Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 211

 

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Дуламсүрэн,

хохирогч Д.Дий өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан,

цагаатгагдсан этгээд Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1887 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Дий өмгөөлөгч Г.Дэлгэрсайханы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Цийн Б, 1986 оны 3 дугаар сарын 8-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологи-уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эцгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

 

Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвд иргэн Д.Дд Солонгос улсын импортоор оруулж ирсэн улсын дугаар аваагүй “Хьюндэй Бонго” загварын тээврийн хэрэгслийн явсан гүйлтийг багасгаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 13.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Б овогт Цийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Д.Д нь өөрт учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №04 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 02-29УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цийн Бд холбогдох ... дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

               Хохирогч Д.Дий өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилах буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хуурч мэхлэх, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах” шинжтэй идэвхтэй үйлдэл байдаг. Ц.Б нь хоёр газраараа рам нь тасарсан, 230.000 км явсан гүйлттэй “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгслийг Солонгос улсаас оруулж ирэн, рамны тасарсан хэсгийг гагнаж, замаск хийж будан, авто машины гүйлтийг ухрааж 130.000 км явсан болгон янзалж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, хуурч мэхлэн хохирогч Д.Дд уг тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр дүгээр сарын 18-ны өдөр 13.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан байдаг. Уг тээврийн хэрэгслийн милл гүйлтийг ухраасан, тасарсан, рамыг сольсон гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 3535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэдийгээр Ц.Бын өгсөн гэрч, яллагдагчаар өгсөн, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ “Анх автомашин авахдаа хэдэн км гүйлттэй байсан талаар анзаараагүй, Солонгос улсад ухраасан байж магадгүй. Автомашины толгой хэсэгт өнгө сэргээх будаг хийж, 4 ширхэг дугуй сольсон гэдэг” боловч Гаалийн ерөнхий газраас гаргаж өгсөн бүрдүүлэлтийн материалуудаас харахад хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн огноотой баримтад тээврийн хэрэгслийг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхдээ мэдүүлсэн “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт” тээврийн хэрэгслийн гүйлтийг мөн км /230,000/ гэж тэмдэглэсэн байна. Уг баримтуудаас харахад тухайн тээврийн хэрэгсэл Солонгос улсаас 230,000 км гүйлттэй Монгол Улс руу ачигдсан бөгөөд Монгол Улсын хилээр ч мөн адил 230,000 км гүйлттэй гэж бүртгэгдэн орж ирсэн болох нь харагдаж байгаагаас гадна Ц.Б нь тээврийн хэрэгслийг худалдахын тулд тээврийн хэрэгслийн гүйлтийг ухраасан, гүйлтийн талаар худал мэдүүлсэн болох нь тус тус харагдаж байна. Мөн Ц.Б нь тээврийн хэрэгслийн толгой хэсгийг будаж, 4 дугуй сольсноос өөр зүйл засварлаагүй, рамыг хугархай гэдгийг мэдээгүй гэж мэдүүлдэг боловч хавтас хэргийн 49,50 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн фото зургуудаас харахад Ц.Б нь тэвш дээр төмөр нэмж гагнан бардак татаж бүхээг хийсэн нь, түүнчлэн тээврийн хэрэгслийн тэвш болон рамын завсар 4,7 см өндөртэй квадрат төмөр тавьж гагнасан болох нь шинжээчийн дүгнэлт, хавтас хэргийн 26-28 дугаар талд авагдсан Б.Бямбадоржийн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Тээврийн хэрэгслийн тэвш болон рамын завсар өндөрлөгөө хийхийн тулд тэвшийг рамаас салгаж авсны дараа хийх боломжтой бөгөөд энэ тохиолдолд рамын хугархай, тасарсан хэсгийг мэдээгүй байх боломжгүй тул мөн л Ц.Б энэ талаар худал мэдүүлсэн байна. Энэ бүхнээс харахад Ц.Б нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн Д.Дд 13,000,000 төгрөгөөр худалдаж эд хөрөнгийг нь өөрийн эзэмшилд авсан байхад анхан шатны шүүх иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан мэтээр “...Худалдагч тал болох Ц.Б нь уг тээврийн хэрэгслийн доголдол буюу рамыг нь засуулах талаар гаргасан гомдлын шаардлагыг хүлээн авч, зассан талаар хүлээн мэдүүлж байх ба худалдан авагч тал болох Д.Д уг эд хөрөнгийн доголдол арилаагүй гэж үзсэн тохиолдолд иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх боломжтой байна...”, “Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах үед үзэж, үзүүлж, харуулж харилцан тохирч үнэ хөлсөө төлж авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж цагаатгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч буюу хүлээн авагчид шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнэ хөлсийг төлдөг бол залилах гэмт хэргийн үед чанар муутай, иж бүрдэл дутуу бүтээгдэхүүн буюу гэрээнд зааснаас цөөн тооны бүтээгдэхүүн нийлүүлэх, бусдын эд хөрөнгө, эсхүл түүний эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжүүдийн аль нэгээр хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авдгаараа ялгагддаг. Ц.Б болон Д.Д нарын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн мэт харагдах боловч Ц.Б нь гэрээний харилцаагаар халхавчилж, залилах гэмт хэрэг үйлдэж байгааг анхан шатны шүүх анзаарсангүй. Иймд Ц.Бын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. Мөн хохирогч Д.Д нь тус тээврийн хэрэгслийн рам хугархай буюу тасарсан байсныг гагнаж, замаск хийж, будан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн худалдсан байна гэж үзэн Ц.Бын уг үйлдлийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол гаргасан боловч уг рам нь хаанаа хэдэн удаа тасарсан, түүнийг хэрхэн засварлаж худалдсан зэрэг баримт огт авагдаагүй байна. Уг тээврийн хэрэгслийн рамтай холбоотой баримтууд хэрэгт огт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан учраас Ц.Бын милл ухраасан үйлдэлд прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж хэрэгт бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт хийхэд учир дутагдалтай болсон байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Д.Д машинтай холбоотой санал гомдол гаргах болгонд нь би түүнийг засварлаж, барагдуулж өгч байсан юм. Тэгээд бүр болохгүй болохоор нь “буцаагаад 12.000.000 төгрөг өгье” гэхэд хүлээж авалгүй шууд Баянзүрх дүүргийн цагдаагийн газар гомдол гаргачихсан байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Бын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Д.Д нь анх машин авахаар ирэхдээ 2 шавийгаа дагуулж ирээд үзүүлж байгаад авсан. Өмгөөлөгч Г.Дэлгэрсайханы ярьж байгаа рамын асуудал дээр рам нь Д.Дийг худалдаж авснаас хойш хөдөө явж байхад нь зэвэрсэн хэсгээрээ салсан. Хөдөө явж ирээд энэхүү шаардлагаа Ц.Бд тавихад нь сольж өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Худалдан авагч чанарын шаардлагагүй бараа худалдаж аваад шаардлагаа тавихад нь худалдагч шаардлагыг нь хүлээж аваад зассан. Энэ хугацаанд Д.Д Тайван улсад ажилтай 2 сар гаруй байж байгаад ирээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа Ц.Б нь Д.Дийг машинаа аваад ир зараад  өгье гэж хэлсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Н.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Д.Дд “Хьюндэй Бонго” загварын автомашин зарж борлуулахдаа явсан гүйлтийг нь багасгаж төөрөгдөлд оруулж зарсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон Монгол улсын хилээр оруулж ирсэн гаалийн бүрдүүлэлтийн бичиг, мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Тухайн тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гаалийн бүрдүүлэлтийн бичигт гүйлтийг нь 230.000 гэж байсан бол цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед гүйлт нь 140.653 болсон байсан. Иймээс машины явсан гүйлтийг нь ухрааж хохирогчийг төөрөгдөлд оруулж залилсан гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1887 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг прокурорт буцаан дараах үндэслэлүүдийг тодруулан шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Үүнд:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тухайлбал, Ц.Б нь уг тээврийн хэрэгслийн биет байдлын ямар ямар доголдлуудыг хэрхэн нуун дарагдуулсан /үүнд уг тээврийн хэрэгслийг рам хугарсан байсан, гүйлтийг ухраасан эсэх/, эдгээр доголдлуудыг нуун далдлан зорилгоор өнгө үзэмжийг сайжруулах өнгөц засвар, үйлчилгээ хийлгэсэн нь уг тээврийн хэрэгслийг бодит үнэлгээнд яаж нөлөөлсөн эсэх, тээврийн хэрэгслийн Монгол Улсын гаалиар оруулахад бүрдүүлсэн баримт бичгийг үндэслэн /татварын баримт зэрэг/, бодит үнэлгээг гаргах зэрэг ажиллагааг хийсний дараа Ц.Бын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг онцлогийг харгалзан энэ талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлон тогтоох шаардлагатай.

 

Мөн прокуророос Ц.Бд холбогдуулан “2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төв дээр иргэн Д.Дд Солонгос улсын импортоор оруулж ирсэн улсын дугаар аваагүй “Хьюндэй Бонго” загварын тээврийн хэрэгслийн явсан гүйлтийг багасгаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 13 сая төгрөгөөр худалдан борлуулж, залилах гэмт хэргийг үйлдсэн” гэж хэргийн агуулга, учруулсан хохирлын байдал, хэргийн үйл баримтыг ерөнхий байдлаар хохирогч Д.Дий гомдолд дурдсан “Автомашины рам тасарсан, гагнуулсан байсан” гэх асуудлыг шалгахгүйгээр, зөвхөн гүйлтийг ухраасан үйлдлээр залилсан талаар дүгнэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

 

Гэтэл анхан шатны шүүх яллах дүгнэлтэд дурдсан “Ц.Б нь автомашины гүйлтийг ухраасан” үйлдлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг зааж, энэ асуудлаар тодорхой дүгнэлт хийгээгүй атлаа “...Ц.Бд автомашины доголдол буюу рамыг засуулах шаардлага тавьсан Иргэний хуульд заасан... Автомашиныг харилцан тохирч үнэ хөлсөө төлж авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй...” гэж яллах дүгнэлтэд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул энэхүү нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэн хэрэгт нотолбол зохих байдлуудыг дахин шалгуулахаар хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1887 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ