Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2020/00024

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

Б.*******д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2020/00926 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Буянжаргалын *******

Хариуцагч Бадарчийн *******д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.347.000 төгрөг гаргуулах, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, 15.769.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

 Нэхэмжлэгч Буянжаргалын *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие нь 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн иргэн Б.*******тай хэлэлцэн тохиролцож түүний Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах, 59 дүгээр байрны 02 тоот, 64 м.кв талбайтай 2 өрөө байрны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж дуусгаад байрыг өөрийн өмчлөлд авахаар тохирсон билээ. Тухайн үед Б.*******гаас манай найз Д.Амарсанаа авч төлөлтийг хийж байгаад төлбөрийн чадваргүй болсон тул намайг уг байрыг ав гэдэг саналыг гаргасан. Ингээд бид 2 Б.*******тай уулзаж би зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр болсон. Би орон сууцны зээлийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Төрийн банкнаас гаргасан хуваарийн дагуу хугацаанд нь төлж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэлцэл хийж нотариатаар батлуулсан. Ингээд би зээлийн гэрээний үүргийг биелүүлж сар бүр 370.000 төгрөгийн төлөлтийг ямар нэгэн маргаангүйгээр хийж байтал 2019 оны 09 дүгээр сарын эхээр Б.******* нь 7 хоногийн хугацаанд урьдчилгаа төлсөн 25.000.000 төгрөгийг өгөхгүй бол байраа буцааж авна гэсэн. Би Б.*******тай байгуулсан гэрээний үүргээ зөрчөөгүй байхад хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр гэрээ цуцалж байгаа тул хуульд зааснаар өөрт учирсан хохирол буюу орон сууцны зээл төлсөн 2016 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн 14.347.000 төгрөгийг гаргуүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 Б.******* миний бие 2013 оны 03 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах 59 дүгээр байрны 2 давхрын 2 тоот дахь 64 мкв 2 өрөө байрыг 18.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл 30.0 сая /гучин сая/ төгрөгийг ипотекийн зээлд хамрагдан уг байрыг авсан билээ. Ингээд ******* би 1 жил 9 сарын хугацаанд амьдарч, зээлээ тогтмол төлж байсан юм. Миний бие уг байрны зээлд 13.530.000 төгрөгийн төлбөрийг төлсөн байсан. Нийт 32.300.000 төгрөгийг уг байранд зарцуулсан.

 Ингээд би 2015 оны 01 дүгээр сараас иргэн Д.Амарсанаад тус байраа зарахаар тохиролцсон юм. Д.Амарсанаа надад урьдчилгаа мөнгө болох 7 сая /долоон сая/ төгрөг өгсөн. Харин үлдэгдэл 20 сая /хорин сая/ төгрөгийг 2015 оны 03 дугаар сард авна, төлнө гэж тохиролцсон юм. Ингээд 27 сая төгрөг надад төлөөд, зээлийн үлдэгдэлийг Д.Амарсанаа төлж дуусгаад байраа авхаар тохиролцсон юм.

 Дараа нь Д.Амарсанаа нь зээлийг төлөх боломжгүй болж ипотекийн зээлийг Д.Амарсанаа Б.*******д шилжүүлэн өгсөн, Б.******* надад нэг төгрөг ч өгөөгүй миний байранд орж амьдарсан байсан. Би Б.*******тэй уулзаад 25.094.000 \хорин таван сая ерэн дөрвөн мянга\-н төгрөг надад гаргаж өгөөд, байрны үлдэгдэл зээлийг үргэлжпүүлэн төлөөд байрыг өөр дээрээ ав гэж амаар тохирсон байсан. Ипотекийн зээл гаргуулна гэж ярьсаар хуурсаар 40 сар миний байранд амьдарсан.

Би *******гээс байрыг ашиглан амьдарсан хугацааны төлбөрийг байрны элэгдэл хорогдолын төлбөртэй нь хамт эд хөрөнгөө ашиглуулсаны төлбөрт бодож хохирсон хохиролоо нэхэмжилнэ гэжээ.

 Хариуцагч Б.******* анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Б.******* зээл авч байрны чинь мөнгө өгнө гэж худал хуурсан. Хүний байранд нэг төгрөг өгөхгүй ороод 39 сар амьдарчхаад 9.300.000 төгрөг өгсөн гэж худлаа ярьж байна. Хэлцэл хийхдээ би тэр хэлцлийг уншаагүй, уншсан бол тэр 9.300.000 төгрөгийг хараад ямар мөнгө бэ гэдгийг хэлэх байсан. Би хэдийгээр мөнгө өгөх ёстой ч би амьдарсан хугацааны мөнгө суутгах талаар шаардлага тавьсан байгаа. Хамгийн сүүлд тохиролцсон хамгийн муу байр 250.000 төгрөгөөр түрээсэлдэг бид нар хүний амьдрал юм чинь гээд ярилцаж байгаад 50.000 төгрөгийг хасаад 200.000 төгрөгөөр гэж тохиролцсон.

 Гэтэл Б.******* нэг өдөр амьдарсан хугацааны мөнгө хасахгүй бүтнээр нь нэхэж шүүхэд гомдол гаргасан байсан. Б.*******гийн ярьж байгаагаар ипотекийн хугацаа дуустал хүлээх байсан бол Б.*******г байрандаа 39 сар суулгахгүй байсан. Өөр хүнд түрээслээд ипотекийн зээлээ төлөх байсан. Худалдаж авна гэсэн болхоор хүлээсэн. Нэхэмжлээд байгаа 14.000.000 төгрөгийг Б.******* авах хүсэлтэй байгаа ч бид нар амьдарсан хугацааны төлбөрөө суутгах нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна гэжээ. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 Б.******* тухайн үед юу гэж ярьсан бэ гэхээр би өөрийн нэр дээр зээл хөөцөлдөөд, ипотекийн зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж тооцоог дуусгана, тэр болтол миний нэр дээрх ипотекийн зээлийг үргэлжпүүлэн төлж байя гэж тохирсон. Тухайн үед Б.******* зээл гаргуулна, гаргуулж байна гэж ярьсаар хуурсаар 38 сар миний байранд амьдарсан. Тэр хэлэхдээ удахгүй зээл хөөцөлдөж мөнгийг чинь гаргаж өгнө гэдэг байсан. Үүнийг нь хүлээсээр би бүтэн 3 жил 6 сарыг маш их сэтгэлийн тэвчээртэйгээр хэл ам хийлгүйгээр хүлээсэн юм. Нэгэнт төлбөрийг нь төлж байрыг худалдан авч чадахгүй болсноос хойш байрыг ашиглан амьдарсан хугацааны төлбөрийг тооцож, байрны элэгдэл хорогдол, эвдрэл гэмтлийн хамт нийт 15.769.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д тус тус заасныг баримтлан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 14.347.000 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, Б.*******гийн 15.769.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******гээс төлсөн 229.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 229.685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 236.795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7110 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.******* би өөрийн орон сууцаа 2015 оны 1-р сард иргэн Д.Амарсанаад 54 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон юм. Д. Амарсанаа надад урьдчилгаа 7 сая төгрөгийг өгөөд 2015 оны 03-р сард ноолуурын мөнгөөр 20 сая төгрөг нэмж өгөөд тухайн үеийн банкний үлдэгдэл 26.427.000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүртэл миний ипотекийн зээл үргэлжлүүлэн төлж байя гэж ярьсан байсан. Энэ нь иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж байж болохыг үгүйсгэхгүй. Харин шүүх Б.******* бид хоёрын хооронд үүсэн иргэний харилцааг иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.******* Д.Амарсанаагаас байрыг минь хүлээн авч нүүж ороод амьдарж байсан юм байна лээ. Түүний дараа Б.******* миний ажил дээр ирж Та ******* гуай мөн үү, би өөрийн нэр дээр зээл хөөцөлдөөд, ипотекийн зээлийг өөрийн нэр дэр шилжүүлж тооцоог дуусгаж байрыг чинь авья гэж хэлсэн. Би Б.*******г зээлээ хөөцөлдөж өөрийн нэр дээр болгож, надад мөнгө өгөхийг маш их тэвчээртэйгээр хүлээсэн боловч Б.******* миний орон сууцыг үнэхээр худалдаж авах хүсэл зорилго байсан гэдэгт би одоо эргэлзэж байна.

 Б.******* нь сар бүр миний харилцдаг Төрийн банкний 230000062875 тоот дансанд мөнгө шилжүүлж байсан нь тэр амьдарж байгаа хугацааныхаа хөлсийг төлж байгаа тухай ойлголт болохоос, миний орон сууцыг худалдаж авах үнээсээ хэсэгчилж төлөөд байгаа зүйл биш гэдгийг хэлэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл Б.******* надад мөнгө төлдөг харин банк миний харилцах данснаас зээлээ татдаг юм.

 Б.******* нь энэ хэдэн жилүүдэд миний орон сууцыг худалдан авах чин санаа зорилго байхгүй, намайг хуурж мэхлэн амьдарсан учраас би 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байр ашиглаж амьдарсаны төлбөр нэг сарын 400.000 төгрөгөөр тооцож 15.200.000 \арван таван сая хоёр зуун мянга\-н төгрөг, Мөн байрны эвдрэл, гэмтэл 569.000 төгрөг буюу нийт 15.769.000 төгрөг нэхэмжилсэнээ зүй ёсны үйлдэл гэж үзэж байгаа. Тухайн үед би хэн хэнийгээ бодож сарын түрээсийн төлбөрийг банкинд төлдөг зээлийн хэмжээгээр тогтоосноо өөрчилж нэмж нэхэмжилж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Буянжаргалын ******* нь хариуцагч Бадарчийн *******д холбогдуулан 14.347.000 төгрөг гаргуулах, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бол Б.******* нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан 15.769.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.*******гаас 14.347.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, Б.*******гийн 15.769.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.******* нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Баянхонгор сумын 1 дүгээр багийн 59 дүгээр байрны 64 мкв талбай бүхий 02 тоот 2 өрөө орон сууц нь Бадарчийн *******гийн өмч мөн болох нь Улсын бүртгэлийн Y-0320002588 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.******* нь ипотекийн зээлийг худалдан авагч талаар төлүүлж, орон сууцыг худалдах тухай саналаа Б.*******д тавьсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах санал тавьсан, нөгөө тал саналыг хүлээж авсаны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэрээ хийгдсэн. Гэрээний гол нөхцөлүүдийн талууд тохиролцсон тухайлбал байрыг шилжүүлж өгсөн, байрыг 50.000.000 төгрөгийн үнэтэй байр гэж тохиролцоод гэрээний үнийг банкны хувиарын дагуу төлөөрэй гэсэн ийм хэлцэл хийгдсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.2-т зааснаар бичгээр хийх, нотратиар батлуулах хуулийн шаардлагад нийцсэн хэлцэл болжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Д.Амарсанаагаар зуучлуулан Б.*******гийн өмчлөлийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 59 дүгээр байрны 64 мкв талбай бүхий 02 тоот 2 өрөө орон сууцыг ипотекийн зээлийг нь төлж байрны зээлийг барагдуулах үүрэг бүхий гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан нь /хх-ийн 3 дугаар тал/ иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгууллагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.. гэж заасны дагуу худалдан авагч тал болох нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******гийн Төрийн банкин дахь Ипотекийн зээл болон хүүг төлөх үүрэг хүлээж, худалдагч Б.******* нь орон сууцыг нэхэмжлэгч Б.*******д шилжүүлсэн байгаа нь талуудын хооронд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Ингээд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******гийн зээлийн гэрээний үүргийг биелүүлж сар бүр 370.000 төгрөгийн төлөлтийг ямар нэгэн маргаангүйгээр хийж байтал 2019 оны 09 дүгээр сарын эхээр Б.******* нь 7 хоногийн хугацаанд урьдчилгаа төлсөн 25.000.000 төгрөгийг өгөхгүй бол байраа буцааж авна гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр гэрээ цуцалж, Баянхонгор сумын 1 дүгээр багийн 59 дүгээр байрны 64 мкв талбай бүхий 02 тоот 2 өрөө орон сууцыг буцааж авсан болох нь Б.*******д байр хүлээлгэж өгсөн тухай баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.******* нь орон сууцны зээлийг 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх нийт 39 сарын хугацаанд 14.385.439 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны зээл төлөлтийн хуулга болон зохигчидын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй, хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь нийт 39 сарын хугацаанд төлсөн 14.385.439 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Б.******* нь Төрийн банкинд хариуцагч Б.*******гийн өмнөөс төлсөн үүргийн гүйцэтгэлийн мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд илүү зүйл нэхэмжлээгүй байна.

Иймд хариуцагч Б.*******гийн өмчлөлийн байрны ипотекийн зээлд нэхэмжлэгч Б.*******гээс төлсөн 14.385.439 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.*******гаас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Б.******* нь 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл миний орон сууцыг ашиглаж, бусдад түрээслэж амьдарсаны төлбөр нэг сарын 400.000 төгрөгөөр тооцож 15.200.000 төгрөг, мөр байрны эвдрэл гэмтэл 569.000 төгрөг нийт 15.769.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Талууд орон сууцны талаар хэлцэл хийж байхдаа орон сууцанд амьдарсан хугацааг түрээслэсэнд тооцож төлбөр авах талаар тохиролцоогүй, бусдад дамжуулж түрээслэх талаар ч хоорондоо тохиролцоогүй байна. Мөн орон сууцыг ашигласны төлбөрийг нэг сарын 400.000 төгрөгөөр тооцсон үндэслэл нь тодорхойгүй байна.

Хариуцагч Б.*******гаас гаргасан гомдолдоо Б.******* нь сар бүр миний харилцдаг Төрийн банкний 230000062875 тоот дансанд мөнгө шилжүүлж байсан нь тэр амьдарж байгаа хугацааныхаа хөлсийг төлж байгаа тухай ойлголт болохоос, миний орон сууцыг худалдаж авах үнээсээ хэсэгчилж төлөөд байгаа зүйл биш гэдгийг хэлэхийг хүсч байна гэж тайлбарлаж байгаа боловч ипотекийн зээл, ипотекийн зээлээр төлсөн мөнгө нь (Б.*******гийн төлсөн мөнгө нь) тухайн орон сууцыг худалдан авсан нийт үнийн дүнгээс буюу Б.*******гийн орон сууцны ипотекийн зээлээр төлөх нийт үнийн дүнгээс хасагдаж тооцогдох үндэслэлтэй болохыг анхаарах үндэстэй байна.

Хариуцагч Б.******* нь тайлбартаа Б.******* нь энэ хэдэн жилүүдэд миний орон сууцыг худалдан авах чин санаа зорилго байхгүй, намайг хуурж мэхлэн амьдарсан учраас би 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байр ашиглаж амьдарсаны төлбөрийг нэхэмжилж байгаа тайлбарлаж байгаа боловч талууд хэлцэл хийх үедээ худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нөхцөлд байр ашигласны төлбөрийг нэхэмжилж авах тухайгаа тохиролцоогүй, мөн ашиг олсон гэж үзэж байгаа тухайгаа нотлох баримттай үндэслэлтэй нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч Б.*******гаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.685 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2020/00926 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.685 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ