Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2020/00041

 

 

Хөүптаун ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, Б.Цэрэнжаргал нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 142/ШШ2020/00068 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, Б.Цэрэнжаргал нарт холбогдох,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр 34.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Хөүптаун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь *******тэй Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сумын 7-р хороолол 5 байрны 03 тоот 2 өрөө бүхий 72.000.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцны үнийг урьдчилгаа төлбөрт 21.000.000 төгрөг төлөх үлдэгдэл 49.000.000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Тэрээр банкны зээлээр 35.500.000 төгрөгийг компанид төлсөн боловч үлдэгдэл 34.500.000 төгрөгийг төлнө гэж хуурч мэхэлж явсаар өдийг хүрээд байна. Компанийн зүгээс түүнд олон удаа мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийг хүлээн аваад орон сууцны үнийг төлөх талаар санаачлага гаргалгүй удахгүй төлнө гэж явсаар өдийг хүрсэн. Түүнийг төлбөрөө барагдуулалгүй удаашруулсаар байсан тул 2017 оны 09 дүгээр сард компани нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд, 2019 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Цагдаагийн газарт тус тус өргөдөл гаргаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Цагдаагийн газарт шалгагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг тус тус хаагдсан. Ийнхүү иргэний хэргийн шүүхээр уг асуудлыг шийдвэрлэхэд хүрээд байгаа юм. Түүний худалдан авсан орон сууц нь чанарын хувьд ямарч асуудалгүй орон сууц бөгөөд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ Д.Ган-Эрдэнийн нэр дээр бүртгэгдэж тэрээр орон сууцны өмчлөгч болсон... ******* нь 2 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа 21 сая төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 49 сая төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохирсон. Банкны зээл авахын тулд урьдчилгаа 21 сая төгрөг төлсөн баримт хэрэгтэй байна гэсэн учраас компанийн захирал итгэж бэлэн мөнгөний орлогын баримт бичиж өгсөн байдаг. Уг 21 сая төгрөг бодит байдлаар орж ирээгүй. 49 сая төгрөг банкнаас орж ирсэн өдөр 13.5 сая төгрөгийг Ган-Эрдэнэ буцааж авсан. ******* гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас түүний эхнэр нь баталгаа бичиж өгөөд барьцаанд үлдээсэн байсан бичиг баритуудаа авсан байдаг. Үүнээс хойш 34.5 сая төгрөгийг төлөхийг хүлээсэн ч төлөхгүй байсан. Эвлэрүүлэн зуучлалд хандахад дүр үзүүлэн хийсэн 21 сая төгрөгийн баримтыг гаргаж маргасан учир эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй. Улмаар цагдаад хандаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад хаасан байгаа. Тиймээс Д..Ган-Эрдэнээс 34.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан байгаа. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийг төлөөлж тус компанийн борлуулалтын албаны дарга Жиа Руй Линьтэй миний бие Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувь буюу 21.000.000 төгрөгийг бэлэн төлсөн. Орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гарсны дараа Төрийн банкны орон сууцны зээл буюу ипотекэд хамрагдан 20 жилийн хугацаатай 49.000.000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 01 дүгээр сарын 29-нд ******* ХХК-ийн төрийн банкны 1307000067582 тоот данс руу 49.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг төлбөрийг бүхэлд нь төлж дууссан байхад цагдаа, шүүхийн байгууллагад хандаж, янз бүрийн мэдэгдэл гэрт хүргүүлдэгийг ойлгодоггүй юм. Оршин сууж амьдрахад хүндрэлтэй зүйл маш их байгаа. Зах зээл дээр ******* ХХК-ий орон сууцны үнэ ханш буурсан. Зээлээр авсан надад маш их хэцүү байдаг гэжээ.

Хариуцагч Б.Цэрэнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2014 оны 12 дугаар сарын 05-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум 7-р хороолол цаашид ойр орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, ногоон зүлэгжилтээр хүрээлэгдсэн тохилог орон сууц болохоор ажиллаж байгаа гэж танилцуулагдаж буй орон сууцнаас 5-р байрны 3 тоотод 2 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр тохиролцож худалдан авахдаа урьдчилгаа болох 21 сая төгрөгийг бэлэн төлж гэрээ хийн, 2015 оны 01 сард үлдэгдэл 49 сая төгрөгийг ******* Төрийн банкны ипотекийн зээлийг 20 жилийн хуацаатай авч тус компанийн дансанд шилжүүлсэн. Ийнхүү төлбөр тооцоо дуусаад байранд нүүж орохдоо борлуулалтын албаны ажилтнаас паркетан шал дундаа завсар гарсан, обой зарим нэг газартаа хууларсан, өрөө хоорондын хаалганы хүрээ салсан, вакум цонх завсартай салхи сийгэж байгаа талаар хэлж байрны засвар шинэчилж хийж өгөхийг хүссэн тул зөвшөөрсөн ч дахиж холбогдоогүй. Ажилтнууд нь үе үе солигдсон харагддаг. Засварын талаар хэлж сануулах бүрт мэдэхгүй гэж өнгөрөөсөөр бүрэн бүтэн тохитой орон сууц хүлээлгэн өгөөгүй. Нэхэмжлэл өөрөө огт үндэслэлгүй орон сууц тухайн үнийн дүнтэй дүүцхүйц тав тухтай байдал, барилгын чанар аюулгүй байдал хангагдаагүй, бага насны хүүхдээ орхиж гарах боломжгүй хэзээ ч пар задарч халуун ус алдахгүй гэх баталгаагүй, хог новшиндоо дүүрсэн, гадна тохижилт, тоглоомын талбай огт байхгүй, засаж сайжруулдаг эзэнгүй. Өнөөдрийн зах зээлд орон сууц нь өөрөө тухайн ханшинд хүрэхгүй байгаа нь ******* ХХК нь байр авсан иргэдийг хохироож дээр нь мөнгө авсан ч аваагүй хэмээн хууль шүүхийн байгууллагаар хандаж хүндрэл чирэгдэл учруулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 142/ШШ2020/00068 дугаар шийдвэрээр:

Хариуцагч *******эс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1заасныг баримтлан 21000000 /хорин нэгэн сая/ төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөүптаун ХХК-д олгож, нэхэмжлэгч Хөүптаун ХХК-ийн хариуцагч Ж.Цэрэнжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 142/ШЗ2019/05203 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 330.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөүптаун ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* ХХК нь *******, Б.Цэрэнжаргал нарыг хариуцагчаар татсан. Хариуцагч нар уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хариу тайлбараа ... гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийж 21.000.000 төгрөгийг бэлнээр төлж баримт авсан. Төрийн банк ХХК-ийн ипотекийн 20 жилийн зээлийн гэрээ байгуулан үлдсэн 49.000.000 төгрөгийг ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн ... гэж ******* ХХК-д мөнгө тушаасан баримт, Төрийн банкны депозит дансны хуулга, Хаан банкны депозит дансны хуулгыг эх хувиар нь болон нотариатаар батлуулсан нотлох баримт гаргаж өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уулзах боломжгүй байсан учраас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж гэрээ байгуулсан. Тухайн үед намайг мөнгөгүй байсан гэдэг. Миний хаан банкны дансанд мөнгө байсан гэдгээ нотлохоор дансны хуулгаа өгсөн. Гэтэл анхан шатны шүүх ... хариуцагч *******, Ж.Цэрэнжаргал нарын тайлбар татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг няцаасан нотлох баримтыг бүрдүүлж гаргаж өгөөгүй байна ... гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. 2019 оны 05 дугаар сард Орхон аймаг дахь Цагдаагийн газарт ******* ХХК хуурамч баримт үйлдсэн гэж өргөдөл өгсөн байсан. Хуурамч баримт биш тус компанийн баримт гэдгийг тодорхой мэдүүлэн мөрдөн байцаагчийн гарын үсэг зур гэсэн хэсэгт зурсан. Би өмнө нь Цагдаагийн байгууллагад дуудагдаж байгаагүй. Өөрийн бэрхшээлтэй байдлаас болж мэдүүлгийг уншиж чадаагүй гарын үсэг зурсан. Үүнийг ямар учраас үнэлж байгаа болон миний гаргаж өгсөн баримтыг яагаад үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн Төрийн банкны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мемориалын баримтыг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахдаа нэг талыг баримтлан судалсан. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан гэж үзсэн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хөүптаун ХХК нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц худалдан авсаны үнэ 34.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 21.000.000 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 13.500.000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөүптаун ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хөүптаун ХХК, хариуцагч ******* нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 69 дугаартай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ буюу орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээгээр талууд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хорооллын 5 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхрын 03 тоотод байрлах 45 м2 талбайтай 2 орон сууцыг 70.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 21.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 49.000.000 төгрөгийн төлбөрийг банкны зээлээр төлөхөөр болж, орон сууцыг хариуцагч *******д хүлээлгэн өгчээ.

Хэрэгт урьдчилгаа төлбөрт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримт хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан байгаа боловч нэхэмжлэгч талаас хариуцагч ******* банкны зээл авахын тулд урьдчилгаа 21 сая төгрөг төлсөн баримт хэрэгтэй байна гэсэн учраас компанийн захирал итгэж бэлэн мөнгөний орлогын баримт бичиж өгсөн, түүнээс уг 21.000.000 төгрөг бодит байдлаар компанид орж ирээгүй гэсэн нь тайлбар нь үндэслэлтэй байна. Харин хариуцагч нь 21.000.000 төгрөгийг бэлнээр нь тус компанид өгсөн гэдгээ нотлож чадаагүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр хариуцагч нь Төрийн банкнаас ипотекийн зээл 49.000.000 төгрөг авч тухайн өдрөө Хөүптаун компанийн дансанд 49.000.000 төгрөг шилжүүлжээ.

Хариуцагч ******* нь тэр өдөртөө цалингийн зээлээ дарах хэрэгтэй байна, удахгүй буцааж шилжүүлнэ гээд 13.500.000 төгрөгийг буцааж авсан болох нь тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагчаас 34.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхээс уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Ж.Цэрэнжаргал нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд оролцоогүй, нэхэмжлэгч, хариуцагч Ж.Цэрэнжаргал нарын хооронд гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна гэж үзэж хариуцагч Ж.Цэрэнжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв юм.

Хариуцагч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүни йг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор Хөүптаун ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жиа Руйкун бүртгэлтэй болох нь тогтоогдож байгаа ба тухайн компанийн эрх бүхий этгээдээс М.Мэндбаярт итгэмжлэл олгосон нь хууль зөрчөөгүй болно.

Зохигчдод хэргийн материал танилцуулсан 2 удаагийн баримтанд хариуцагч Д.Ган-Эрдэнийн гарын үсэг зурагдаагүй боловч тэрээр хэргийн материал танилцуулсан 2019 оны 12 дугаар сарын 11 ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан /х/х-ийн 52 дугаар хуудас /, мөн 2020 оны 01 дүгээр сарын 9 ний өдөр намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан зэргээс үзэхэд түүнд хэргийг материалыг танилцуулаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нар гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 330.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 142/ШШ2020/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 330.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР