Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2020/00036

 

 

******* ХХК, З.Отгонгэрэл нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймаг дахь

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугааар

нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч

Б.Чанцалдулам, Итгэлт эстимэйт ХХК-д тус

тус холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК, З.Отгонгэрэл нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугааар нээлттэй хорих анги,*******, Итгэлт эстимэйт ХХК-д тус тус холбогдох,

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч Б.Чанцалдулам, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймаг, Баян-Өндөр сум говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэргийг битүүмжилж улмаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16/40910/06,18140703/10 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар тус тус хураан авсан. Дээрх хоёр хөрөнгийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Мөнх-Оргил трейд ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ 1.108.000.000 /нэг тэрбум нэг зуун найман сая/ төгрөгөөр үнэлэгдсэн.

Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас томилогдсон Итгэлт эстимэйт ХХК нь Үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үнэлсэн. Уг үнэлгээгээр хөрөнгийг 596.800.000 төгрөгөөр буюу өмнө үнэлсэн үнэлгээнээс 511.200.000 төгрөгөөр бууруулан үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь хэт доогуур үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан тооцоход тодорхой байна. Энэ нь хууль бус бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тус хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр компанийн захирал З.Отгонгэрэлд танилцуулсан болно.

Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэргийг үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн № 63/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Чанцалдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1319 дүгээр шүүхийн шийдвэрээр ******* ХХК-аас 38.140.613 төгрөг гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар 12-ны өдрийн 387 дугаар шүүхийн шийдвэрээр З.Отгонгэрэлээс 200.030.000 төгрөг гаргуулж Н.Энхбаярт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч 3.Отгонгэрэлийн өмчлөлийн ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2101007207, 130101114 тоот нэгж талбарын дугаартай эд хөрөнгүүдийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны 16140910/05, 2019 оны 06 дугаар сарын 28-ны 18140703/09 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 08 дугаар 15-ны өдрийн 16140910/06, 18140703/10 дугаартай тогтоолоор хураан авсан. Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 596.800.000 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр шүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно.

Иймд ******* ХХК, З.Отгонгэрэл нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.3-д заасныг баримтлан ******* ХХК болон З.Отгонгэрэл нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2018/05032 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2018/05032 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нар Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1.108.000.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хариуцагчийн томилсон Итгэлт эстимэйт ХХК нь үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 596.800.000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь хэт доогуур үнэлэсэн болох нь хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан тооцоход тодорхой байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна гэсэн боловч Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1.108.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ямар үндэслэлээр баримтлаагүй болохоо тайлбарлаж чадаагүй.

Мөн Итгэлт эстимэйт ХХК нь үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 596.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үнэн зөв хуулийн дагуу гаргасан гэдгийг огт тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Итгэлт эстимэйт ХХК нь үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыгг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хариуцагч Итгэлт эстимэйт ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрэсэн боловч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг оролцуулалгүйгээр хийсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Баян-Өндөр сум, Говил багт байрлалтай 900 м2 үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 м2 газар зэрэг хөрөнгийг үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 63/03 дугаартай хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар төлбөр төлөгч ******* ХХК нь тус аймгийн татварын хэлтэст 38.140.613 төгрөг, иргэн Н.Энхбаярт 200.030.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №18140703/09 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №18140703/10 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, хурааж авсан, албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авсан үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-д ... үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө ... гэж заасны дагуу битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсны үндсэн дээр Итгэлт эстимэйт ХХК нь төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг 596.800.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Мөнх оргил трейд ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлалтай 900 м2 үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 м2 газар хөрөнгүүдийг 1.108.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн байх ба энэхүү хөрөнгийн үнэлгээ, Олон улсын үнэлгээний стандартын орлогын, өртгийн хандлага, зах зээлийн жишиг үнийн арга, зардлын хандлагын аргуудаар тооцож гаргасан Итгэлт эстимейт ХХК-ийн гаргасан үнэлгээ хоорондоо хэт зөрүүтэй гарсан гэж үзэж байгаа тохиолдолд тэрээр хуульд заасны дагуу хүсэлт гаргаж дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй байжээ.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй тул анхан шатны шүүх ... Итгэлт эстимейт ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй ... гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчний үнэлгээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн нь хууль бус бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү? ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ