Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 01019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14б байрны 64 тоотод оршин суух Ханддорж овогт Осорын Эгиймаа/УХ65032949/-гийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Монголын Нотариатчдын танхим, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Банзрагчийн Энхээд холбогдох

           Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн  “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбадорж, өмгөөлөгч Ж.Жавзандулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Эгиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Иргэн О.Эгиймаа би 2015.03.18-ны өдөр иргэн Ж.Чимгээ, С.Сюзанна нарын дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байр 35 тоот 47м2 талбайтай улсын бүртгэлийн Ү-2203018059 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээг байгуулах хэлбэрээр нотариатч Б.Энхээ нь нотариатын бүртгэлийн 372 дугаар дээр 2 өөр үнээр, хамтран өмчлөгч С.Сюзаннагийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээг гэрчилж Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар, иргэний хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл хийснээс болж миний биед сэтгэл санаа мөнгөн хохирол учраад байна.Иймд хууль зөрчиж хийсэн дээрх гэрээнүүдийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чимгээгийн найз нотариатч дээр очиж Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 100,000,000 төгрөг, 120,000,000 төгрөгийн үнэтэй гэрээг тус тус байгуулсан байдаг. Гэрээ байгуулах үед Энхээ гэдэг нотариатч өөрөө байгаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь нотариатчийн бүртгэлийн дэвтэр дээр бүртгэгдээгүй. Энэ тал дээр маргаагүй.  Энэ хоёр гэрээгээр тухайн орон сууцыг худалдаж аваагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Ө.Мөнхтуяа нотариатчийн гэрчилснээр 100,000,000 төгрөгийн  худалдах, худалдан авах гэрээгээр тухайн орон сууц улсын бүртгэлд бүртгэгдэж  миний нэр дээр шилжиж ирсэн. Манай эхнэрийг Монгол хэл сайн мэдэхгүйг далимдуулан Японоос автомашин авах гэж байна гэж хэлээд хуурч 20,000,000 сая төгрөгийн гэрээн дээр нэмж гарын үсэг зуруулсан байдаг. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түүний охин Сюзаннагийн тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх эрхийг олгосон итгэмжлэлээр манай нэр дээр шилжсэн байдаг боловч үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй байсан. Иймд тус гэрээг баталсан нотариатчийн  үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64-д төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч  этгээдэд  төлөөлүүлэх  тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заажээ.

Нотариат би хууль тогтоомжийн дагуу 2015.03.18-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн тул нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, О.Эгиймаагийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болох нь  харагдаж байна.

Нэхэмжлэгч нь хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ  тодорхой бичээгүй  тул  тайлбар хийх шаардлагагүй.

Нэхэмжлэгч О.Эгиймаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.03-ны өдрийн 8382 дугаартай шийдвэртэй, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016.02.22-ны өдрийн 330 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.04.21-ний өдрийн 001/ХТ2016/00409 дугаартай тогтоолтой юм. Өөрөөр хэлбэл ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг  хүлээн  авахаас  татгалзана гээд мөн зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр,эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа хэмээн  заасан тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй  учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү .

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015.12.03 ны өдрийн 8283 дугаартай шийдвэрт    хариуцагч О.Эгиймаа нь Төрийн банкнаас  тавьсан 100,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн шаардлагын дагуу 2015.03.18-ны өдөр 100,000,000 төгрөгийн, 2015.06.24-ний өдрийн 100,000,000 төгрөгийн  худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан болох нь  хэрэгт авагдсан гэрч С.Содгэрэл, Б.Энхээ, Д.Сумхүү нарын мэдүүлгүүд, 2015.03.18-ны өдрийн 120,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар тус тус  тогтоогдож байна.

Дээрх дурдсан үндэслэл нь үйл баримтуудаар зохигчид нь орон сууцны үнийг 120,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд Төрийн банкнаас олгох зээлийн хэмжээнээс хамаарч 100,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч О.Эгиймаа нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авснаар Төрийн банкнаас Ж.Чимгээд 100,000,000 төгрөгийг шилжүүлж О.Эгиймаагаас 2015.01.29-ний өдрөөс 20150.4.19-ний өдрийг хүртэл хугацаанд 6,000,000 төгрөгийг Ж.Чимгээд төлсөн болох нь  хэрэгт авагдсан 2015.06.25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд орон сууцны төлбөрт  106,000,000 төгрөгийг Ж.Чимгээ хүлээн авсан  талаар зохигчид маргаагүй болохыг дурдаж байна хэмээн гэрээнүүдийг дүгнэсэн үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.02.22-ны өдрийн330 дугаартай магадлалд Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Мөн тус магадлалд  хэрэгт авагдсан дээрх баримт, гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбарыг харьцуулан судалбал  талуудын хооронд байгуулсан 2 өрөө  орон сууц худалдах худалдан авах гэрээний үнийг 120,000,000 төгрөгөөр тохирсон гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт зөв  байв гэж гэрээг дүгнэсэн.

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.04.21-ний өдрийн001/ХТ2016/00409 дугаартай тогтоолд   “худалдах  худалдан авах гэрээгээр  худалдагч тал нь биет байдлын  доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй  холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь  хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг”, “ Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороолол, 26 дугаар байрны 35 тоот 2 өрөө орон сууцыг  нэхэмжлэгч  худалдах, хариуцагч  худалдан авч үнийг төлөх  талаар  тохиролцсон нь нэхэмжлэл болон  хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл болсон  гэрээгээр тогтоогдсон”,  “талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ нэхэмжлэгч  биелүүлснээр орон сууцыг  өмчлөх эрх хариуцагчид шилжжээ.Гэрээний дагуу шилжүүлсэн  эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй юм”, ”хоёр шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг өөрийн хэмжээний хүрээнд үнэлж талууд орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж үзсэнийг буруутгах  үндэслэлгүй, шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарласан  байдал тогтоогдохгүй гэж хяналтын  шатны шүүх үзлээ”. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээнд үнийг тохиролцсоноос өөрөөр  бичсэн байдал нь гэрээг хүчин төгөлдөр  бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна хэмээн гэрээнүүдийг хүчин төгөлдөр байдлын талаар тодорхой дурдсан  билээ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авч байгаа тал дээр А.Бямбадорж гэдэг хүн байгаагүй. Хамгийн гол нь өнөөдөр нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч өөрийн болох Сюзаннагийн сургалтын төлбөр төлөх асуудал бий болсон учраас охиноосоо итгэмжлэн авч энэхүү байраа худалдахаар болсон. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Сюзаннагийн хувьд хэлцэл хийх эрхийг хуульд заасан журмын дагуу ээждээ олгосон байдаг. Итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан. Энэ үйл баримтыг 3 шатны шүүх тухай бүр шийдвэр, магадлал, тогтоолоор баталсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн  судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 05 дугаартай Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээгийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээний бүртгэлийн 372 тоот дугаарт бүртгэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, “Орон сууц” худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээний бүртгэлийн 372 тоот дугаарт бүртгэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн тус гэрээг баталсан нотариатчийн  үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хариуцагч нь талуудын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хуулийн дагуу гэрчилсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээ нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ж.Чимгээ, С.Сюзанна нар нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байрны 25 тоотод байрлах,  Ү-2203018056 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0112146 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О.Эгиймаад худалдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г гэрээний бүртгэлийн 372 дугаарт бүртгэн гэрчлэхдээ гэрээний үнийн дүнг 100,000,000 төгрөг болон 120,000,000 төгрөгийн хоёр өөр үнийн дүнтэйгээр давхар гэрчилжээ./хх-ийн 52,56 дугаар талууд/

Мөн 120,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд орон сууцны хамтран өмчлөгч болох Сүмхүүгийн Сюзаннагийн гарын үсэг зурагдаагүй байхад нотариатч тамга болон баталгааны тэмдгийг дарж гэрээг гэрчилсэн байна./хх-ийн 52 дугаар тал/

Нотариатч нь талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчлэхдээ гэрээ нь хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлах ёстой атал нэг огноо, бүртгэлийн дугаартай хоёр өөр үнийн дүн бүхий гэрээг хамтран өмчлөгч болох С.Сюзаннагийн зөвшөөрөлгүйгээр гэрчилсэн болох нь тогтоогдож байх тул  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 46 дугаар зүйлд заасныг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын  5 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ж.Чимгээ, С.Сюзанна нар нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байрны 25 тоотод байрлах, Ү-2203018056 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0112146 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О.Эгиймаад худалдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт  “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ”, мөн энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ж.Чимгээ, С.Сюзанна болон О.Эгиймаа нарын хооронд байгуулагдсан 100,000,000 төгрөг болон 120,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий хоёр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь улсын бүртгэлд бүртгэгдэж, энэхүү гэрээнүүдийн үндсэн дээр О.Эгиймаад орон сууцын өмчлөх эрх үүсэж, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй учир дээрх хоёр гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй гэрээ болохыг дурдах нь зүйтэй.

      Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хамтран өмчлөгч Сумхүүгийн Сюзанагийн гарын үсэг нөхөн зурагдсан гэрээ гэж дүгнэн шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд тус ту  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг баримтлан О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээд холбогдох 2015 оны 03-р сарын 18-ны өдөр гэрээний бүртгэлийн 372 тоот дугаарт бүртгэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ