Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2016/00780/И |
Дугаар | 001/ХТ2017/00350 |
Огноо | 2017-03-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2017/00350
Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00957 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Эрдэнэчимэг нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар “Гүн галуутай” цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжаар Т.Эрдэнэчимэгийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байдаг. Ажилтан нь анх ажил олгогчтой тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл хугацаанд тус ажлыг эрхлэхээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаанд заасан нөхцөл шалтгаан арилаагүй өөрөөр хэлбэл тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодроогүй байхад хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.Уг тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн Т.Эрдэнэчимэгт холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл юм. Мөн ажлаас чөлөөлж, ажилд томилж байгаа тушаал нь бие даасан актууд тул тус тусдаа гарах ёстой гэж үзэж байна.Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, Т.Эрдэнэчимэгийг “Гүн галуутай” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/149 дүгээр захирамжаар Багануур дүүргийн “Гүн галуутай цогцолбор” сургуулийн захирлын сул орон тоог нөхөн хүртэлх хугацаанд тус сургуулийн сургалтын ерөнхий менежер З.Болормааг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн захирлын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс ажил үүргийг түр хавсран гүйцэтгэгч томилсон бөгөөд жинхлэн томилоогүй болно.Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны Б/96 дугаар тушаалаар Т.Эрдэнэчимэгийг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00957 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийг Багануур дүүргийн “Гүн галуутай цогцолбор” сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 447 680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Нийслэлийн засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 38.112 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагчаас” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь Монгени цогцолбор сургуульд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл байнгын ажлын байранд ажиллаж, тогтмол цалин хөлс авч байгаа талаараа шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие анхан шатны шүүхэд ажлын газрын тодорхойлолт, цалин хөлс олгож байгаа талаарх лавлагааг Монгени цогцолбор сургуулиас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй ба уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, илт нэг талыг дэмжсэн гэж үзэж байна.Нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хамааралгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэлгүй болно.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б\149 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь Т.Эрдэнэчимэгийг сургуулийн захирлын ажилд томилоогүй, харин захирлын ажлыг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон ба туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Т.Эрдэнэчимэгийг Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна нэхэмжлэлийн шаардлагаас гадуур асуудлыг шийдвэрлэжээ.
Тухайлбал, нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь “Гүн галуутай” дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн байхад шүүх түүнийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасныг зөрчжээ. “Гүн галуутай” сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаагүй, зөвхөн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байсан Т.Эрдэнэчимэг захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардлага гаргасан үндэслэл нь тодорхой бус байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б\96 дугаар тушаалыг Нийслэлийн Боловсролын газрын дарга 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан, харин З.Болормааг түр хавсран гүйцэтгэгчээр томилох тухай 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б\149 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байгааг шүүх анхаараагүй, сургуулийн захирлыг, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгчийг томилох албан тушаалтны бүрэн эрхийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.
Түүнчлэн, Т.Эрдэнэчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүнийг “сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаагаар” сургуулийн захирлын ажил үүргийг гүйцэтгүүлэхээр заасан байх ба ийнхүү сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдсан эсэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Сонгон шалгаруулалт явагдаж, сургуулийн захирал томилогдсон бол захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох нь эрх зүйн ач холбогдолгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болно.
Маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь тодорхой бус нөхцөлд хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00957 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН