Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 249

 

Ш.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Ш.Д-д холбогдох 1934008420496 дугаартай Эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Д,  түүний өмгөөлөгч Б.Борхүү, Н.Баяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ш.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Д-с 530,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Л-д олгож” шийдвэрлэсэн байна.

 

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Д-с 530,000 төгрөг гаргуулж, хохирогч Боржгон овогт Жамсрангийн Лхагвад олгосугай” гэснийг “Хохирогч Ж.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 530,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Д гаргасан гомдолдоо “...хохирогч Ж.Л-г гэмтсэн гэх нотлох баримт, шалтгаан байхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ж.Л ах бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тухайн үед Ж.Л ах намайг хэл амаар доромжлон дайрч давшлаад байхаар нь би та намайг яасан гэж ингэж доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд л явсан. Тухайн өдрийн орой нь эв зүйгээ олох зорилгоор н.Д, н.З, эхнэр н.М нарын хамт Ж.Л ахын гэрт очиход согтуугаар дахин хэл амаар намайг доромжлон “чи муу гуйлгачин, яах гэж ирсэн юм бэ” гэж хэлээд агсам тавиад намайг заамдсан. Улмаар бид хоёр хамт орон дээр унахад би түүний дээр нь унасан. Үүнээс өөр зодолдож, нүдэлдсэн зүйл байхгүй. Энэ үйлдлээс хойш 10 орчим хоногийн дараа сумын мөрдөгч намайг дуудаад Ж.Л гомдол гаргасан талаар хэлээд тайлбар, мэдүүлэг авахад нь би болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн. Тэр өдрийн өглөө нь Ж.Л ах мотоциклтой зүгээр малаа хариулаад явж байхыг надаас өөр цөөнгүй хүмүүс харсан. Анхан шатны шүүхээс нотлох баримтгүй, хохирогч нь хаана, ямар эмнэлэгт үзүүлсэн, ямар гэмтэл учруулсан талаар ямар ч тодорхойлолт, дүгнэлт байхгүй байхад надаас 530,000 төгрөгийн төлбөр гарах үндэслэлтэй гэж үзээд намайг ялласанд маш их харамсаж байна. Анхан шатны шүүхээс намайг хохирогчтой тохиролцсон гэх үндэслэлээр ял оногдуулсан. Би түүнтэй тохирсон зүйл байхгүй. Хохирогчийн талыг хэт баримтлан Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ж.Л-д ямар гэмтэл учирсан, түүнийг ямар үндэслэлээр тодорхой заагаагүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох буюу мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр мөн шүүхэд гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Ш.Д-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Тухайлбал, хохирогч Ж.Л нь анх өгсөн мэдүүлэгтээ Ш.Д-г бүлэглэж, хоолой боож 2 цаг гаруй зодсон гэдэг. Гэтэл тухайн үед байсан гэрчүүд болох н.Д, н.З нар нь Ш.Д Ж.Л-г зодоогүй гэдэг. Мөн гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.Д-н мэдүүлгээр Ж.Л согтуу байсан болох нь тогтоогддог. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Ж.Л-д “9 дүгээр хавирганы хугарал, хүзүү шилбэнд зулгаралт үүссэн” гэж дүгнэлт гарсан. Ж.Л-н өөрийнх нь мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр Ж.Л нь тухайн үед гэрээс гарч явахдаа ямар нэг гэмтлийн талаар хэлээгүй, гэмтсэн зүйл ажиглагдаагүй байдаг. Харин үйл явц болсноос хойш Э.Л нь эмчид үзүүлэх хүртэлх хугацаанд унах, мөргөх зэргээр гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

 

Мөн хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгчийг гурван жил гурван сараар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хүндрүүлэн хэрэглэж, эрх ашгийг нь зөрчсөн тул гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэргийн баримтад нотлох баримт байхгүй, гэмтсэн эд зүйлийн үнэлгээ тодорхойгүй байхад, шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн түүний хэлсэн үгийн дагуу ямар ч нотлох баримтад тулгуурлаагүй хохирол гаргахаар шийдвэр гаргаж, түүнийг нь иргэний шүүхээр нэхэмжлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь давхар хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн. 2002 оны Эрүүгийн хуулиар тэнсэн нь ялын төрөлд орж хуульчлагдсан байдаг ба өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлээс үзэхэд тэнсэн нь ялын төрөлд орохгүй байхаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл ял оногдуулах асуудал дээр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн шийдвэр гарсан. Мөн өмнө нь тэнсэж хянан харгалзах ял авсан бол 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нийцүүлж ялыг тус тусад нь эдлүүлэх боломж байхад дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хууль буруу хэрэглэсэн Энэ тохиолдолд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх нь хүний эрхийг хөндөхгүй, Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалт, зарчим, агуулгатай уялдаж, оновчтой шийдвэр болно гэж үзэж байна” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Ж.Л-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Мөн шүгдэгч Ш.Д нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаанд тэнсэж хянан харгалзсан ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Баяр, Г.Борхүү нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ш.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Д нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Онгорз” гэх газарт нутаглаж байсан иргэн Ж.Л-н гэрт очиж, түүнтэй бэлчээрлэж явсан хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Д-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Ш.Д нь согтуугаар иргэн Ж.Л-тай бэлчээрлэж явсан хонь хөөлөө гэх шалтгаанаар Ж.Л-н өмсөж явсан дээлний захаар боож, цээжний баруун хэсэгт нь өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт болон гэмт хэргийн шууд гэрч болох Б.З, Б.Д нарын мэдүүлэгт тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү нь “ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг хүндрүүлэн буцаан хэрэглэж, үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Тэнсэх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ялын төрөлд хамаарч байсан боловч 2015 оны Эрүүгийн хуульд тэнсэх нь ялын төрөлд хамаарахгүй” буюу ял оногдуулаагүй атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгч үзжээ.

 

Ш.Д нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял шийтгүүлж, тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс Ш.Д-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Түүнчлэн, тэнсэх нь 2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны Эрүүгийн хуулиудад ялын төрөлд багтахаар хуульчлаагүй боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болдог нөхцөлт Эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

 

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд хууль буцаан хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл зэргийг харьцуулан үзэхэд тус зүйл, хэсгийн хорих ялын дээд, доод хугацаа ижил байх тул Ш.Д-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль буцаан хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Борхүү, Н.Баяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Борхүү, Н.Баяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     

                                          ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР