| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0926/Э |
| Дугаар | 263 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 263
Ж.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор, З.Хүрэлсүх, хохирогч Б.З, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Л-н өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 981 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 249 дүгээр магадлалтай, Ж.М-т холбогдох 1903004080327 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор, З.Хүрэлсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, А овогт Ж.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,
Иргэний хариуцагч “Б.Э.Ж.Э” ХХК-аас хохирогч Б.З-д эмчилгээний зардалд 2,254,000 төгрөг, хохирогч Б.Э-т эмчилгээний зардалд 1,952,300 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 10,615,600 төгрөг нийт 14,821,900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.З, Б.Э нарт, амь хохирогч Ц.Э-н оршуулах зан үйлд зарцуулсан 24,456,690 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д олгож,
Ж.М нь иргэний нэхэмжлэгч “Би Эм Жи Эл” ХХК-нд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,611,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,
Иргэний хариуцагч “Б.Э.Ж.Э” ХХК гэм буруутай этгээдээс, хохирогч Б.З, Б.Э нарыг хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хариуцагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.М-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэж байна. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зэргээр тухайн зам тээврийн осол гарсан газар нь “гэр хорооллын дунд шороон уул, жалгатай үзэгдэх орчин чөлөөтэй зам байсан", Тухайн зам тээврийн осол гарах үед хамт ажиллаж байсан гэрч Б.М, Э.Бнарын мэдүүлэг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ХАБ-33 дугаартай хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3458 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар Ж.М нь гэр хорооллын дунд замд уруу газарт хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс тээврийн хэрэгсэл нь уруудаж улмаар айлын хашаа мөргөснөөс зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын дүгнэлтээр “Б.Э.Ж.Э” ХХК нь өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцуулсан боловч тухайн техникийн бүрэн бүтэн байдал буюу өргөх механизмын үйл ажиллагаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтад заасан “хөдөлгөөн эхлэх” гэдэг нь тээврийн хэрэгсэл байрнаасаа хөдлөх үйлдлийг ойлгох бөгөөд гэр хороолол дунд замд хөдөлгөөнд оролцож байхдаа аюулгүй байдлаа хангалгүйгээр хөдөлгөөн эхэлж, уруудах үед айлуудын хашаа байхад зогсоох арга хэмжээ аваагүй нь мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах шалтгаан болсон, энэ нь жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлээс шалтгаалсан байхад Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр зөвхөн шүүгдэгч Ж.М-н мэдүүлэг, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдолд үндэслэн мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг заасан заалтыг зөрчсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн, хэрэгт заавал тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, И.Хонгор нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3458 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт”-нд Hyundai Mighty маркийн 48-43 УН. улсын дугаартай автомашины урд талаар эвдрэл гэмтэлтэй, баруун хойд гадна дугуй хээ элэгдэж, хийцийн утас ил гарсан гэмтэл нь стандарт шаардлага хангахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт байхад давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин жолооч Ж.М-н бүрэн эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох үедээ бусдад гэм буруугүйгээр хор уршиг учруулсан байгааг буруу дүгнэж, улмаар нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар “өмчлөгч хуулийн этгээд буюу ажил олгогч “Б.Э.Ж.Э” ХХК нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй”, 23 дугаар зүйлд зааснаар “тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийлгэхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлдвэрлэгчээс тогтоосон норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгох”, Автотээврийн тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдэд зааснаар тээврийн хэрэгслийн техникийн хяналт, стандартчилал, үзлэг явуулахад тээврийн хэрэгсэл өмчлөгч хуулийн этгээдийн хүлээх үүргийг тодорхой хуульчилсан байна. Гэтэл эдгээр хуулиар тогтоосон шаардлагыг ажил олгогч “Б.Э.Ж.Э” ХХК бүхэлд нь биелүүлээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслийг шилжүүлж, бусдад эрсдэл үүсэх боломжтой гэдгийг мэдсээр байж зөрчсөн төдийгүй тээврийн хэрэгсэл дээр суурилагдсан сагстай өргөх төхөөрөмжийг хяналтын байгууллагад бүртгүүлэх, техникийн магадлал хийлгүүлэх, удирдан ажиллуулах жолооч болон хүнийг сургалтад хамруулан аттестатчилах зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тогтоосон шаардлагыг давхар зөрчсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна. Жолооч Ж.М-г хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар огт хангаагүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй механикжсан тээврийн хэрэгслээр ажилд гаргасан ноцтой нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсон байхад Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 10.1, 12.3-д заасныг жолооч зөрчсөн гэж дүгнэсэн нь хавтаст хэргийн нотлох баримтуудаас үзэхэд хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл юм. Тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гол шаардлага нь үндэсний стандартаар тогтоосон техникийн узуулэлтийг хангуулах өмчлөгч эзэмшигчийн үүргийг хуульчилсан байна. Энэ үүргээ тээврийн хэрэгслийн өмчлөгч компани хангаагүй байхад зөвхөн жолоочийг бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байсан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн гэх жолоочийн үйлдэлтэй бус, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн өмчлөгчийн үйлдэлтэй холбоотой байхад анхан шатны шүүх буруу дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан жолооч Ж.М-н үйлдлийг цагаатгаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор хэлсэн саналдаа “Шинжээчийн дүгнэлтээр 48-43 УН. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “техникийн бүрэн бүтэн байдлыг” болохыг тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Ж.М-г автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Гэвч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хуулийн этгээд буюу ажил олгогч “Б.Э.Ж.Э” ХХК нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, мөн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийлгэхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээ үйлдвэрлэгчээс тогтоосон норм, дүрэм зааварчилгааг мөрдлөг болгох ёстой. Гэтэл хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй төдийгүй тээврийн хэрэгслийн дээр суурилагдсан сагстай өргөх төхөөрөмжийг хяналтын байгууллагад бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Ж.М-г техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй тээврийн хэрэгслээр ажилд гаргасан ноцтой нөхцөл байдал тогтоогдсон байхад Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 10.1, 12.3-т заасныг зөрчсөн гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлсэн саналдаа “И.Хонгор өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хяналгүй, хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн дүгнэлт өгөхгүй дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Зам тээврийн осол гарахад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчигдөөгүй, Ж.М Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Хөдөлмөр хяналтын Улсын байцаагч нарын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ХАБ-33 дугаартай дүгнэлтэд “Ц.Э-н амь хохирсон, Б.З, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдол нь хөдөлмөрийн аюулгүй байдал болон үйлдвэрлэлийн осол гэсэн хуулийн нэр, мөн дүрмээр зохицуулж заасан үйлдвэрлэлийн ослын акт тогтоох заалтуудад үйлчлэхгүй болно” гэсэн байдаг. Мөн 3458 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “48-34 УН. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талаар эвдрэл гэмтэлтэй, баруун хойд гадна дугуйн хээ элэгдэж, хийцийн утас ил гарсан гэмтэл нь шаардлага хангахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна” гэжээ. Гэрч Б.М, Э.Б нарын мэдүүлэг, дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд Ж.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн байна. Гэтэл нөхцөл байдлыг биеэр шалгалгүйгээр дур мэдэн эвээс чулууг хүмүүсээр авахуулсан нь гэмт хэрэг гарах боломжийг бий болгосон. Харин хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ж.М нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ослын улмаас 1 хүний амь нас хохирч, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Гэмт хэрэг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж үйлдэгдсэн байна. Жолооч учрах хор уршгийг мэдэх боломжтой байсан бөгөөд мэдсээр байж хайхрамжгүй хандаж хэрэг үйлдэгдсэн байна. Тус хэрэгт заавал техникийн шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Учир нь хэргийн үйл баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор, З.Хүрэлсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Ж.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Шүүгдэгч Ж.М-н үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.
Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б.Э.Ж.Э” ХХК-ний эзэмшлийн “Hyundai Mighty” маркийн 48-34 УН. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах” тухай заалтыг зөрчсөний улмаас Хайлаастын 22 дугаар гудамжны 540 тоот хашааг мөргөж, тус хашаанд байшин барьж байсан Б.З, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Ц.Э-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ж.М-н хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулснаар нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтооно гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт нэгэнт цугласан байдлыг үндэслэн анхан шатны шүүх Ж.М-н гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн нотлогдсон байдлын хэмжээ хязгаараас хальж хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх шинж чанаргүй байна.
“Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэл нь гидравлик хүчлүүрт жолоодлогын системтэй бөгөөд гидравлик шингэний даралтын насос нь автомашин хөдөлгүүрээс ремин дамжуургаар эргэлт авч ажилладаг тул хөдөлгүүр унтарсан үед гидравлик хүчлүүр бүрэн ажиллагаагүй болдог.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нь шатахууны дутагдлын улмаас автомашины хөдөлгүүр унтарч, гидравликаар удирдагдах жолоо, тормозны систем ажиллагаагүй болсныг мэдсэн атлаа хөдөлгүүрийг асааж дээрх системүүдийн хэвийн ажиллагааг хангах байтал дугуйны ивээсийг авахуулан тээврийн хэрэгслийг налуу газарт өнхрүүлж, хөдөлгөөнийг эхэлсэн нь цаашид түүнийг хянах боломжгүй болгож хүнд хор уршиг бүхий осол гарахад шууд нөлөөлжээ.
Иймд жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг буруу эхлүүлсэн гэж үзэж, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах” тухай заалтыг зөрчсөн талаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж буй тул шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан Ж.М-г гэм буруугүйгээр хор уршиг учруулснаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Харин гидравлик хүчлүүр ажиллагаагүй болсон тээврийн хэрэгсэл налуу газарт нэгэнт хурдаа авсан тохиолдолд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох, жолооны хүрдийг эргүүлэх боломжгүй тул Ж.М-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Hyundai mighty” маркийн 48-34 УН. улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч “Б.Э.Ж.Э” ХХК болох нь тогтоогдсож иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлын төлбөрийг оновчтой зөв хуваарилан гаргуулсан тул хуулийн этгээдэд ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй талаар гаргасан гомдлын хэсгийг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, И.Хонгор нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 981 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 249 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
2. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гомдлыг тус тус хүлээн авч шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, И.Хонгор нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН