Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01094

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2020/00926 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 213/МА2020/00024 дүгээр магадлалтай,

Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Б.Зд холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 14,347,000 төгрөг гаргуулах, 2017.01.04-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Сөрөг нэхэмжлэл: 15,769,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Зд холбогдуулан 2016.07.02-ноос 2019.09.02-ныг дуусталх хугацаанд орон сууцны үнэд буюу ипотекийн зээлд төлсөн 14,347,000 төгрөг гаргуулах, 2017.01.04-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, эд хөрөнгө ашигласны хөлс, эд зүйл эвдсэн хохиролд нийт 15,769,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2020/00926 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д тус тус заасныг баримтлан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 14,347,000 төгрөгийг хариуцагч Б.Згаас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Згийн 15,769,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бгээс төлсөн 229,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас 229,685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагч Б.Згийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 236,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7,110 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Зд олгож шийдвэрлэжээ.

3.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 213/МА2020/00024 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2020/00926 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Згийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,685 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна.

Хэргийн товч: Давж заалдах шатны шүүхээс: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Згийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гомдлын талаар:

4.1.Иргэн Б.З нь өөрийн орон сууцаа 2015 оны 1-р сард иргэн Д.Амарсанаад 54 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон байна. Д.Амарсанаа нь урьдчилгаа 7 сая төгрөгийг өгөөд 2015 оны 03-р сард ноолуурын мөнгөөр 20 сая төгрөг нэмж өгөөд тухайн үеийн банкны үлдэгдэл 26,427,000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүртэл ипотекийн зээл үргэлжлүүлэн төлж байя гэж тохиролцож, албан ёсоор гэрээ хийж баталгаажуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм. (жич: Жинхэнэ худалдах, худалдан авах гэрээ Д.Амарсанаа Б.З нарын хооронд хийгдсэн ба хэрэгт авагдсан, хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр) Гэтэл шүүх Б.Б Б.З нарын хооронд үүссэн иргэний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Б Д.Амарсанаагаас байрыг хүлээн авч тухайн байранд нүүж ороод амьдарсан байдаг.

4.2.Б.Б тухайн байранд эзэн Б.Зг мэдээгүй байхад нүүж орж амьдраад нэлээд хэдэн сар болсны дараа Б.Зтай уулзаж “таны нэр дээрх ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж, байранд чинь амьдарч байгаа, би өөрөө зээл хөөцөлдөж нэр дээрээ зээл гаргуулж байрыг чинь авна” гэж хэлсэн байдаг. Энэ нөхцөлийг Б.З зөвшөөрсөн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл байрыг чинь бүрэн худалдаж автлаа, хөлсийг нь төлөөд амьдарч байя гэдэг зүйлийг тохирч, нөгөө талаас зөвшөөрсөн. Б.Бг зээлээ хөөцөлдөж өөрийн нэр дээр болгож, мөнгө өгөхийг хүлээсэн боловч Б.Б орон сууцыг худалдаж аваагүй. Б.Б нь сар бүр Төрийн банкны 230000062875 тоот дансанд мөнгө шилжүүлж байсан нь амьдарч байгаа хугацааныхаа хөлсийг төлж байгаа тухай ойлголт болохоос, орон сууцыг худалдаж авах үнээсээ хэсэгчилж төлөөд байгаа зүйл биш юм. Өөрөөр хэлбэл Б.Б нь Б.Згийн харилцах данс руу мөнгө шилжүүлдэг харин банк харилцах данснаас зээлийг татдаг юм.

4.3.Мөн зохигч нарын хооронд хийгдсэн 2017.01.04-ний хэлцэл гэх баримт бичигт “Уг байр 50,000,000 төгрөгийн үнэ бөгөөд Б.Б нь одоогийн байдлаар 9,232,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 21,434,000 төгрөг төлнө гэсэн утга бүхий бичвэр байдаг. Тухайн үед бодит байдал дээр Б.Б нэг зуун төгрөг ч Б.Зд төлөөгүй байсан. 50,000,000 үнэтэй байр (огт өгөөгүй мөнгө 9,232,000 + ирээдүйд төлнө гэх 21,434,000 төгрөгийг нэмбэл =30,666,000) байна. 50,000,000 30,666,000 = 19,334,000 төгрөгийн зөрүү огт дурдагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Б.Зд илт хохиролтой хэлцэл гэх бичвэрийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Б.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

6.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Зд холбогдуулан 2016.07.02-2019.09.02-ны өдрийг дуусталх хугацаанд орон сууцны үнэд төлсөн 14,347,000 төгрөг гаргуулах, 2017.01.04-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “бусдаас орон сууц худалдан авч үнийн зарим хэсгийг өгч үлдэх төлбөрийг банкнаас зээл авч төлсөн, гэвч банкны зээлээ төлөх боломжгүй болсноос Д.Амарсанаад 54,000,000 төгрөгөөр худалдсан, урьдчилгаанд 7,000,000 төгрөг авсан, тэрээр үлдэх мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг 2015.03 сард төлөөд банкны зээлийн үлдэгдэл 27 сая төгрөгийг сар тутам төлөхөөр тохирч орон сууцыг шилжүүлж авсан, гэтэл 2015 оны 1 сараас хойш 18 сард 6,624,000 төгрөгийг банкинд төлж цаашид төлж чадахгүй болсноос орон сууцыг Б.Бд шилжүүлж өгсөн байсныг хожим мэдэж 2017 оны 12 сард гэрээг дахин Б.Бтэй байгуулж 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, тэрээр 25,094,000 төгрөг өгч, мөн зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлж төлөөд байрыг авахаар болсон хэдий ч мөнгөө төлөлгүй 39 сар орон сууцанд амьдарсан, иймд гэрээнээс татгалзсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 15,769,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “39 сарын туршид орон сууцанд үнэ төлбөргүй амьдарсан тул байр ашигласны хөлс сарын 400,000 төгрөгөөр тооцож нийт 15,200,000 төгрөг, байрны эвдрэл гэмтэлд 569,000 төгрөг гаргуулна” гэснийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй маргасан байна.

7.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх, “Б.Б, Б.З нарын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу хариуцагч нэхэмжлэгчид орон сууц шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь үнэд нийт 14,347,000 төгрөг төлсөн боловч хариуцагч нь урьдчилж хугацаа заагаагүй атлаа 25,000,000 төгрөг төлөх шаардлагыг тавьж буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан авсан байна, иймээс үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, талууд гэрээндээ орон сууцанд амьдарсан хугацааг түрээсэлсэнд тооцож төлбөр авах талаар тохиролцоогүй, эд зүйлийг эвдсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, иймээс сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

8.Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Б.З, Д.Амарсанаа нарын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэтэл шүүх Б.Б, Б.З нарын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн, үүнийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Згаас бус Д.Амарсанаагаас орон сууцыг хүлээн авч амьдарч байсан, энэ нь орон сууц хөлслөх гэрээ гэж үзэх үндэслэлтэй, орон сууцыг худалдаж автлаа хөлсийг төлөөд амьдарч байя гэсэн, түүний банкинд сар бүр төлсөн төлбөр нь орон сууцны хөлс төлсөн гэх ойлголтод хамаарна, учир нь уг мөнгийг Б.Згийн дансанд шилжүүлснийг банк зээлд татан авдаг, хариуцагч өөрт илт хохиролтой хэлцэл хийснийг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б, Б.З нарын хооронд орон сууц худалдах-худалдан авахаар тохиролцож хэлцэл байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна.

9.1.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд Б.З ипотекийн зээлээр худалдан авсан орон сууцаа 2015 оны 01 сард Д.Амарсанаад 54,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, зээлийн үлдэгдлийг тогтоосон хуваарийн дагуу төлүүлж, зөрүү мөнгийг авахаар гэрээ байгуулж, орон сууцыг шилжүүлж өгсөн боловч Д.Амарсанаа мөнгийг төлөх боломжгүй болсон, улмаар Б.З болон Б.Б нарын хооронд 2017.01.04-ний өдөр орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нь хэргийн 3-р талд авагдсан, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт тооцож 2016.07.02-ны өдрөөс 2019.09.10-ны өдөр хүртэл нийт 14,347,000 төгрөгийг Б.Згийн зээлийн дансанд шилжүүлснийг, банк түүний нэр дээрх зээлийн төлбөрт тооцон авсан болох нь тогтоогдсон байна.

Дээрхээс үзвэл, зохигчийн хооронд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдэж, гэрээ бичгээр байгуулагдсан, уг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

9.2.Харин хоёр шатны шүүх гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзсэн нь учир дутагдалтай.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл боловч өөрийн гэсэн онцлогтой, худалдан авагч тал худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөс гадна хүү төлөх үүрэг хүлээдэг болохыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Иймд үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон дээрх шинж дангаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулгыг тодорхойлохгүй тул зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх нь хуульд нийцнэ.

10.Орон сууцны үнийн зохих хэсгийг төлөөгүйгээс хариуцагч гэрээнээс татгалзах санал гаргасныг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, орон сууцыг буцаан өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээнээс татгалзсан гэж үзэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

Талууд гэрээнээс татгалзсан бол хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үр дагавар бий болох ба иймээс нэхэмжлэгч нь төлсөн 14,347,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй тул Б.Бгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

11.Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч уг нэхэмжлэлийн буюу 15,769,000 төгрөг шаардаж буй хууль зүйн үндэслэлийн талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, дүгнэлт хийгээгүйг залруулах нь зүйтэй гэж үзэв.

11.1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй болохыг заасан ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга нь нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа мөнгийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, 39 сарын туршид орон сууцанд амьдарч ашигласнаас хохирол учирсан гэх утгатай байна.

11.2.Гэрээнээс татгалзах саналыг хэн, ямар шалтгаанаар гаргасан талаар нэхэмжлэгч “...2019 оны 9 дүгээр сард Б.З нь 7 хоногийн хугацаанд 25,000,000 төгрөгийг өг, өгөхгүй бол байраа авна гэж урьдчилж тохиролцоогүй зүйлийг шаардаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзсан” гэсэн бол хариуцагч “...эхлээд 25,094,000 төгрөгийг өгч, зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлэн төлөөд байрыг авахаар тохиролцсон боловч мөнгөө төлөөгүй үүргээ 3 жилийн туршид зөрчсөн” гэжээ.

11.3.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны үнэ 50,000,000 төгрөг, 9,232,000 төгрөг төлөгдсөн, банкинд төлөх зээлийн үлдэгдэл 21,434,000 төгрөг гэж тус тус тусгагдсан боловч зөрүү 19,334,000 төгрөгийн талаар дурдагдаагүй, тухайлбал, хэзээ, хэрхэн төлөх хугацаа заагаагүй байна.

Үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд гагцхүү хугацаа тогтоогоогүй, болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2-т заажээ.

Нэхэмжлэгч орон сууцны зөрүү мөнгийг төлөөгүй нь зохигч гэрээнээс татгалзах шалтгаан болсон байх боловч үүнд хэн алиныг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, учир нь хариуцагч нэхэмжлэгчийг “25,094,000 төгрөгийг өгөх үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан” гэх боловч уг мөнгийг хэзээ авахаар тохирсон нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн буруутай, үүнээс хариуцагчид хохирол учирсан гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй байна.

Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэлээр орон сууцыг 39 сарын турш ашигласны хөлсөнд сарын 400,000 төгрөгөөр бодож нийт 15,200,000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг зөрчихгүй.

11.4.Харин нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмших ашиглах явцдаа эд зүйлийг эвдсэн, чанар байдлыг муутгасан тохиолдолд хариуцагч нь түүнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч, нэхэмжлэлийн энэ үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй гэж үзэн энэ үндэслэлийг зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна.

12.Дээр дурдсанаар шийдвэр, магадлалд хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулж шийдвэр, магадлалын үндсэн нэхэмжлэлийг хангасан, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 213/МА2020/00024 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2020/00926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.З /өмгөөлөгч Х.Мөнхбаатар/-гийн 2020.11.23-ны өдөр 229,685 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ