Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 997

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Н.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, түүний өмгөөлөгч Ж.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, түүний өмгөөлөгч Ж.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.******* нь Байгаль орчны сайдын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 414 дүгээр тушаалаар мөн өдрөөс Говийн бага дархан цаазат тусгай хамгаалалттай газрын захиргааны даргын албан тушаалд томилогдон 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 10 жил тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. 

Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, жил жилийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан чиг үүргээ сайн биелүүлж ирсэн ба холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмуудыг мөрдлөг болгон ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн. Ийм ч учраас олон сайд, дарга нар солигдоход албан тушаалдаа хэвээр үлдэн ажиллаж ирсэн. Энэ нь миний ажлын үр дүн, Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч шударга байдлын илрэл гэж үзэж байна. 

Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын бичиг хэргийн н.Бадамжав, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Т*******, шинээр томилогдон ирж буй Н.Б******* нар ирж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг танилцуулан, миний ажлыг шууд тулган хүлээлцсэн. Энэ тухай өмнө нь надад огт мэдэгдээгүй ба ажил хүлээлцэх ажлын хэсэг томилогдсон тушаал шийдвэргүй хүлээлцсэн Н.Б******* нь миний ажиллаж байсан албан тушаал буюу Говийн бага дархан цаазат газрын захиргааны даргын албан тушаалд томилогдон ирэхдээ даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчээр томилогдон байсан нь хууль бус томилгоо байсныг үгүйсгэхгүй. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хагас бүтэн жил, мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд тогтмол хийгддэг байсан ба 2014 онд шийдэгдсэн асуудлыг 2016 оны 05 дугаар сард гарган ирж Н.******* нь намайг албан тушаалаас халах шалтгаан үндэслэл болгосон нь шударга бус, ажлаас үндэслэлгүй халсан гэж миний бие үзэж байгаа юм. 

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Байгаль хамгаалагчийн нэг загварын байр”-ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Ч.Б*******ийн гэр бүлийн хэрэгцээний хувийн өмчлөлийн газар дээр бариулан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан тус хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Н.*******ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалаар ажлаас халсан. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших”-ыг хориглодог бөгөөд уг заалтыг зөрчвөл тус хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ажлаас халах арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай. 

Энэхүү хууль бус үйлдлийг 2016 оны эхээр тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар мэдсэн бөгөөд зөрчилд хуульд заасан хариуцлага тооцно гэдгийг нэхэмжлэгч Н.*******од мэдэгдэж, ажлаас халсан. Н.******* нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч ажлаа хүлээлгэн өгсөн. Дээрх “Байгаль хамгаалагчийн нэг загварын байр”-ыг барих санхүүгийн эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/15 дугаар тушаалаар тус хамгаалалтын захиргаанд шилжүүлснээр хамгаалалтын захиргаа өөрсдөө сонгон шалгаруулалт зарлаж байраа барьсан байдаг. 2014 оны Говийн бага дархан цаазат тусгай хамгаалалтын захиргааны үндсэн хөрөнгийн тайлангийн барилга байгууламжийн хэсэгт 24,800,000 төгрөгийн барилга байгууламж бүртгэгдсэн байх бөгөөд ямар газар дээр барьсан нь тусгагдаагүй байна. 

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******ээс нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах ” гэж тодруулж тодорхойлсон болно. 

Н.******* нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны  дагуу тус зөвлөлөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 618 дугаар албан бичгээр  хариу өгсөн байна. Тус шүүх Н.*******ын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг 2016 он 7 дугаар сарын 08-ны өдрийн 5416 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан байх бөгөөд дахин 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.  

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалаар  Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга (цаашид Хамгаалалтын захиргаа гэх) Н.*******ыг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс дуусгавар болгон төрийн албанаас халжээ.

Хариуцагчаас “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.******* нь Хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагчийн нэг загварын байрыг иргэн Ч.Б*******ийн өмчлөлийн газар дээр бариулж Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан” гэснийг зөрчсөн тул ажлаас халсан“ хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын задаргаа батлах, эрх шилжүүлэх тухай” А-15 дугаар тушаалын  4 дүгээр хавсралтаар Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагчийн нэг загварын байр (Өмнөговь аймаг, Ханбогд сум)-ыг барих эрхийг орон нутгийн төсвийн шууд захирагчид шилжүүлсэн байна. 

Дээрх тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Бага булагийн ******* тоот хаягт байрших, нэгж талбарын ******* дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай иргэн Ч.Б*******ийн өмчлөлийн газар дээр 24,800,000 төгрөгийн өртөг бүхий Байгаль хамгаалагчийн нэг загварын байр баригдсан байна. 

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар “Байгаль хамгаалагчийн нэг загварын байрыг иргэн Ч.Б*******ийн өмчлөлийн газар дээр бариулан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашиглан” гэсэн үндэслэлээр Хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Н.*******од сахилгын шийтгэл ногдуулж, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс дуусгавар болгон төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.З, 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудтай нийцээгүй, нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн шийдвэр болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.З-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.

1. Хамгаалалтын захиргааны дарга, албан хаагчид 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хуралдан 25,000,000 төгрөгийн өртөг бүхий Байгаль хамгаалагчийн нэг загварын байрыг хаана, хэнд барих тухай хэлэлцэн, Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ч.Б*******эд барьж өгөхөөр санал нэгтэй шийдвэрлэж, уг Байгаль хамгаалагчийн нэг загварын байрыг Ч.Б*******ийн өмчлөлийн газар дээр барьсан болох нь Хамгаалалтын захиргааны албан хаагчдын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл , газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дугаар гэрчилгээ , гэрч Ч.Б******* , гэрч Ц.Т*******  нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-15 дугаар тушаалаар эрх олгогдсоны дагуу 24,800,000 төгрөгийн өртөг бүхий Байгаль хамгаалагчийн нэг загварын байрыг барьж дуусган, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсноор үндсэн хөрөнгөд бүртгэн авсан болох нь Хамгаалалтын захиргааны тухайн жилийн санхүүгийн тайлангийн Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл , Үндсэн хөрөнгийн тайлан  зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд Хамгаалалтын захиргааны үндсэн хөрөнгийн тайланд бүртгэлтэй, Ханбогд сумын төв Бага булагийн ******* тоот хаягт байрших, Байгаль хамгаалагчийн нэг загварын байранд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ч.Б******* /одоо Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/ амьдран сууж, ажил үүргээ гүйцэтгэж байсан байхад Хамгаалалтын захиргааны дарга Н.*******ыг албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан гэж шууд буруутгах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.******* нь төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглах болон санаатайгаар завших гэсэн санаа зорилго, үйлдэл гаргаагүй байхад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны Б/29 дүгээр тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан нь бодит байдалд нийцээгүйн дээр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмууд хөндөгдсөн гэж шүүх үзлээ.  

Харин Хамгаалалтын захиргааны дарга Н.******* нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн хөрөнгийг зөв оновчтой зохион байгуулах, хэрэгцээ шаардлагатай, зорилтот газарт нь уг байрыг бариулах талаар хариуцлагагүй хандсан, мөн уг байрыг барих газрын асуудлаар тухайн орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх хэмжээтэй байсан атлаа зохих арга хэмжээг авч ажиллаагүй буруутай байх ба энэ нь ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.   

2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заажээ.

Гэтэл хариуцагч нь төсвийн шууд захирагчид дээрх үндэслэлээр хариуцлага тооцохдоо гаргасан зөрчлийн шинж байдал, шалтгаан нөхцөлийг харгалзан үзээгүй, Н.*******оос тайлбар авах зэргээр уг зөрчлийг дээрх хууль болон журамд заасны дагуу шалган тогтоолгүй сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан болох нь гэрч Ц.Т*******ын  “...зөрчлийг шалгаж тогтоосон зүйл байхгүй, Н.*******оос тайлбар аваагүй“ гэсэн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******ы шүүх хуралдаанд гаргасан  ”...н.Нямсүрэнгийн өргөдөл яаманд ирсэн, тэгээд Ч.Б*******тэй утсаар ярьж асуусан. Яам энэ асуудлаар Н.*******од хэлээгүй“ гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...төрийн албан хаагчийг ...чөлөөлөх... зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих,...-ыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болжээ. 

3. Мөн хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны  Б/29 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай нийцээгүй  байна.

Учир нь хуулийн дээрх заалт нь сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй бөгөөд хуульд заасан энэхүү 6 сарын дотор л зөрчлийг илрүүлэх, илрүүлсэн бол 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох тухай ойлголтыг зохицуулсан болно. 

Гэтэл дээрх зөрчил гарсанаас хойш уг зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, ямар нэгэн байдлаар илрээгүй байсаар 6 сарын хугацаа аль хэдийн өнгөрсөн байхад 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Н.*******од сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.

Иймд дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.З, 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгч Н.*******ын төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.*******ыг Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаа (7 сар 1 хоног)-ны цалин хөлс 7,009,655 төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэл 1,278,764 төгрөгийг суутган тооцож, үлдэх 5,730.891 (таван сая долоон зуун гучин мянга найман зуун ерэн нэг) төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид Н.*******од олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Ажилгүй байсан хугацааны олговроос зохиох татвар шимтгэлийг суутган тооцох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг болно. 

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэр тухай хуулийн  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.З, 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.*******ыг Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******ын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 5,730.891 (таван сая долоон зуун гучин мянга найман зуун ерэн нэг) төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ЦЭЦЭГМАА