Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/13

 

 

2020 оны 02 сарын 13 өдөр                               2020/ДШМ/13                                                                Зуунмод

                                                                                         

 

Ш.Д-эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, Г.Борхүү,

Шүүгдэгч Ш.Д-,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 25-ны  өдрийн 2020/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолтой Ш.Д-эд холбогдох 1934008420496 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржгон овгийн Шуунайгийн Д-, 1986 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг “Улаан худаг” гэх газар нутаглах, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ____________,

Шүүгдэгч Ш.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Онгорз” гэх газарт иргэн Ж.Лхагваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 25-ны өдрийн ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Боржгон Шуунайгийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Шүүгдэгч Ш.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоо зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ш.Д-эд энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-эд оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ээс 530 000 /таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сумын 5-р багт оршин суух хохирогч Боржгон Жамсрангийн Лхагва /РД:НФ68051539/-д олгож,

Эрүүгийн 1934008420496 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Борхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тухай Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлж, шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу 3 жил тэнсэн харгалзах ялтай байсныг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг гурван жил гурван сараар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн зүйл заалтыг хүндрүүлэн хэрэглэж, эрх ашгийг нь зөрчсөн тул гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэргийн баримтад нотлох баримт байхгүй, гэмтсэн эд зүйлийн үнэлгээ тодорхойгүй байхад, шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн түүний хэлсэн үгийн дагуу ямар ч нотлох баримтад тулгуурлаагүй хохирол гаргахаар шийдвэр гаргаж байгаа нь шүүх аливаа шийдвэрийг хараат бусаар, нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэнэ гэх агуулгыг зөрчиж, иргэний, эвлэрлийн шинжтэй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2002 оны Эрүүгийн хуулиар тэнсэн нь ялын төрөлд орж хуульчлагдсан байдаг ба өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлээс үзэхэд тэнсэн нь ялын төрөлд орохгүй байхаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл ял оногдуулах асуудал дээр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн шийдвэр гарсан. Энэ тохиолдолд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх нь хүний эрхийг хөндөхгүй, Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалт, зарчим, агуулгатай уялдаж, оновчтой шийдвэр болно гэж үзэж байна.

Иймд гомдлыг минь хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү. Хуралд өөрийн биеэр ололцож, үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлана.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтэндээ: Д- нь согтуугаар, танхайн сэдэлтээр, санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Борхүү гаргасан саналдаа: Хохиролтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдол гаргасан. Ялыг нэмж нэгтгэхдээ хууль буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэсэн. Хуульд үйлдэл болгоныг шалга гэж байгаа. Иймд энэ бүгдийг шалгахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан саналдаа: Нотлох баримтгүй юман дээр хохирлыг төлүүлэх боломжгүй. Хохирогч Ж.Лхагва хаана гэмтсэн нь тодорхойгүй. Энэ талаар шалгаж тогтоогоогүй. Д- Лхагвааг зодсон гэж баримт хэрэгт байхгүй. Гэтэл шүүх эмнэлэгийн дүгнэлтээр өчнөөн гэмтэл тогтоогдсон. Хохирогчийн гаргасан гомдол нь гүтгэлгийн шинжтэй байсан. Хохирогч бэлчээрийн асуудлаас болж гомдол гаргасан. Энэ асуудлыг дахин шалгах шаардлагатай. Эсвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Д-эд холбогдох эрүүгийн 1934008420496 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

   Шүүгдэгч Ш.Д- нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг "Онгорз" гэх газар нутаглаж байсан иргэн Ж.Лхагвын гэрт очиж Ж.Лхагватай бэлчээрлэж явсан хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдан өдөр нь малын бэлчээр дээр маргалдаж, улмаар орой гэрт  нь очиж дээрх маргаанаа үргэлжлүүлэн маргалдаж Ж.Лхагвын өмсөж байсан дээлийн захаар боож, цээжний баруун хэсэгт нь өвдөглөсний улмаас эрүүл мэндэд нь "баруун 9-р хавирганы хугарал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

             Шүүгдэгч Ш.Д-ийн өгсөн: "2019 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр ээжийнхээ төрсөн дүү Даваасамбуу ахын гэрт унага татаж байтал тэдний зүүн зүгт нэг хүн манай хонийг манай гэр рүү чиглүүлээд туулгадаад байхаар нь гайхаад мотоциклтой ганцаараа яваад очтол манай саахалт айлын Лхагваа гэдэг ах байсан. Тэгтэл Лхагва ахын хонь Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутаг Баргилтын энгэр гэдэг газар байдаг манай өвөлжөөний ойролцоо тэдний хонь байхаар нь би Лхагва ахад "та өөрөө манай өвөлжөөний хажуугаас хонио аваач, яагаад манай хонийг туулгадаад байгаа юм" гэтэл өөдөөс "чиний мал гэж юу байсан юм, би өөрөө малаа бэлчээх газраар бэлчээж байна." гэж хэлэхээр нь та болиорой гэж хэлчихээд хонио гэр рүүгээ чиглүүлж хөөчихөөд гэр рүү явсан. Золжаргал, Даваасамбуу хоёрын хамт Лхагва ахынд очиж эв зүйгээ олохоор 23 цагийн үед гэрт нь очсон. ...Заамдаж байгаад баруун талынх нь орны хажуугаар хамтдаа унацгаасан. Тэгэхэд би Лхагваа ахын дээд талд нь гарч унахдаа хавиргыг нь хугалчихсан юм шиг байна лээ." гэх мэдүүлэг,

             хохирогч Ж.Лхагвын өгсөн: "...Д- чи яасан их хүн ольдог, матдаг, хүн хөөдөг хүн бэ гээд миний дээлний захаас боож арагш ор луу дарж намайг унагаагаад миний хоолойг бооход тухайн үед би ухаан балартаж ойчсон. Зүүн талын өвдгөөрөө миний цээжний баруун хэсэгт нэг удаа хүчтэй өвдөглөхөөр нь би өвдөж байна тавиач миний хавиргыг хугалчихлаа гэтэл Д- намайг заамдаж татаж босгож ирээд хоолой боогоод байхаар нь би хоёр гараараа Д-ийн эрхий хурууг арагш дарж хоолойгоо суллуулж тавиулсан." гэх мэдүүлэг,

             гэрч Б.Золжаргалын өгсөн: "...Д- Лхагваа ахад "өдөр хоёулаа хонин дээр муудалцаад эвгүй юм болсон шүү" гэхэд өөдөөс нь "чи муу юу яриад байгаа юм, би чамд хэлэлгүй яадаг юм" гээд Лхагваа ах хэлтэл Д- Лхагваа ахыг заамдаж автал Лхагваа ах зөрүүлж боосон. Тэр хоёр Лхагваа ахын гэрийн зүүн талын орон дээр дээр, доороо ороод нэг нэгнийгээ боогоод байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,

             гэрч Б.Даваасамбуугийн өгсөн: "...Д- Лхагвааг чи яасан их хүн ольж, матдаг писда вэ гээд маргалдаад эхэлсэн. Тэгснээ шууд заамдалцаж яваад баруун талын орон дээр дээр доороо ороод ноцолдсон. Тэгэхээр нь би та нар больцгоо гэж хэлээд тэр хоёр больсон.  Лхагваа манай малыг хойшоо бэлчээ гээд бэлчиж байсан газраас нь тууж хөөсөн гэсэн. Тэгээд тэрнээс болоод өдөр нь маргалдсан маргаанаа орой нь дахиад маргалдсан." гэх мэдүүлэг /хх-н 20-21х/,

             Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №695 дугаартай дүгнэлт /хх-н 10х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ш.Д-эд холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэргийн баримтад нотлох баримт байхгүй, гэмтсэн эд зүйлийн үнэлгээ тодорхойгүй байхад шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн түүний хэлсэн үгийн дагуу ямар ч нотлох баримтад тулгуурлаагүй хохирол гаргахаар шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2002 оны Эрүүгийн хуулиар тэнсэн нь ялын төрөлд орж хуульчлагдсан байдаг ба өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлээс үзэхэд тэнсэн нь ялын төрөлд орохгүй байхаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл ял оногдуулах асуудал дээр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн шийдвэр гарсан. Энэ тохиолдолд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх нь хүний эрхийг хөндөхгүй, Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалт, зарчим, агуулгатай уялдаж, оновчтой шийдвэр болно гэж үзэж байна.” гэсэн гомдлыг гаргасан байна.

Шүүгдэгч Ш.Д-эд өмнө Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тогтоосон ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээгээр хүлээлгэнэ.” гэж заасан. Ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний төрлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 46, 64 дугаар зүйлүүдэд тодорхойлсноос үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан “тэнсэн” нь Эрүүгийн хариуцлагад хамаарахгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ч мөн адил “тэнсэх” нь эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байхаар хуульчлагдсан байна.

Ш.Д-ийг сүүлд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан. Иймд анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ш.Д-эд ял оногдуулсан нь хууль ёсны байна.    

Хохирогч Ж.Лхагва нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 530.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлын баримтдаа гаргаагүй байна. Анхан шатны шүүх хохирлын баримт хэрэгт авагдаагүй ч шүүгдэгч маргах зүйлгүй төлнө гэсэн тул үүнд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэн уг хохирлыг гаргуулахаа шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нотлохоор заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “нотлох баримтгүйгээр хохирлыг гаргасан” гэсэн гомдол нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “оногдуулсан ялд өөрчлөлт оруулах тухай” хэсгийг нь хэрэгсэхгүй болгож “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ямар ч баримтгүй гаргасан” гэснийг хүлээн авч нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн “5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ээс 530 000 /таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сумын 5-р багт оршин суух хохирогч Боржгон Жамсрангийн Лхагва /РД:НФ68051539/-д олгосугай.” гэснийг “5. Хохирогч Ж.Лхагва нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 530 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан “шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ийн 2019 оны 12 сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

             6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.БОЛОРМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                             Т.ЭНХМАА

 

 

                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ