Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

   2019          12             25                                          2020/ШЦТ/02

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогч Ж.Лхагва,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү,

Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ш Д-эд холбогдох эрүүгийн 1934008420496 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Ш Д, 1986 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг Улаан худаг гэх газар нутаглах, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 86040616 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.Д-ийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр ээжийнхээ төрсөн дүү Даваасамбуу ахын гэрт унага татаж байтал тэдний зүүн зүгт нэг хүн манай хонийг манай гэр рүү чиглүүлээд туулгадаад байхаар нь гайхаад мотоциклтой ганцаараа яваад очтол манай саахалт айлын Лхагваа гэдэг ах байсан. Тэгтэл Лхагва ахын хонь Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутаг Баргилтын энгэр гэдэг газар байдаг манай өвөлжөөний ойролцоо тэдний хонь байхаар нь би Лхагва ахад "та өөрөө манай өвөлжөөний хажуугаас хонио аваач, яагаад манай хонийг туулгадаад байгаа юм" гэтэл өөдөөс "чиний мал гэж юу байсан юм, би өөрөө малаа бэлчээх газраар бэлчээж байна." гэж хэлэхээр нь та болиорой гэж хэлчхээд хонио гэр рүүгээ чиглүүлж хөөчхөөд гэр рүү явсан. Золжаргал, Даваасамбуу хоёрын хамт Лхагва ахынд очиж эв зүйгээ олохоор 23 цагийн үед гэрт нь очсон. Гэрт нь ороход Лхагва ах ганцаараа халамцуу байсан. Ширээнийх нь хажууд 0.75 гр-тай Соёрхол архины шилэнд 2 хуруу шахам архины шавхруу байсан. Надад архи хийж өгөхөөр нь уухгүй гэтэл "чи хэзээ байхдаа архи уухаа байчихсан юм гуйлгачин минь" гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. Заамдаж байгаад баруун талынх нь орны хажуугаар хамтдаа унацгаасан тэгэхэд би Лхагваа ахын дээд талд нь гарч унахдаа хавиргыг нь хугалчихсан юм шиг байна лээ. Малын бэлчээрээ болоод муудалцсан. Би буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Цас зуд ихтэй байна. Цагаатгаж өгөөч. Хохирогчийн нэхэмжилсэн 530 000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Лхагвын өгсөн: Намайг гэртээ ганцаараа унтаж байхад машины чимээ гарч гэрийн үүдэнд машин ирж зогссон. Д гэрт орж ирж яасан их хүн матдаг хүн бэ чи гээд хашхирч гэр дотор орж ирээд хоншоорыг чинь үзнээ архи байвал хийгээд өгчих гээд ширээний доор байсан хоосон шахуу архины шавхруутай шил байхыг хараад "үүнээсээ надад хийгээд өгчих" гэж хэлэхээр нь би өөдөөс нь "архины шавхруу ууж яах гээд байгаа юм" гэтэл Золжаргал, Даваасамбуу хоёр гэрлээ асаа гэж хэлсэн. Тэгээд би гүйж гараад хажуу талын жижиг гэрээсээ орж аккумлятор гэртээ оруулж гэрлээ асаасан. Тэгтэл Д чи яасан их хүн ольдог, матдаг, хүн хөөдөг хүн бэ гээд миний дээлний захаас боож арагш ор луу дарж намайг унагаагаад миний хоолойг бооход тухайн үед би ухаан балартаж ойчсон. Зүүн талын өвдгөөрөө миний цээжний баруун хэсэгт нэг удаа хүчтэй өвдөглөхөөр нь би өвдөж байна тавиач миний хавиргыг хугалчихлаа гэтэл Д намайг заамдаж татаж босгож ирээд хоолой боогоод байхаар нь би хоёр гараараа Дийн эрхий хурууг арагш дарж хоолойгоо суллуулж тавиулсан. Тэгээд миний дотор муухай оргиод би гар утсаар яримаар байна гээд өөрийнхөө гар утсыг аваад ярих гэтэл гар утасны дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд гэрийн зүүн урд талын шүүгээнээс утас аваад нөгөө дэлгэц нь эвдэрсэн гар утасныхаа сим картыг авч зориудаар гэрийн үүдний хаалга руу дөхүүлж шидээд нөгөө Дэд сим уначихлаа гэж худал хэлж симээ авах гэж байгаа хүн болж тонгойгоод гэрээс ухас хийж гүйж гараад гэрийнхээ зүүн талаар гарч гүйгээд гэрийнхээ чанх ар талд гарч газарт хэвтэж нуугдсан. Тэгтэл нөгөө гурав гэрээс гарч ирж намайг хайж байгаад нөгөө машиндаа суугаад яваад өгсөн. Энэ үйл явдал болохоос гурав хоногийн өмнө сумын төвд Угалзат 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурал болсон тэр үед сумын иргэд багийн засаг даргад нар отрын айлыг нүүлгэе хөөе гэж ярьсан байна лээ. Тэгэхэд тэр хэд намайг матсан гэх ойлгосон болж надад өс хонзон санаж ирж байгаа болов уу. Гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчтэй эмчилгээний зардалд 350 000 төгрөг, гар утсаа 2018 онд 180 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэхдээ 150 000 төгрөгөөр бодож төлөхөөр тохиролцсон. Хохирлыг төлчихнө гомдолгүй гээд хэлчих гээд байсан болохоор би 500 000 төгрөгийн хохирлыг төлсөн гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн. Гэтэл одоо болтол миний хохирлыг төлөөгүй. Би дээрх хохирол дээрээ нэмж өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн замын зардал болох 30 000 төгрөгийг нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Б.Золжаргалын өгсөн: ...Даваасамбуугийнхаар айл хэсэж Даваасамбуу, түүний эхнэр, Бум, Д нар байсан. Тэднийд айраг ууж, дэмбээдэж, хуруудаж байгаад манай гэр лүү очихоор болж Даваасамбуу, Д, манай эхнэр бид дөрөв гарсан. Замаараа Лхагваа ахынхаар орохоор болсон. Тэдний гэрт Д түрүүлж ороод араас нь Даваасамбуу би орсон. Д Лхагваа ахад "өдөр хоёулаа хонин дээр муудалцаад эвгүй юм болсон шүү" гэхэд өөдөөс нь "чи муу юу яриад байгаа юм, би чамд хэлэлгүй яадаг юм" гээд Лхагваа ах хэлтэл Д Лхагваа ахыг заамдаж автал Лхагваа ах зөрүүлж боосон. Тэр хоёр Лхагваа ахын гэрийн зүүн талын орон дээр дээр, доороо ороод нэг нэгнийгээ боогоод байсан. Д залуу хүн гэсэндээ бяралхаад байх шиг харагдсан. Даваасамбуу бид хоёр зүүн талын орон дээр сууж байгаад Д-ийг боль гэж хэлэхэд Д өөрөө тавьсан. Тэгтэл Д гар утсаа газар унагачихлаа гээд өврөө тэмтрэхэд Лхагваа ах утас чинь хаана байна гээд эрж хайж байгаа юм шиг болж байснаа гэнэт гараад гүйгээд явчихсан. Тэгээд хаашаа явсныг мэдэхгүй орж ирэхгүй болохоор нь би хэд машиндаа суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 7-8/,

Гэрч Б.Даваасамбуугийн өгсөн: ...бид дөрөв явж байгаад замдаа Лхагваагийн гэр байхаар нь тэднийхээр ороод гаръя Лхагвын хоншоорыг шалгая гэж орсон. ...Лхагва гарч явснаа гаднаас том савтай пиво оруулж ирсэн. Тэгээд тэр пивыг оруулж ирээд уух гээд ширээн дээр тавьж байсан. Тэгтэл Д Лхагвааг чи яасан их хүн ольж, матдаг писда вэ гээд маргалдаад эхэлсэн. Тэгснээ шууд заамдалцаж яваад баруун талын орон дээр дээр доороо ороод ноцолдсон. Тэгэхээр нь би та нар больцгоо гэж хэлээд тэр хоёр больсон. Лхагваа манай малыг хойшоо бэлчээ гээд бэлчиж байсан газраас нь тууж хөөсөн гэсэн. Тэгээд тэрнээс болоод өдөр нь маргалдсан маргаанаа орой нь дахиад маргалдсан гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Г.Мядагмаагийн өгсөн: Би машин дотроо хүлээгээд сууж байсан. Надтай хамт явсан Д, Золжаргал, Даваасамбуу, манай нөхөр тэд нар ороод удалгүй Лхагва гэрээс гарч ирээд том гэрээсээ 1 том савтай пиво аваад орсон. Удалгүй Лхагваа гэрээс гараад гүйсэн. Тэгээд удалгүй нөгөө гурва гарч ирээд машиндаа орж ирээд бид явцгаасан гэх мэдүүлэг /хх 22/,

      Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №695 дугаартай дүгнэлт: “1.Ж.Лхагвын биед баруун 9-р хавирганы хугарал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 10/,

   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 45-52/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ш.Д нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Д нь согтуугаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг "Онгорз" гэх газар нутаглаж байсан иргэн Ж.Лхагвын гэрт очиж Ж.Лхагватай бэлчээрлэж явсан хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдан өдөр нь малын бэлчээр дээр маргалдаж, улмаар орой гэрт  нь очиж дээрх маргаанаа үргэлжлүүлэн маргалдаж Ж.Лхагвын өмсөж байсан дээлийн захаар боож, цээжний баруун хэсэгт нь өвдөглөсний улмаас эрүүл мэндэд нь "баруун 9-р хавирганы хугарал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 Шүүгдэгч Ш.Д-ийн өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр ээжийнхээ төрсөн дүү Даваасамбуу ахын гэрт унага татаж байтал тэдний зүүн зүгт нэг хүн манай хонийг манай гэр рүү чиглүүлээд туулгадаад байхаар нь гайхаад мотоциклтой ганцаараа яваад очтол манай саахалт айлын Лхагваа гэдэг ах байсан. Тэгтэл Лхагва ахын хонь Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутаг Баргилтын энгэр гэдэг газар байдаг манай өвөлжөөний ойролцоо тэдний хонь байхаар нь би Лхагва ахад "та өөрөө манай өвөлжөөний хажуугаас хонио аваач, яагаад манай хонийг туулгадаад байгаа юм" гэтэл өөдөөс "чиний мал гэж юу байсан юм, би өөрөө малаа бэлчээх газраар бэлчээж байна." гэж хэлэхээр нь та болиорой гэж хэлчхээд хонио гэр рүүгээ чиглүүлж хөөчхөөд гэр рүү явсан. Золжаргал, Даваасамбуу хоёрын хамт Лхагва ахынд очиж эв зүйгээ олохоор 23 цагийн үед гэрт нь очсон. ...Заамдаж байгаад баруун талынх нь орны хажуугаар хамтдаа унацгаасан. Тэгэхэд би Лхагваа ахын дээд талд нь гарч унахдаа хавиргыг нь хугалчихсан юм шиг байна лээ." гэх мэдүүлэг, хохирогч Ж.Лхагвын өгсөн: "...Д чи яасан их хүн ольдог, матдаг, хүн хөөдөг хүн бэ гээд миний дээлний захаас боож арагш ор луу дарж намайг унагаагаад миний хоолойг бооход тухайн үед би ухаан балартаж ойчсон. Зүүн талын өвдгөөрөө миний цээжний баруун хэсэгт нэг удаа хүчтэй өвдөглөхөөр нь би өвдөж байна тавиач миний хавиргыг хугалчихлаа гэтэл Д намайг заамдаж татаж босгож ирээд хоолой боогоод байхаар нь би хоёр гараараа Д-ийн эрхий хурууг арагш дарж хоолойгоо суллуулж тавиулсан." гэх мэдүүлэг, гэрч Б.Золжаргалын өгсөн: "...Д Лхагваа ахад "өдөр хоёулаа хонин дээр муудалцаад эвгүй юм болсон шүү" гэхэд өөдөөс нь "чи муу юу яриад байгаа юм, би чамд хэлэлгүй яадаг юм" гээд Лхагваа ах хэлтэл Д Лхагваа ахыг заамдаж автал Лхагваа ах зөрүүлж боосон. Тэр хоёр Лхагваа ахын гэрийн зүүн талын орон дээр дээр, доороо ороод нэг нэгнийгээ боогоод байсан." гэх мэдүүлэг /хх 7-8/, гэрч Б.Даваасамбуугийн өгсөн: "...Д Лхагвааг чи яасан их хүн ольж, матдаг писда вэ гээд маргалдаад эхэлсэн. Тэгснээ шууд заамдалцаж яваад баруун талын орон дээр дээр доороо ороод ноцолдсон. Тэгэхээр нь би та нар больцгоо гэж хэлээд тэр хоёр болисон. Лхагваа манай малыг хойшоо бэлчээ гээд бэлчиж байсан газраас нь тууж хөөсөн гэсэн. Тэгээд тэрнээс болоод өдөр нь маргалдсан маргаанаа орой нь дахиад маргалдсан." гэх мэдүүлэг /хх 20-21/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №695 дугаартай дүгнэлт /хх 10/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Д-ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Ш.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Лхагвад эрүүл мэндэд болон гар утасны дэлгэц нь хагарч эд хөрөнгөнд нь  хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн гар утасны 150 000 төгрөг, эмчилгээний зардалд 350 000 төгрөг, шүүх хуралдаанд ирсэн замын зардал гэх 30 000 төгрөг нийт 530 000 төгрөг нэхэмжилжээ.

  Дээрх хохирлын баримт хэрэгт авагдаагүй ч шүүгдэгч маргах зүйлгүй төлнө гэсэн тул үүнд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэн шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохиролд 530 000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.  

  Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 50 хоног хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгээс шүүгдэгч Ш.Д-ийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж энэ талаар талууд харилцан тохиролцсон байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс харагдаж байгаа, прокурорын торгуулийн ял оногдуулах саналыг дэмжиж, өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох саналыг дэмжихгүй санал гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Шүүгдэгч Ш.Д нь урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 41, 45-52/-аар тогтоогдсон, гэрч Д.Ш-н өгсөн: "Миний хүү бусадтай эелдэг сайхан харилцаатай. Хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй,ямар ч хүнтэй найзлаад нөхөрлөөд явдаг. Сул тал нь хааяа архи уух гээд байдаг. Өөрөөс нь хүн юм гуйвал өөрийнхөө гэсэн юуг ч хамаагүй өгчихдөг. Одоо эцэг, эхтэйгээ амьдардаг." гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Б.Золжаргалын өгсөн: "Д нь хүнтэй зодолдвол зодолдчихдог. Хүнд хар буруу санаад байдаггүй, тусархуу зантай." гэх мэдүүлэг /хх 8/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч Ш.Д нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлж, тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан байна. Шүүгдэгч тэнсэж хянан харгалзсан 3 жилийн хугацаа дуусаагүй байхдаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно." гэж заасан тул энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ш.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.   

            Шүүгдэгч Ш.Д-ийн тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад согтуугаар бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэнд болон эд хөрөнгөнд нь хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэгт дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно. Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн  хариуцлагын тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.     

Эрүүгийн 1934008420496 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б Ш Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ш.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоо зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ш.Д-эд энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-эд оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ээс 530 000 /таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сумын 5-р багт оршин суух хохирогч Боржгон Жамсрангийн Лхагва /РД:НФ68051539/-д олгосугай.

6.Эрүүгийн 1934008420496 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ