| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2019/01405/И |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-02-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 28
| 2020 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 207/МА2020/00028 |
Р.Хашбаатарын нэхэмжлэлтэй,
хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Р.Хашбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Р.Хашбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Хашбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энх-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Хашбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хүдрийн ил уурхайд эксковаторын машинистаар 17 жил 1 сар ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үйлдвэрийн эмнэлэг сувилалын албаны мэдрэлийн эмч н.Жавзмаад үзүүлэн архаг боронхит гэсэн оноштой эмчилгээ бичүүлж авсан. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрийн хүний нөөцийн ажилтан н.Мөнхчимэг дуудаад шалтгаангүйгээр ажил тасалсан байна. Тайлбар бичиж өг гэсэн би өвчтэй байсан тухайгаа бичиж өгсөн юм. Эмчид үзүүлэхэд эмч миний картан дээр өвчний онош эмчилгээ бичиж өгсөн. Эмч надад акт өгөөгүй. Харин маргааш дахин үзүүлээрээ гэсэн Маргааш нь би очиж үзүүлээгүй бие өвдөөд байхаар нь эмчид үзүүлсэн юм гэж бодоод очоогүй ба 2019 оны 8 дугаар сарын 08- ны шөнийн ажилд очиж чадаагүй юм. Би бие өвдөөд байна ажилд очиж чадахгүй нь гэж мастер Н.Ишжамцад хэлсэн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 14-15-ны үед манай гэрийн хаягаар ажлаас халсан тушаал ирүүлсэн. Миний хувьд 2018 оны 12 дугаар сард ажил тасалсан шалтгаанаар 3 сарын хугацаатай цалингийн 20%-иар цалингаа хасуулж байсан. Намайг өвчтэй байх хугацаанд урьд нь ажпын байранд 2-3 удаа ажил төрлөөс болж маргалдаж байсныг шалтаглан ажлаас халсанд гомдолтой байна. Миний гомдлыг хүлээн авч намайг үндэслэлгүйгээр халсан тушаалыг хүчингүй болгож намайг эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар тайлбартаа:
Р.Хашбаатар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайд Экскаваторын машинчаар ажилладаг байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Ил уурхайн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/206 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Р.Хашбаатар нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1-р ээлжид ажилдаа гарах байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан зөрчил гаргасан тул Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 тоот тушаалаар түүнийг ажлаас нь халсан. Р.Хашбаатар нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1-р ээлжинд гараагүй тухайгаа тайлбарлахдаа 2019.08.09-ний өдрийн 1-р ээлжинд гарах байсан. Шөнийн ээлж байсан тул унтсан байсан ажилд гарч амжаагүй. Ажил тасалсан үнэн болно гэж тайлбарласан байдаг. Мөн Ил уурхайн Уулын хэсгийн орлогч дарга Л.Алтантулга Ил уурхайн захиргаанд гаргасан илтгэх хуудсандаа ...Р.Хашбаатар нь 2019.08.09-ний 1-р ээлжинд гарах байсан боловч ажилдаа ирээгүй. 2019.08.08-ны өдөр 10 цаг 30 минутын орчим хэл яриа нь хэвийн бус архидан согтуурсан үедээ Л.Алтантулга надруу залгаж ажилд гарахгүй өөр машинчтай ээлж сольж гаръя гэхэд миний бие боломжгүй одоо унтаж амраад шөнө ажилдаа гар гэсэн хариу өгсөн. Тэгэхэд Р.Хашбаатар нь тэгвэл би өвчиллөө наад ажлаа өөрсдөө зохицуул надад хамаагүй шүү гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Ажилд ирээгүй үедээ эмнэлгийн хуудас олж ирдэг, ажлын хариуцлага, сахилга батын зөрчил давтан гаргаж байгаа тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн байдаг.
Иймд Ил уурхайн даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10/548 тоот албан бичиг, дээрх ажилтнуудын илтгэх хуудас, Р.Хашбаатарын өөрийнх нь тайлбар зэргийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Р.Хашбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.9-д нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ноцтой зөрчилд тооцно гэж тухайлан зааж өгсөн. Р.Хашбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 тоот тушаалаар цуцалсан бөгөөд, уг тушаалын нэг хувийг 2019 оны 09 дүгээр 13-ны өдөр Монгол шуудан ХК-д хүргүүлсэн бөгөөд Р.Хашбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 40 минутад өөрөө хүлээж авсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Харин Р.Хашбаатар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Р.Хашбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Хашбаатарын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 13 369 158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Р.Хашбаатар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ надад албан ёсоор гардуулж өгөөгүй. Хүний нөөцөөс ..ирж ав.. гэж хэлсэн ба тухайн үед эмчилгээтэй байгаагаа хэлэхэд шууданд хийсэн байсан. Энэ талаар Б.Долгорсүрэн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсээр байтал шүүх үнэлээгүй. Миний бие энэ асуудлаа Аймгийн захиргааны эрх зүйн туслах төвөөс тодруулахад ... ямар ч ажил олгогч өөрийн гаргасан тушаалыг ажилтандаа заавал гардуулж өгөх ёстой ... гэж хэлж байсан. Иймд хариуцагч тушаалыг надад албан ёсоор гардуулж өгөх л учиртай. Гэтэл шуудангаар хүргүүлээд байгаа нь буруу юм. Дээд шүүхийн тогтоолын ... хүндээр өвчилсөн байх ёстой ... гэж шүүх үзэж байгаа нь зөвхөн 1 талыг барьсан дүгнэлт хийлээ. Уг тогтоолд дурдсан өөрөөс нь үл хамаарах шалтгаан буюу астм хөдөлж, мэдрэлийн гаралтай нуруу татсан зовиуртай гадуур эмчилгээ хийлгэснийг шүүх зөв үнэлсэнгүй. Тухайн үед хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй хэдий ч босож, хөдөлж явахад хүндрэлтэй, байнгын хөндлөнгийн хүний тусламжтайгаар очиж эмчилгээ хийлгэж байсан юм. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй, мөн ажил олгогч шийдвэрээ надад гардуулж өгөөгүйд гомдолтой байна. Хэргийг тал бүрээс нь нягталж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ надад албан ёсоор гардуулж өгөөгүй. Хүний нөөцөөс ирж ав
гэж хэлсэн ба тухайн үед эмчилгээтэй байгаагаа хэлэхэд шууданд хийсэн байсан гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т ...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш... гэж заасан байдаг. Энэ нь шийдвэрийг заавал ажил олгогч биечлэн гардуулахыг заасан зохицуулалт биш бөгөөд ажилтан шийдвэрийг хүлээн авснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаарх зохицуулалт юм. Р.Хашбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ- ын Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн Б/2663 тоот тушаалаар цуцалсан бөгөөд, уг тушаалын нэг хувийг 2019 оны 09 дүгээр 13-ны өдөр Монгол шуудан ХК-д хүргүүлсэн бөгөөд Р.Хашбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 40 минутад өөрөө хүлээж авсан нь хэргийн материалд авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Харин Р.Хашбаатар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т ...хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд... гэж заасан байдаг бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 28-д Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3,-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээриин дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. гэж заасан байдаг. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь эмнэлэгт хэтэн эмчлүүлж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт гаргасан байдаг. Хариуцагч талаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж үзлэг хийлгэхэд нэхэмжлэгч нь Очир-Увидас эмнэлэгт хэвтээгүй өдрөөр физик эмчилгээ хийлгэж байсан болох нь тогтоогдсон. Уг физик эмчилгээг хийлгэхэд өдөрт 1 цагаас 1 цаг 30 минут зарцуулагддаг болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн хүндээр өвчилсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх боломжгүй байсан гэж үндэслэлгүй юм Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1542 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан тул хэвээр үлдээж өгнө үү? гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Р.Хашбаатар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Ил уурхайн Уулын ажлын хэсгийн эксковаторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 13.369.158 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч Р.Хашбаатар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Ил уурхайд эксковаторын машинчаар ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8, 9, 20 дугаар заалт, Ил уурхайн даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10/548 дугаартай албан бичиг, Ил уурхайн Уулын хэсгийн орлогч дарга Л.Алтантулга, уулын мастер Н.Ишжамц нарын илтгэх хуудас зэргийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж Ил уурхайн Уулын хэсгийн эксковаторын машинчийн ажлын хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нэхэмжлэгч Р.Хашбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шуудангийн үйлчилгээний газарт шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч Р.Хашбаатар мөн өдөр шуудангаас гардан авсан болох нь хэрэгт авагдсан шуудангийн үйлчилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Р.Хашбаатар нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гардан авсан атлаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ... ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гаргана ... гэсэн заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байснаас шүүхэд хандах боломжгүй байсан гэсэн тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч түүний эмнэлэгт хэвтэж байсан нь нотлогдоогүй энэ хугацаанд Очир увидас эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Р.Хашбаатарыг шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндээр өвчилсөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм.
Шүүх нэхэмжлэгч Р.Хашбаатарыг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129, 69 дүгээр зүйлд нийцсэн байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Хашбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Хашбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч Р.Хашбаатар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ