Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00879

 

2021    06            25                                          001/ХТ2021/00879

 

 

 

................... ХХК, ...................нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаар магадлалтай,

 

................... ХХК, ...................нарын нэхэмжлэлтэй

..................., ..................., ...................ХХК нарт холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймаг, Баян-Өндөр сум говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэргийг битүүмжилж улмаар 2019.08.15-ны өдрийн 16/40910/06,18140703/10 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар тус тус хураан авсан. Дээрх хоёр хөрөнгийг 2018.07.27-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Мөнх-Оргил трейд ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ 1,108,000,000 /нэг тэрбум нэг зуун найман сая/ төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл ...................ас томилогдсон ...................ХХК нь Үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019.10.01-ний өдөр үнэлсэн. Уг үнэлгээгээр хөрөнгийг 596,800,000 төгрөгөөр буюу өмнө үнэлсэн үнэлгээнээс 511,200,000 төгрөгөөр бууруулан үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь хэт доогуур үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан тооцоход тодорхой байна. Энэ нь хууль бус бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тус хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь 2019.10.04-ний өдөр компанийн захирал ...................д танилцуулсан болно. Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэргийг үнэлсэн 2019.10.01-ний өдрийн № 63/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ..................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015.03.19-ний өдрийн 1319 дүгээр шүүхийн шийдвэрээр ................... ХХК-аас 38,140,613 төгрөг гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.12-ны өдрийн 387 дугаар шүүхийн шийдвэрээр ...................ээс 200,030,000 төгрөг гаргуулж Н.Энхбаярт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч 3.Отгонгэрэлийн өмчлөлийн ................... ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох ..................., ................... тоот нэгж талбарын дугаартай эд хөрөнгүүдийг 2019.06.28-ны 16140910/05, 2019.06.28-ны 18140703/09 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 08 дугаар 15-ны өдрийн 16140910/06, 18140703/10 дугаартай тогтоолоор хураан авсан. Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор ...................ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 596,800,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно. Иймд ................... ХХК, ...................нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.3-д заасныг баримтлан ................... ХХК болон ...................нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2018/05032 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2018/05032 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нархяналтын гомдолдоо: Шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн “55.2.2.үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилж, хураасан хөрөнгийн талаар үнийн саналыг төлбөр төлөгчөөс авсан. Харин төлбөр авагч нараас үнийн санал авсан эсэх нь тодорхойгүй, энэ хэрэгт үнийн санал авсан талаарх ямар нэгэн баримт авагдаагүй байхад талуудаас үнийн санал авсан үйл баримт тогтоогджээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаа нь талууд зөрүүтэй үнийн санал ирүүлсэн тохиолдолд хийгдэх ажиллагаа байтал төлбөр авагч нараас авсан үнийн санал байхгүй байхад уг ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж буй нь хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөхөөр заасан. Харин шинжээчээр үнэлүүлэх тохиолдлуудыг 55.2 дахь хэсэгт заасан ба 55.2.2.үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх зохицуулалтыг тусгажээ. Талууд гэдэгт төлбөр төлөгч, төлбөр авагчийг ойлгох ба төлбөр төлөгчийн үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээ хийх талаар хуулийн дээрх заалтад тодорхой заажээ. Гэтэл уг хуульд заасан журмын дагуу шинжээч томилох, үнэлгээ хийх ажиллагаа явагдаагүй тул хууль бус юм. Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нар Мөнх-Оргил трейд ХХК-ны 2018.07.27-ны өдрийн 1,108,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хариуцагчийн томилсон ...................ХХК нь үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019.10.01-ний өдөр 596,800,000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь хэт доогуур үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан тооцоход тодорхой байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна гэсэн боловч Мөнх-Оргил трейд ХХК-ы 2018.07.27-ны өдрийн 1,108,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ямар үндэслэлээр баримтлаагүй болохоо тайлбарлаж чадаагүй, Мөн ...................ХХК нь үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019.10.01-ний өдөр 596,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үнэн зөв хуулийн дагуу гаргасан гэдгийг огт тайлбарласангүй. ...................ХХК нь үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг үнэлсэн 2019.10.01-ний өдрийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай нийцэхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Гурав. Хариуцагч Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ................... нарын хүсэлтээр хариуцагч ...................ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн боловч 2020.01.07-ны өдрийн шүүх хуралдааныг оролцуулалгүйгээр хийсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ................... нар хариуцагч ...................ХХК-ийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй, хуулийн этгээд эсхүл иргэн аль нь болохыг зааглан ялгахгүйгээр шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээдийн эрх зүйн байдлыг анхаараагүй, анхан шатны шүүхийн алдааг залруулж чадаагүй нь буруу байна.

 

1.................... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч ................... ХХК, захирал ...................гэж тусгасан боловч ...................нь шаардлага гаргаагүй, тус компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд нэхэмжлэлд гарын үсэг зурсан байхад шүүх хамтран нэхэмжлэгч гэж үзсэн, хариуцагчийг ..................., ..................., ...................ХХК гэж тодорхойлсон боловч ................... нь шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд болохоос гадна тухайн байгууллагын өмнөөс ажиллагаа явуулсан этгээд байхад хариуцагч гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т нийцээгүй байна. ................... нь шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

Иймд ................... ХХК-ийн нэхэмжлэлтэй хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хариуцагч ..................., ...................ХХК-д холбогдох хэргийн талаар шүүх хянан хэлэлцсэн, эдгээр этгээдүүдийн хооронд шийдвэр гарах үндэслэлтэй, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

2. ................... ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сум, Говил багт байрлалтай 900 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 м.кв газрыг үнэлсэн ...................ХХК-ийн 2019.10.01-ний өдрийн 63/03 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болж чадаагүй байна. шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

 

................... ХХК нь тус аймгийн Татварын хэлтэст 38,140,613 төгрөг, иргэн Н.Энхбаярт 200,030,000 төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэн явуулж 2019.06.28-ны өдөр №18140703/09 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2019.08.15-ны өдрийн №18140703/10 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, хурааж авсан, албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй боловч шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй эсэхийг шүүх дүгнэж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлж, Мөнх оргил трейд ХХК-ийн 2018.07.23-ны өдрийн үнэлгээг шүүхэд гаргасан, үнэлгээний тайланд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлалтай 900 м2 үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 м.кв газар, бетон суурьтай хашаа, гурван талт хашаа, автозогсоол гэсэн хөрөнгүүдийг 1,108,000,000 төгрөгөөр үнэлсэн  байна. Шүүхээс томилогдсон шинжээч Итгэлт эстимейт ХХК дээрх хөрөнгө буюу ...900 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 м.кв газрыг нийт 596,800,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Эдгээр баримтаас үзвэл хөрөнгийг дутуу үнэлсэн эсэхээс гадна үнийн зөрүү яагаад бий болсон, үнэлгээ үндэслэлтэй эсэх асуудал эргэлзээтэй тул үнэлгээг хүчингүй болгож, уг ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2. дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 27-ны өдрийн 36 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00061 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан хариуцагч ..................., ...................ХХК-д холбогдох нэхэмжлэгч ................... ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Баян-Өндөр сум, Говил багт байрлах 900 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 м.кв газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.” гэж, 2 дах заалтад “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД