Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00891

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00891

 

 

 

"Их эргэлт" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00455 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "Их эргэлт" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ус сувгийн удирдах газарт холбогдох

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дутуу бичсэний улмаас учирсан хохирол болон бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан төлбөр нийт 32 287 263 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүү, Ч.Дорждэрэм, Р.Оюунгэрэл, Я.Балжинням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Их эргэлт" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани арьс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд Ус сувгийн удирдах газартай 260265 тоот цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу хамтран ажилладаг. Тус гэрээний дагуу арьс боловсруулах ус, ашигласан бохир зайлуулах үйлчилгээг авдаг бөгөөд ашигласан усныхаа төлбөрийг зохих хугацаанд нь төлж ирсэн. Ус сувгийн удирдах газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага бөгөөд хуульд заасны дагуу манай компанийн худалдан авалтын төлбөрийн 10 хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт бичиж өгөх үүрэгтэй. Гэвч тус газар нь манай компанийн төлсөн төлбөрт дараах байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг дутуу бичиж өгсөн. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын усны хэрэглээний төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийт 54 606 204.12 төгрөг төлсөн боловч 89 805.87 төгрөгийн НӨАТ-ын бичилт, 2014 оны 01 дүгээр сарын усны хэрэглээний төлбөрт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийт 93 114 968.04 төгрөг төлсөн боловч 1 039 448.76 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг хийсэн. Ийм байдлаар НӨАТ дутуу бичсэн учраас яагаад бүрэн бичихгүй байгааг тодруулж, НӨАТ-ын бичилт бүрэн хийж өгөх шаардлагыг холбогдох хүмүүст нь тавьсан боловч тодорхой хариу өгөөгүй ба шийдвэрлэхгүй байсаар бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Бид cap болгон төлбөрөө төлөх, тооцоо нийлэхээр очих бүртээ энэ тухай удаа дараа шаардаж, албан тоотоор хандаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар тайлант хугацаа болох 2014 оныг дуусгасан. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нямдорж, Ч.Энхтуяа нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтад үндэслэн шалгасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх үлдэгдлийг баталгаажуулсан. Тиймээс уг шалгалтаар Ус сувгийн удирдах газраас авах ёстой НӨАТ-ын буцаалтыг тус газар дутуу бичилт хийж өгсний улмаас баталгаажуулж чадалгүй үлдсэн. Мөн тус газар нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч манай компанид хохирол учруулсан. Үүнд: 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тооцооны хуудас дээрх тоолуурын заалт 2956 м3 ус байхад түүнийг шууд 7941 м3 ус гэж бичин нэгжийн үнэ 3 400 төгрөгт үржүүлэн тооцож нэхэмжилж авсан. Тоолуурын заалтаар 2956м 3х З 400=10 050 400+НӨАТ= 11 055 440 төгрөг, харин тус байгууллагын нэхэмжилснээр 7941 м3 х 3 400=26 999 400+НӨАТ=29 699 840 төгрөг гэж тооцсон. Үүний зөрүү илүү төлөлт 8 644 400 төгрөг болж байна. Ийнхүү Ус сувгийн удирдах газар, түүний холбогдох албан тушаалтнуудынх нь ажлын хариуцлагагүй байдлын улмаас манай компани дээрх төлбөрт ногдох НӨАТ-ын буцаалтыг авах боломжгүй болж хохирол хүлээсэн. Мөн хэрэглээнээсээ илүү төлөлт хийж хохирсон. Тиймээс Ус сувгийн удирдах газрын үндэслэлгүйгээр НӨАТ-ын буцаалтыг дутуу бичиж өгсөн, илүү төлбөр нэхэмжилж авсны улмаас манай компанид дараах хохирлыг учруулаад байна. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54 606 204.12 төгрөгт ногдох бичилт 5 460 620.412 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 89 805.87 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 5 370 814.542 төгрөгийн хохирол, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 93 114 968.04 төгрөгт ногдох бичилт 9 311 496.804 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 1 039 448.76 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 8 272 048.044 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бохир ус цэвэрлэгээ /тооцооны хамрах хугацаа 2015.12.15-2016.01.14/-ний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18 644 400 төгрөгийн хохирол буюу нийт 32 287 263 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагчаас 32 287 263 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын шүүхэд гаргасан тайлбарт: "Их эргэлт" ХХК-ийн 32 287 263 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Их эргэлт" ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлтээ бичгээр гаргасны дагуу Нийслэлийн Татварын газарт хандахад уг компанийг 2013, 2014 онуудад НӨАТ төлөгч байсан эсэх нь тодорхойгүй, НӨАТ-ын падааныг анхан шатны баримтаар санхүү татварын тайланд тусгаж тайлагнах хуулийн хугацаа өнгөрсөн тухай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариу ирүүлсэн. "Их эргэлт" ХХК нь бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч хохирол учруулан илүү төлөлт 18 644 400 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь "Их эргэлт" ХХК-ийг бохир ус татан зайлуулах гэрээг байгуулах талаар байнга шаардаж байсан боловч зайлсхийж явсаар тухайн үед гэрээг байгуулаагүй, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр ажиллаж ирсэн нь олон удаагийн шалгалтаар илэрч байсан. Тухайн үед "Их эргэлт" ХХК-тай харилцан тооцоо нийлж, уг үйлдлээ зөвшөөрснөөр төлбөрийг төлсөн байна. Иймд "Их эргэлт" ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас 18 643 900 /арван найман сая зургаан зуун дөчин гурван мянга есөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Их эргэлт" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 643 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас улсын тэмдэгтийн хураамж 251 169,50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Их эргэлт" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 319 387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн НӨАТ-ын буцаалттай холбоотой 13 643 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хариуцагчийг НӨАТ-ын падаан дутуу бичиж өгсөн болохыг тогтоосон, падааныг хариуцагч бичиж өгөх ёстой тухай дурдсан боловч нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч "Их Эргэлт" ХХК НӨАТ-ын хасалт хийлгэлгүй хохирсон гэж үзэх үндэслэл шүүхэд тогтоогдохгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар НӨАТ-ын падааныг худалдан авалт хийсэн тухай бүрт нь худалдагч олгоно. НӨАТ-ын баримт бичиж өгөх нь худалдагч талын үүрэг. Нөгөө талаас нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу НӨАТ-ын тайланг cap бүр гаргадаг. Бид баримт дутуу бичиж өгсөн учраас дахин гүйцэд бичүүлж авахаар хуульд заасан хугацаанд шаардаж байсан боловч худалдагч тал буюу хариуцагч нь НӨАТ-ын баримт бичиж өгөх үүргээ биелүүлээгүй. НӨАТ-ын баримт байхгүй тохиолдолд тайландаа НӨАТ-ын буцаалтыг тусгах, НӨАТ-тай худалдан авалт хийснээ нотлох боломжгүй юм. Татварын байгууллага хуульд заасны дагуу НӨАТ-ын падаанаа хавсаргаж НӨАТ-ын тайлангаа гаргах, уг баримтаа үндэслэж буцаалтаа баталгаажуулахыг шаарддаг. Тиймээс худалдагч тал НӨАТ-ын баримтыг бичиж өгөхгүй байгаа тохиолдолд худалдан авагч тал НӨАТ-ын буцаалтаа баталгаажуулах боломжгүй.

Хариуцагч Ус сувгийн удирдах газар нь хуульд заасан тайлант хугацаанд НӨАТ-ын баримт үндэслэлгүйгээр бүрэн бичиж өгөөгүй. Дээрх худалдан авалтууд хийгдэж байх үед Ус сувгийн удирдах газар нь "Харгиа цэвэрлэх байгууламж"-тай нэгдэж нэг байгууллага болсон ба тухайн үедээ бохир усны төлбөрт НӨАТ бичиж өгөх эсэх нь тодорхойгүй байна гэх мэт тайлбарыг өгч баримт бичиж өгөхөөс татгалзсаар байсан. Тус байгууллагууд тухайн үед нэгдсэн болохыг хариуцагчдын төлөөлөгчид ч зөвшөөрч энэ тухай шүүх хуралдааны явцад мэдүүлсэн.

Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс "Их Эргэлт" ХХК-ийн 2011 оны 10-р сарын 01-ний өдрөөс 2015 оны 11-р сарын 30-ны өдрийг дуустал нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтанд үндэслэн шалгаж, 2015 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаарх үлдэгдлийг баталгаажуулсан. Ийнхүү эцсийн байдлаар баталгаажуулахад дээрх худалдан авалтын баримтууд дутуу байсан учраас баталгаажуулж чадаагүй.

Гэтэл шүүх дээрх нотлох баримт, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, НӨАТ-ын падааныг дутуу авсан ч хуульд заасан өөр арга хэмжээг авах боломжтой байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас НӨАТ-ын буцаалттай холбоотой 13 643 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийн НӨАТ-ын буцаалттай холбоотой 13 643 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Их Эргэлт ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа тоолуурын заалт нь тухайн төлбөр гарах үед ажиллагаагүй байсан талаар хүлээн зөвшөөрч задгайгаар бичсэн. Мөн "Бохир ус татан зайлуулах" гэрээг байгуулах талаар байнгын шаардлагаас зайлсхийж явсаар гэрээг байгуулалгүй дур мэдэн ажиллаж ирсэн ба хавтаст хэрэгт шаардлага хүргүүлж байсан талаарх баримтыг хавсаргаж, шүүх хуралдааны тайлбарт тайлбарласан боловч шүүгч ач холбогдол өгөөгүй орхигдуулсан. Тухайн үед Их Эргэлт ХХК-тай харилцан тооцоо нийлж, уг үйлдлээ зөвшөөрч, тоолуур ажиллагаагүй болохыг баталгаажуулж, оруулгын тоогоо өгч гарын үсэг зурж баталгаажуулснаар төлбөрийг төлсөн байна.

Их Эргэлт ХХК-ийн тоолуур нь ажиллахгүй байсан ба үүнийг хүлээн зөвшөөрч ямааны арьс угаах тоог бичгээр гаргаж өгсний дагуу оруулгын тоогоор тооцох аргачлалаар бодож төлбөрийг нэхэмжилж авсан болохыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсаныг шийдвэрт бичээгүй байна. Тухайн төлбөр нэхэмжилсэн саруудад Хот Суурины Усан Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалт, Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлөөс Их Эргэлт ХХК-ийн тоолуурын заалт нь ажиллагаагүй, ашиглах боломжгүй талаар мэдэгдлийг ирүүлсэн ба талууд хоёр талаас баталгаажуулж, тооцоо нийлсэн. Гэрээ байгуулахыг удаа дараа шаардаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүгч шийдвэрийг уншин сонсгохдоо Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан цэвэр усны хэрэглээг тооцохыг дурдсан боловч бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн байна. Учир нь талуудын маргаан бүхий төлбөр нь цэвэр усны төлбөр бус хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах тухай /бохир усны/ болно. Мөн шийдвэрт 18 643 900 төгрөгөөс НӨАТ хасаагүй дүнгээр гаргуулахаар шийдвэрлэсэн ба 1 694 900 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг Их Эргэлт ХХК нь авч, тухайн үед манай талаас бичилт хийж өгснийг хасч тооцон шийдвэрлээгүй байна. Иймд Бохир усны төлбөрийг тооцохдоо Хот суурины ус хангамж, ариутгах -атуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Их эргэлт ХХК хариуцагч Ус сувгийн удирдах газарт холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дутуу бичсэний улмаас учирсан хохирол болон бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан гэж 32 287 263 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан эсэх, зохигчид тайлбарын үндэслэлийг нотлосон баримтуудыг өөрөө бүрдүүлэх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар анхаараагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбараа нотлохоор хэргийн 58-61 дүгээр талд ирүүлсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хөнгөн үйлдвэрийн салбарын усны норм, бохир усны үйлчилгээний тариф зэрэг баримтуудад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хуулбар үнэн тэмдэг дарсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгөх, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт ...нотлох баримтыг зохигч хэрэв өөрөө олж авах боломжгүй бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ... гэж заасан. Хэргийн оролцогчийн гаргасан хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй баримт нь нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн, нотлох чадвараа алдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Үүнээс гадна хэргийн 80-82 дугаар талд авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэх баримтууд уншигдахгүй, гаргацгүй, хараар хуулбарласан өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй эргэлзээтэй баримтад үндэслэж тооцоо бодсон нь буруу, нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангуулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Их эргэлт ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 167 төгрөг, хариуцагч Ус сувгийн удирдах газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 169 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Ш.ОЮУНХАНД

 

د Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ