий сумын Засаг даргын 143  дугаар захирамжаар “Ж б” ХХК болон “П” ХХК-д 100, 100 га газар эзэмшүүлжээ.

Гэтэл уг газрыг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр Өлгий сумын засаг даргын 195 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

Хүчингүй болгосон захирамжийг шат шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан. “Ж б” ХХК нь эзэмшил газрын 14392 м2, газрыг тариалалт хийх зориулалтаар хагалсан, эзэмшил газартаа усны худаг гаргасан, манаачийн байр барьсан 8328 м2 талбайтай газарт мод тарих зориулалтаар нийт 530 нүх ухсан “П” ХХК нь эзэмшил газрынхаа 8417 м2 талбайг тариалалт хийх зориулалтаар хагалсан эзэмшил газартаа гүний усны худаг гаргасан 4549 м2 талбайтай газарт мод тарих зориулалтаар нийт 488 нүх ухсан гэх зэрэг тайлбар гаргаж тухай үед бүх шатны шүүхээс шийдвэр гаргуулсан байна.

Өөрөөр хэлбэл 2014 оноос хойш дахин 2,6 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр 2017 онд Өлгий сумын Засаг даргын 104 захирамжаар хүчингүй болгосон боловч аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2010-2014 хооронд хийсэн ажлыг хоёр дахь удаа ашиглан шүүхийн шийдвэр гаргуулж байна. 2014 оноос хийсэн ажил байхгүй болохыг шүүх үнэлээгүй.

Эзэмшүүлсэн газраас зөвхөн “Ж б” ХХК нь 1,4 га,”П” ХХК нь 0,8 га ашигласан гэж тооцвол бусад үлдсэн газруудыг тус тус ашиглаагүй байна. Нөгөө талаар аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж суурьшлын бүсээс ойжуулах зориулалтаар газар олгосныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн шалгалтаар тогтоож уг газруудыг хүчингүй болгож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баримтлан ажиллах талаар албан шаардлага хүргүүлээд байна.

Иймд дээрх ашигласан гэх газраас бусдыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хяналаа.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч компаниудад анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 143 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт тус бүрт 100 га газрыг ойжуулалт хийх зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Гэтэл хариуцагчаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр дээрх газар эзэмшүүлсэн 143 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нар эс зөвшөөрч шүүхэд “195 дугаар захирамжийн тус тус өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 тогтоолоор нэхэмжлэгч “П” ХХК-ийн, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоолоор “Ж б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Үүний дараагаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн 143 дугаар захирамжийг дахин хүчингүй болгож, нэхэмжлэгч нар уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийг сэргээсэн байна.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжаар газраас зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б давж заалдах гомдолдоо “... 104 дүгээр захирамжаар 2017 онд хүчингүй болгосон боловч аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2010-2014 оны хооронд хийсэн ажлыг 2 дахь удаагаа ашиглан шүүхийн шийдвэр гаргуулж байна. 2014 оноос хойш хийсэн ажил байхгүй болохыг шүүх үнэлээгүй” гэжээ.

Нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах тодорхой ажлууд хийж байсан нь хэрэгт цугларсан 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ж б” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, гэрч Шинжлэх ухааны академийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Мырзабекийн шүүхэд өгсөн “... 2015 онд албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан ... “Ж б” ХХК нь өөрсдөө газрынхаа тодорхой хэсэгт чацарганы үр цацсан байсан. Тэрийг нь очиж үзэхэд мэргэжлийн бус, түүнээс болж үр нь ургаагүй байсан. Бид хамтран ажиллах гэрээний хүрээнд 2016 онд манай компани оролцож “Ж б” ХХК болон “П” ХХК-ийн газрыг хагалсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул хариуцагчийн дээрх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2018/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ