Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00863

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00863

 

 

 

"Н.Р" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00427 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "Н.Р" ХХК-ийн хариуцагч "Д.Ү" ХХК -д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 13 710 817 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "Н.Р" ХХК нь өөрийн салбар дэлгүүр болох Эко экспресс-Залуу монгол, Эко экспресс-120 мянгат дэлгүүрүүдийн барилгын гадна талын үүдний хэсэгт засвар шинэчлэл хийх ажлын хүрээнд "Д.Ү" ХХК-тай NR/18/290, NR/18/291 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Гэрээнүүдэд зааснаар дээрх дэлгүүрүүдийн гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 хоногт багтаан хийж дуусгахаар гэрээ байгуулж, гүйцэтгэгч талд гэрээ тус бүрд 7 450 000 төгрөг нийт 14 900 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал "Д.Ү" ХХК нь ажлаа бүрэн дуусгалгүй гэрээний үүргээ зөрчин ажлаа хаяж явсан ба манай компанийн зүгээс NR/18/290 тоот гэрээний ажлын гүйцэтгэл 32.1 хувьтай, NR/18/291 тоот гэрээний гүйцэтгэл 25.6 хувьтайгаар тус тус гүйцэтгэсэн ажлыг нь дүгнэн хүлээн авсан. Ингээд өөр компаниар ажлыг хийлгэж дуусгасан. Хариуцагч талд тооцоо хийж, зөрүү төлбөрийг буцаан төлүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч Д.Ү ХХК-аас 290 тоот гэрээний урьдчилгааны зөрүү 2 664 440 төгрөг, алданги 402 300 төгрөг, торгууль 2 980 000 төгрөг, нийт 6 046 740 төгрөг, 291 тоот гэрээний урьдчилгааны зөрүү 3 623 392 төгрөг, алданги 402 300 төгрөг, торгууль 2 980 000 төгрөг, нийт 7 005 692 төгрөг, бүгд 13 710 813 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хоёр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 14 900 000 төгрөг авсан нь үнэн боловч уг мөнгөнд таарсан ажлыг хийж гүйцэтгэсэн. "Н.Р" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т зааснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг болох ажлын даалгавар болон зураг төсөл нь буруу өгөгдөж, "Н.Р" ХХК-ийн энэ ажилд зориулагдсан хяналтын төсөв хийгдээгүй. Үүнээс гадна хоёр банз солих ажлын оронд дээвэр солих ажил хийгдсэн. Хамгийн гол нь гэрээний салшгүй хэсэг болох хяналтын төсөв байхгүй байсан учир ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Бид хяналтын төсвийг "Н.Р" ХХК-аас шаардсан боловч өгөөгүй. Нэхэмжлэгч тал хуульд байхгүй алданги, торгуулийг зэрэг авахаар гэрээнд тусгасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан талаар мэдэгдэж байсан ба нэхэмжлэлийн шаардлага дээрээ ч гэрээ цуцлагдсан талаар тодорхой тусгасан байгаа. Энэ талаар маргахгүй. Гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч акт үйлдэж манай компанийн хийсэн ажлыг хувиар илэрхийлсэн байгааг зөвшөөрөхгүй, гэрээнд заасантай ч нийцэхгүй, 2 тал гарын үсэг зураагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар "Д.Ү" ХХК-д холбогдох гэрээ цуцалснаас учирсан хохиролд 13 710 817 төгрөг гаргуулах тухай "Н.Р" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Н.Р" ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 226 505 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэлгүй хариуцагчийн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хариуцагч "Д.Ү" ХХК нь урьдчилгаа төлбөрт таарсан ажлыг хийсэн гэж маргаж ХААН банк ХХК-ийн хуулга гарган өгсөн ба шүүх уг баримтыг хэргийг хянан шийдвэрлэх гол баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм. ХААН банк ХХК-ийн дансны хуулганд зөвхөн нэхэмжлэгчээс гэрээний дагуу төлбөр хүлээн авсан болон уг төлбөрийг хэрхэн зарцуулсан талаарх орлого, зарлагын гүйлгээ харагдах бөгөөд харин хийсэн ажlын талаарх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрт гэрээ цуцлагдсан шалтгаан нь хариуцагчаас бус нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хариуцагч ажиллахаа больсон гэж ойлгогдохоор дүгнэснийг зөвшөөрөхгүй. Дээрх тайлбарыг хариуцагч тал хэлдэг боловч зураг өөрчилсөн, төсөв нэмэгдэх зэрэг асуудал үүссэн талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүйг дурдах нь зүйтэй юм.

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээ дүгнэсэн актыг нэг талын үйлдсэн баримт гэж үзсэн атлаа хариуцагч талаас гаргаж өгсөн нэг талын үйлдсэн буюу нэхэмжлэгч компанийн инженерүүд танилцаж, баталгаажуулаагүй, хэн ч үйлдэх боломжтой "Д.Ү" ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тухай дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон боловч шинжээчийн шаардсан баримт, мэдээллийг ирүүлээгүйн улмаас шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. Хариуцагч тал дээрх хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч "Н.Р" ХХК нь хариуцагч "Д.Ү" ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохиролд 13 710 817 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, бодитоор гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээний талаар маргасан байна.

Энэ тохиолдолд маргааны үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардахаар байхад шүүх хариуцагчийг шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан гэх үндэслэлээр хүсэлт гаргаагүйд тооцон, хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болохын хувьд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байхыг шаардана. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүх бусад гэрчүүдийг байлцуулахгүй, мэдүүлэг өгсөн, өгөөгүй гэрчүүдийг хоорондоо харьцахгүй байх нөхцөлөөр хангаж гэрч П.Цолмон, Э.Мөнхбат нараас мэдүүлэг авсан гэж үзэх боломжгүй байна. /1хх112-120/ Гэтэл шүүх гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226 505 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД