Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00352

 

О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01019 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Энхээд холбогдох,

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Ж.Жавзандулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.Чимгээ, С.Сюзанна нарын дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байр, 35 тоот 47 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203018059 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээг  нотариатч Б.Энхээ нь нотариатын бүртгэлийн 372 дугаар дээр 2 өөр үнээр, буюу 100 000 000 төгрөг, 120 000 000 төгрөгийн үнэтэй гэрээг тус тус баталсан байдаг. Гэрээ байгуулах үед Б.Энхээ гэдэг нотариатч өөрөө байгаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ нь нотариатчийн бүртгэлийн дэвтэр дээр бүртгэгдээгүй. Энэ тал дээр маргаагүй.Энэ хоёр гэрээгээр тухайн орон сууцыг худалдаж аваагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Ө.Мөнхтуяа нотариатчийн гэрчилснээр 100 000 000 төгрөгийн  худалдах-худалдан авах гэрээгээр тухайн орон сууц улсын бүртгэлд бүртгэгдэж миний нэр дээр шилжиж ирсэн. Манай эхнэрийг монгол хэл сайн мэдэхгүйг далимдуулан японоос автомашин авах гэж байна гэж хэлээд хуурч 20 000 000 төгрөгийн гэрээнд нэмж гарын үсэг зуруулсан байдаг. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр түүний охин Сюзаннагийн тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх эрхийг олгосон итгэмжлэлээр манай нэр дээр шилжсэн байдаг боловч үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй байсан.Иймд тус гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ  тодорхой бичээгүй  тул  тайлбар хийх шаардлагагүй. Нэхэмжлэгч О.Эгиймаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8382 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 330 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 001/ХТ2016/00409 дугаар тогтоол тус тус гарсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй  учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Шүүхийн шийдвэрт хариуцагч О.Эгиймаа нь Төрийн банкнаас  тавьсан 100 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн шаардлагын дагуу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 100 000 000 төгрөгийн, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 100 000 000 төгрөгийн  худалдах-худалдан авах гэрээнүүдийг байгуулсан болох нь  хэрэгт авагдсан гэрч С.Содгэрэл, Б.Энхээ, Д.Сумхүү нарын мэдүүлгүүд, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 120 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон худалдах-худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар тус тус  тогтоогдож байна.Дээр дурдсан үйл баримтуудаар зохигчид нь орон сууцны үнийг 120 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд Төрийн банкнаас олгох зээлийн хэмжээнээс хамаарч 100 000 000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээг байгуулсан нь тогтоогдож байгаа. Хариуцагч О.Эгиймаа нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авснаар Төрийн банкнаас Ж.Чимгээд 100 000 000 төгрөгийг шилжүүлж, О.Эгиймаагаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 6 000 000 төгрөгийг Ж.Чимгээд төлсөн болох нь  хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд орон сууцны төлбөрт  106 000 000 төгрөгийг Ж.Чимгээ хүлээн авсан талаар зохигчид маргаагүй болохыг дурдаж байна хэмээн гэрээнүүдийг дүгнэсэн үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Давж заалдах болон хяналтын шатны шүүх талууд орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон гэж үзсэнийг буруутгах  үндэслэлгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээнд үнийг тохиролцсоноос өөрөөр  бичсэн байдал нь гэрээг хүчин төгөлдөр  бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн билээ.Нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч өөрийн охин болох Сюзаннагийн сургалтын төлбөр төлөх асуудал бий болсон учраас охиноосоо итгэмжлэн авч энэхүү байраа худалдахаар болсон. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Сюзаннагийн хувьд хэлцэл хийх эрхийг хуульд заасан журмын дагуу ээждээ олгосон байдаг. Итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан. Энэ үйл баримтыг 3 шатны шүүх тухай бүр шийдвэр, магадлал, тогтоолоор баталсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01019 дүгээр шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээд холбогдох 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээний бүртгэлийн 372 тоот дугаарт бүртгэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж  нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай О.Эгиймаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотариатч Б.Энхээ нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдах авах гэрээг гэрчлэхдээ гэрээ нь хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлах ёстой атал нэг огноо, бүртгэлийн дугаартай хоёр өөр үнийн дүн бүхий 2 гэрээг нотариатч бүртгэлд авалгүйгээр, хамтран өмчлөгч болох С.Сюзаннагийн зөвшөөрөлгүйгээр гэрчилсэн болох нь тогтоогдсон байдаг.Энэ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 46 дугаар зүйлд заасныг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ж.Чимгээ, С.Сюзанна нар нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байрны 35 тоотод байрлах Ү-2203018056 тоот улсын бүртгэлийн дугаартай 0112146 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О.Эгиймаад худалдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна....Хяналтын шатны шүүхийн тогтоолд Сүхбаатар дүүрэг 5-р хороолол 26-р байрны 35 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч худалдаж, хариуцагч худалдан авч үнийг төлөх талаар тохиролцсон нь нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл болсон гэрээгээр тогтоогдсон, Ж.Чимгээ, Д.Сумхүү нар О.Эгиймаа, Б.Бямбадорж нарт орон сууцыг худалдсан 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр өмчлөх эрх шилжсэн, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Ж.Чимгээ, С.Сюзанна нарыг төлөөлж, Д.Сумхүү, А.Бямбадорж, О.Эгиймаа нар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ дүгнэсэн.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...зохигчид гэрээ байгуулахдаа гэрээний үнийг өөрөөр бичсэн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, талууд гэрээний үнийг 120 000 000 төгрөгөөр тохиролцсон байна” гэж дүгнэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолыг дурдсан байгаа нь маргааны үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзэх үндэслэл болохгүй юм. Харин орон сууц худалдах худалдан авах гэрээнд өмчлөгч С.Сюзанна гарын үсэг зураагүй байхад худалдах-худалдан авах гэрээг нотариатч гэрчилсэн хууль бус үйлдлийн талаар анхан шатны шүүх дүгнэсэн байдаг юм. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх заалтыг зөрчсөн тухай л тодорхой дүгнэсэн байгааг анхаарч үзнэ үү.Мөн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Мөн хуулийн 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасныг тус тус зөрчиж хийсэн нотариатын үйлдэл анхнаасаа хууль бус байсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн анхан шатны шүүх шийдвэрлэсэн, маргааны үйл баримт өөр байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг нэгэнт тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.Нотариатч өмнө хийсэн гэрээгээ хүчингүйд тооцоогүй байж яагаад 120 000 000 төгрөгийн гэрээг дахин байгуулаад байгаа нь ойлгомжгүй юм. Хэргийн үйл баримтаас үзэхэд 100 000 000 төгрөгийн үнэ бүхий 2015 оны 3 дугаар сарын 18, 6 дугаар сарын 24-нд гэрээ хийгээд байгаа нь гэрээний үнэ 100 000 000 төгрөг байх магадлалтай. Нөгөө талаас 120 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээг Шүүгчийн захирамжаар 2016 оны 6 дугаар сарын 09-нд 20 сая төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн ч өмнөх 20 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй байсныг нотолж байгаа. Энэ талаар талууд маргадаггүй учраас нотлох баримтаар хэрэгт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэж байгаа юм.Хяналтын шатны шүүх хоёр шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж, талууд орон сууцыг 120 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх байдал тогтоогдохгүй гэж үзсэн нь өмчлөх эрхийг шилжүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэлтэй гэж дүгнэсэнтэй зөрчилдсөн агуулгатай дүгнэлт хийсэн байдаг. Эдгээр нотлох баримтуудад үндэслэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлсэн бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 100 сая, 120 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдах худалдан авах гэрээг нэг өдөр нэг бүртгэлийн дэвтрийн 372 дугаарт бүртгэгдсэн нь нотариатч хууль зөрчөөгүй гэдгийг нотолсон баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх өмнөх 8382 дугаартай шийдвэрээр үйл баримт тогтоогдсон мэт үзнэ гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасныг зөрчсөн.Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 61 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01019 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч О.Эгиймаа нотариатч Б.Энхээд холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “орон сууц худалдах-худалдан авах” 2 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, эдгээр гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зөвхөн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахыг шаардсан байна \хх-ийн 1, 61 дүгээр тал\.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8382 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүх 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 001\ХТ2016\00409 дүгээр тогтоолоор О.Эгиймаад холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 20 000 000 төгрөг гаргуулах тухай Ж.Чимгээгийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ \хх-ийн 16-25 дугаар тал\.

Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд зааснаар Ж.Чимгээ, О.Эгиймаа нарын хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 26 дугаар байрны 35 тоот 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Орон сууцыг худалдан авч буй О.Эгиймаа Төрийн банкнаас 100 000 000 төгрөгийн зээл авах тул гэрээний үнийг 100 000 000 төгрөгөөр тусгуулахыг хүссэний дагуу талууд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах хоёр гэрээ байгуулж, нэг гэрээнд орон сууц худалдан авах үнийг 100 000 000 төгрөг, нөгөө гэрээнд 120 000 000 төгрөг гэж заасан байна. 120 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээнд “Төрийн банк 8%-ийн зээлийн хэмжээ 100 000 000 \нэг зуун сая\ төгрөгөөс хэтрэхгүй лимиттэй гэж хэлсэн учир 20 000 000 \хорин сая\ төгрөгөөр 2 тал тохиролцож, лизингээр автомашин авахаар тохирсон” гэж заажээ. Тухайн хэргийн талууд орон сууцны худалдах-худалдан авах гэрээний үнийг 100 000 000 төгрөг, 120 000 000 төгрөг гэж маргасан ба шүүх худалдах-худалдан авах гэрээний үнийг 120 000 000 төгрөг гэж үзжээ. Орон сууцыг өмчлөх эрх дээрх хоёр гэрээний дагуу бус харин Ж.Чимгээг итгэмжлэлээр төлөөлсөн Д.Сумхүү, О.Эгиймаа нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр Ж.Чимгээгээс О.Эгиймаад шилжжээ. Уг гэрээнд орон сууцны үнийг 100 000 000 төгрөг гэж заасан боловч талуудын тохиролцоо 120 000 000 төгрөг байсан тул хариуцагч О.Эгиймааг гэрээний үүргээ дутуу биелүүлсэн гэж шүүх үзэж, түүнээс 14 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул орон сууц худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, уг гэрээний оролцогчдын эрх, үүрэг, төлөх төлбөр зэрэг маргааны үйл баримтын талаар зохигчид дахин маргах эрхгүй, эдгээр үйл баримтыг дахин нотлохгүй, шүүх дээрх асуудалтай холбоотойгоор өөр хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэхгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4., 65 дугаар зүйлийн 65.1.6., 120 дугаар зүйлийн 120.4., 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан шаардлагад нийцнэ.

Ж.Чимгээ, О.Эгиймаа нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах хоёр гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах талаар О.Эгиймаа нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл урьд гаргаагүй, шүүх Ж.Чимгээгийн нэхэмжлэлтэй дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотариатчийн үйлдлийн талаар дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх О.Эгиймаагийн шаардлагын талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэж, О.Эгиймаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч О.Эгиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ орон сууц худалдах-худалдан авах 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, өөрчлөх нэхэмжлэгчийн эрх юм.

Ийнхүү нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулсанаар уг үйлдлээр батлагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох зорилготой байсан ч шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага, урьд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн өөр хэргийн үйл баримт хоёрыг зааглан ялгах учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, орон сууц худалдах-худалдан авах гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний талууд нэг орон сууцыг гурван удаа бус харин нэг л удаа худалдах-худалдан авахаар хэлцэл хийж, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон боловч энэхүү тохиролцоо бүхий хэлцлийг хэлбэржүүлэхдээ 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хоёр, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэг нийтдээ 3 гэрээ байгуулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон байна. Нэгэнт шүүх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй нөхцөлд энэ хэлцлийг тусгасан хэдэн ч гэрээ бичгээр байгуулагдсан байсан тэдгээрийн хэлбэрийн зөрчил талуудын хүсэл зоригийн илэрхийллийг, мөн шүүхийн энэ талаарх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Талууд нэг хэлцлийн талаар хэд хэдэн гэрээ байгуулсан учир шалтгааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт тодорхой тусгагдсан байна.

Харин дээрх гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын баталгаа нь Нотариатын тухай хууль, энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээдээс гаргасан заавал даган мөрдөх шинжтэй журам бүхий зааварт нийцсэн байх учиртай. Энэхүү зааварт заасан журмыг нотариатч үйл ажиллагаагаа явуулахдаа зөрчсөн бол нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүснэ.

Хариуцагч Б.Энхээ 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дээрх хоёр гэрээг гэрчлэхдээ нэг гэрээнд худалдагч талын хамтран өмчлөгч С.Сюзанна гарын үсэг зураагүй болохыг анхаараагүйгээр үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, бүрэн оролцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хариуцагчийг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1.-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар 46 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

       ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН