Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 264

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хохирогчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1887 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр магадлалтай, Ц.Б-д холбогдох 1906024942033 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологи-уул уурхайн инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Цэвээндоржийн Баянтулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Б-г  цагаатгаж, Д.Д нь өөрт учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн 02-29 УБ. улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Автомашины зах зээлийн үнэлгээ нь 13,000,000 төгрөг болох нь үнэлгээгээр тогтоогдсон. Хэрэв 11,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг 13,000,000 төгрөгөөр зарсан бол ашиг олсон гэж үзэх боломжтой. Гэтэл зах зээлийн ханшаар зарсан. Тээврийн хэрэгслийн явсан километрийн заалт ухраасан, рам хугархай гэсэн гомдол гаргасан. Шинжээч “автомашины рамыг залгасан зүйл байхгүй, тээврийн хэрэгслийн явсан гүйлтийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан байхад миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан нь буруу юм. Худалдан авагч нь автомашиныг хуучин гэдгийг мэдэж байсан. Мөн шаардлагын дагуу 1,200,000 төгрөгөөр зэврээгүй рам худалдан авч, 500,000 төгрөгийн хөлс төлж автомашиныг угсруулсан, жижиг засваруудыг хийж өгсөн бйдаг. Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөрт авах эсвэл өгөхгүй байх зорилго агуулдагаараа онцлогтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Одоо энэ хэрэгт нэмж шалгах, тогтоох зүйл байхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан. Мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу рамыг сольж өгсөн. Худалдан авагч талаас машиныг авах хүн өөр машин авсан учир энэ асуудал үүссэн. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгч автомашины рамны талаар янз бүрийн тайлбар хэлж байгаа нь ойлгомжгүй. Тухайн автомашины рамыг сольсон учраас шинжээчийн дүгнэлтээр гэмтэлгүй гарсан. Мөн автомашин Солонгос улсаас ипмортлогдож орж ирэхдээ 230,000 километр гүйлттэй байсан болох нь бичгийн баримтаар нотлогдоно. Гэтэл 100,000 километрээр гүйолийг ухраасан. Автоамашины рам дээр төмөр тавьж гагнахдаа хугархай байсан эсэхийг мэдэхгүй байх боломжгүй. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан үндэслэлүүдэд ямар ч няцаалт хийгээгүй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Харин залилах гэмт хэрэг нь чанар муутай, иж бүрдэл дутуу, гэрээнд зааснаас цөөн тооны бүтээгдэхүүн нийлүүлэх, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр хийхгүй, хагасыг хийх санаа зорилгыг агуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг байдлаар хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээр ялгагдана. Д.Д, Ц.Б  нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн мэт харагдах боловч гэрээний харилцаагаар халхавчилж залилах гэмт хэрэг үйлдсэн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн магадлал үндэслэлтэй байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч Ц.Б-г “тээврийн хэрэгслийн явсан гүйлтийг багасгаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 13,000,000 төгрөгөөр худалдан борлуулж залилах гэмт хэргийг үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх яллах дүгнэлт болон хэргийн бодит байдалт нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Худалдагч болон худалдан авагч тал харилцан үүрэг хүлээх ёстой. Гэхдээ хэргийг цагаатгасан нь үндэслэл Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд нийцээгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Б-г  цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу Ц.Б нь биет байдлын болон эрхийн доголдолтой тээврийн хэрэгслийг хохирогчид худалдаалах явцдаа бодит байдлыг нуун далдалсан санаа, зорилго байсан эсэх, түүний үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүйгээс гэмт хэргийн бүрэлдэхүүн няцаагдах, эсхүл батлагдах боломжгүй байхад иргэний эрх зүйн харилцаа хэмээн яаравчлан дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна эдгээрт дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа буюу эд хөрөнгө худалдаж буй этгээд тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүссэн гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй юм.

 

Харин эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ, хэлцэлд тусгахгүйгээр бодит байдлыг нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдсэн санаатай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болно.

 

Уг хэргийн тухайд хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, хохирогч Д.Д нарын хооронд автомашин худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулж буй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, түүний гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон байна гэж дүгнэв. 

 

Ц.Б  нь биет байдлын болон эрхийн доголдол, дутагдалтай тээврийн хэрэгслийг санаатай нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдөлд оруулсан эсэхийг эргэлзээгүйгээр шалгаж тодруулах шаардлагатай байх бөгөөд ингэснээр түүний үйлдэлд эрх зүйн зөв дүгнэлт хийж, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэх учиртай.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                   

 

                                               ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН