Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1887

 

 

 

 

 

 

 

 

   2019        12          16                                  2019/ШЦТ/1887

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал ҮД:04-91,

хохирогч Д.Доржцэвээн, түүний өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан ҮД:28-76 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 02494 2033 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Б

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дээр иргэн Д.Доржцэвээнд Солонгос улсын импортоор оруулж ирсэн улсын дугаар аваагүй “Хьюндэй Бонго” маркийн тээврийн хэрэгслийн явсан гүйлтийг багасгаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 13.000.000 төгрөгөөр худалдан борлуулж залилах гэмт хэрэгт холбогджээ.       

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Доржцэвээн ах өөрийн таньдаг хүнээрээ шалгуулаад сайхан машин байна гэж худалдаж авсан. Би өөрөө тухайн машины улсын дугаар, бичиг баримтыг шилжүүлж өгсөн. Тухайн үед Д.Доржцэвээн ах ганцаараа явж байсан тул би хүргэж өгсөн.Тэрнээс хойш босоо тэнцүүлэгч дугараад байна, акумляатор суучихсан байна гэж над руу ярихад нь би сольж өгсөн. Авч явснаас хойш цагаан сарын үед буюу 2019 оны 01 дүгээр сарын сүүлчээр машинаа унаж ирсэн. Ирэхэд нь машины консны аппарат эвдэрсэн, рам нь бага зэргийн зэвтэй байсан. Д.Доржцэвээн ах машин авснаас хойш 2-3 сар өөрөө унаж хэрэглэсэн. Д.Доржцэвээн ахыг машинд хэр хүнд ачаа ачсаныг мэдэх боломжгүй. Тэрнээс хойш би Солонгос улс руу явж рамыг нь солих гээд хайгаад олдохгүй байхаар нь Монгол улсад буцаж ирээд рам сураглаж хайж байгаад рам аваад, хүнээр ажлын хөлсийг нь өгөөд солиулсан. Сольсныхоо дараа буюу цагаан сарын дараа Д.Доржцэвээн ах руу залгасан боловч Д.Доржцэвээн ахын гар утас нь “роуминг” үйлчилгээн дээрээ байсан. Би шавь руу нь залгаж асуухад 10 гаран хоногийн дараа ирнэ гэж хэлж байсан. Тэрнээс хойш 04 дүгээр сард өөрөө ирсэн. Д.Доржцэвээн ах анхнаасаа машиныг өөртөө аваагүй хүнд авч өгч байсан. Тэгсэн нөгөө хүмүүс нь авах боломжгүй болчихлоо эргүүлээд мөнгөө авна гэсэн. Би рамны мөнгө болон ажлын хөлсний мөнгөө хасаад 12.000.000 төгрөг өгье гэхэд 13.000.000 төгрөгөө авна гэж Д.Доржцэвээн ах хэлсэн. Би тэгэхээр нь боломжгүй гэсэн чинь цагдаагийн хэлтэс дээр өргөдөл гаргаж намайг цагдаагаас дуудсан. Энэ машин тэрнээс хойш цагдаа авч ир гэж машиныг битүүмжилж авсан. Машиныг шинжилгээнд өгнө гээд шинжилгээний хариу гартал 1  нэг сар гаран буюу наадмын дараа шинжилгээний хариу гарсан. Тэр хугацаанд тухайн машин цагдаагийн хэлтсийн хашаан дотор байсан. Намайг цагдаагаас дуудаж хашаан дотор машины байрыг солиулдаг байсан. Мөн машинд шинжилгээ хийлгэхэд намайг дуудаж надаар жолоодуулж явуулсан. 2019 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрийн хооронд албан ёсоор тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилж журмын хашаанд хийсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Доржцэвээн мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөөнөөс хүүхдүүд машин авна хотод ирнэ гэхээр нь би эндээс үзээд авчихъя гэж хэлсэн. Хөдөөнөөс над руу мөнгө явуулсан. Би машин жижиг машин зардаг Бямбадорж тааралдахаар нь тухайн машиныг үзүүлсэн. Тэгсэн чинь үзчихээд би том машин бол мэдэхгүй жижиг машин сайн мэднэ гаднаас нь харахад будагтай, 4 дугуйг нь сольсон, астачёр нь ажиллахгүй байна гэж хэлсэн. Надад анх үзүүлж харуулсан залуу нь Ц.Б биш өөр залуу байсан. Манай бас нэг таньдаг хүн тааралдаж наад машин чинь зэвтэй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би надад тухайн машин их таалагдсан тул их сонирхож байсан. Тэгсэн үзсэн хүн нь та өөрөө мэддээ энэ машины үйлдвэрлэгдсэн он нь 2001 оных байна, явсан км нь бага угаасаа өөрчилсөн байна гэж хэлсэн. Би авахаар болоход үзүүлж байсан залуу эзэнтэй нь утсаар ярьчих гэж хэлсэн. Би залгаж үнийг нь бууруулах уу? гэж асуухад үнэ буулгах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би машиныг авсан.  Орой нь намайг Ц.Б хүргэж өгсөн. Би үзлэг, оношилгоонд орсон талаар лавлахад 10 дугаар сарын 17-ны өдөр үзлэгтээ орсон гэж хэлсэн. Би нэг найзаа дуудаж ирсэн манай тэр найз машины хажуу талд юм дугараад байна, зэвтэй машин байна, хаалганаасаа орж байсан машин авчихсан байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь за яахав хуучин машин ямар шинэ машин шиг байх биш гэж хэлсэн. Маргааш өглөө нь машинаа асаах гэтэл акумлятор нь суучихсан машин асахгүй байсан. Запас дугуйгүй өгсөн, запас дугуйных юмыг салгах гэсэн салдаггүй би хажуу талаар нь харахад баахан утас торонд хийгээд боочихсон байсан.  Тэгэхээр нь би Ц.Б руу залгаж хойд талын дохио нь ажиллахгүй байна, хажуу талд гялгар ууттай юм байна гэж хэлсэн. Тэгэхэд би очиж янзална гэж хэлсэн боловч ирээгүй. Би арга ядаад засварын газарт очиж үзүүлэхэд засварын газрын хүн гадаа удаан зогссон машин байна бүүр зэвэрчихсэн байна салахгүй байна гэж ноцолдож байгаад салгаж чадаагүй. Маргааш нь хүний акумлятор авч тавиад нисэхийн тэнд засварын газар үзүүлсэн бас салгаж чадаагүй. Би сүүлд нь болохгүй байна гэж Баянтулга руу залгаж хэлсэн. Тэр өдөр засаж, солиулж өгсөн. Би Цогоо гэдэг хүнээс акумляторыг нь очиж авсан. Би тэр шинэ өгсөн акумляторыг нь тавьсан чинь бас адил болохгүй байсан. Би маргааш нь дахиж очиж болохгүй байна гэж очиход Цогоо намайг Ц.Б руу ярь гэж хэлсэн. Би хөдөө явсан чинь нэг юм дугараад болохгүй байсан. Би засварын газарт очиж үзүүлсэн чинь урд тэнхлэг байхгүй байна, автын үзлэгт орсон юм уу? гэж асуухад нь би орсон гэж хэлсэн. Ц.Бд утсаар залгаж болохгүй байна гэж хэлсэн. Болохгүй байгаа зүйлүүдээ сольж өг гэж хэлсэн. Надад чөмөгийг нь авч өгсөн. Тэгээд надад та нэгэнт наад машинаа өөртөө авчихсан юм чинь таван булаа өөрөө ав гэж хэлсэн. Би өөрөө булаа ламаар авахуулж замын унаагаар явуулсан. Би нийт 800.000 гайруй төгрөгийн баримтыг бүгдийг нь би өөрөө Ц.Баянбулагт өгсөн. Нөгөө болохгүй байгаа зүйлүүдийг нь сольж байхад Архангай аймгийн автын цагдаагийн хүн тааралдаж рам нь гагнаастай байна байж болохгүй гэж хэлсэн. Би хотод ирээд Баянтулгатай ярьж хэлсэн. Уулзах гэтэл гадуур ажилтай гээд надад олдоогүй. Би өдөр болгон ярьсаар байгаад авч ирж бүх зүйлийг хүлээлгэж өгсөн. Би рамыг нь хурдан солиод өг гэж машиныг аваачиж өгсөн. Баянтулга би Солонгос руу явах болоогүй би цагаан сар гаргаад явна гэж хэлсэн. Би тэгэхээр нь машинаа үлдээгээд машин авах гэж байгаа хүмүүст зарим зүйлийг засах болсон тухайгаа хэлсэн. Машины рамыг сүүлд нь сольсон байсан. Би гадагшаа хэд хоног явсан байсан. Ц.Б утсаа авахаа больчихсон. Нөгөө машин авах гэж байсан хүмүүс намайг гадагшаа явчихаад ирсэн чинь өөр машин авчихсан байсан. Би ирчихээд Ц.Б руу залгахад утсаа авахгүй байсан. Би ажил дээр нь олон удаа очоод 3 дахь удаа очихдоо Ц.Бтай тааралдсан. Би Ц.Бтай тааралдчихаад учир явдлаа хэлсэн нөгөө хүмүүс өөр машин авсан байна, машинаа буцаая гэдэг асуудал хэлсэн. Би энэ машинд нийт 1.700.000 төгрөгийг зарлага гаргасан би яахав хохироод үлдье би чамд 13.000.000 төгрөг өгсөн одоо мөнгөө авъя ч машинаа ав гэж хэлсэн. Ц.Б би машин зарж өгсөн Цогоо гэх хүнд 1.000.000 төгрөг өгчихсөн би бас хохирсон. Мөн би бас рамыг нь 4.000.000 төгрөгөөр сольсон би хохирч байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи миний өгсөн 13.000.000 төгрөгөөр машины рамыг сольсон биздээ хоёулаа шударга байцгаая гэж хэлсэн. Гэтэл Ц.Б би таны машиныг зарсны дараа мөнгийг чинь өгнө гэхдээ одоо энэ машин дугаар авсан учраас үнэ нь буурсан 6.000.000-7.000.000 төгрөгөөр зарагдана гэж хэлсэн. Хэзээ зарагдахыг нь би мэдэхгүй байна гэж хэлсэн.  Би сүүлдээ 12.000.000 төгрөг өгчих тэгээд салъя гэж хэлсэн. Би хүмүүст нь мөнгийг нь өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Ц.Б би төлж чадахгүй гэж хэлсэн. Би хүлээж байтал 4-5 хүн нийлчихээд намайг зодох гэж дайрсан. Би цагдаагаар явна гэж бодоогүй байтал над руу 4-5 хүн олуулаа нийлж айлгасан болохоор би цагдаад өгсөн. Машин авах гэж байсан хүмүүсийн мөнгийг өгмөөр байдаг. Би ингээд хүнд өртэй байгаад байна. Иймээс би тухайн машины мөнгийг нь буцааж авах хүсэлтэй байна. Би засвар хийлгэж байсан бүх баримтаа гаргаж өгсөн байгаа би хохирлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байна шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Доржцэвээний өгсөн: ...Би Баянтулга гэх залуугаас 13 сая төгрөгөөр машин аваад уг машин нь доогуураа залгаж гагнасан машин байсан учраас буцааж өгсөн. Тэр машины рам гагнасан залгасан рамтай машин байсан. Тэгээд намайг 02-29 УБӨ дугаартай машиныг буцаагаад өгөхөд рамыг нь Солонгос улсаас захиж авч ирж сольсон. Одоо 02-29 УБӨ дугаартай байгаа машины рам нь сүүлд Солонгосоос авч ирээд сольж тавьсан өөр машины рам байгаа. Би одоо болтол ямар нэгэн хохирол мөнгө аваагүй байгаа, 13 сая төгрөгөөр хохирсон хэвээр байгаа. 02-29 УБӨ дугаартай автомашины хуучин сольсон рам нь Баянтулга гэх залууд байгаа байх аа, сольж өгнө гээд аваад явсан. Машин анх  авахад гүйлт киломтетр нь хэд байсныг сайн мэдэхгүй байна. Манай шавь гүйлтийг нь хараад тэмдэглэж  авсан байж магадгүй, би асуугаад хэлж өгнө...

...Худалдан авсны дараах өдрөөс нь буюу маргааш нь машиныг асаах гэтэл аккумльяатор нь суучихсан асахгүй байсан, мөн запас дугуй нь зэвэрчихсэн тайлагдахгүй байсан. Баянтулга руу ярьж очиж хуучин аккумльятор авсан, тэр аккумльятор нь 4-5 хоногийн дараа бас суучихсан, тэгээд би өөрөө шинэ аккумльятор авч тавьсан. Аккумльятороо янзалчихаад 2 хоногийн дараа Архангай аймаг руу өөрөө бариад явсан. Замд явж байхад зөв талын урд дугуй дээр нэг юм цохиод байсан мөн зөв урд талын дугуйны 5 бул дугарч байсан. Архангай аймгийн Хотон суманд очиж үзүүлэхэд урд талын тэнцүүлэгч төмөр байхгүй байна, мөн 5 бул дугарсан байна гэж хэлсэн, би машинаа Хотон суманд үлдээгээд өөрөө хотод ирээд Баянтулгатай уулзаад хэлэхэд надад тэнцүүлэгчийн төмөр 1 ширхэгийг авч өгсөн, 1 ширхэг 5 булыг өөрийнхөө мөнгөөр аваад би буцаж хөдөө очиж янзлуулсан. Хотон суманд очиж янзлуулчихаад дахиад унаж үзэхэд буруу талын урд талын 5 бул дуугараад байсан. Хотон сумын засварчин дээр очиж үзүүлэхэд наад талын 5 булыг шинээр солих юм байна гэж хэлсэн. Би Баянтулгад энэ талаар хэлэхэд өөрөө мөнгөөрөө ав, наадах чинь хуучин автомашин юм чинь эвдрэл байлгүй яадаг юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бямбадоржийн өгсөн: ...Д.Доржцэвээн бид хоёр  Дорноговь аймгийн хамрын хийдэд 2010 онд танилцсан юм. Тэр цагаас хойш багш, шавийн  харилцаа холбоотой байгаа. Ц.Б гэх хүнийг би таньж мэдэхгүй. Ямар нэг харилцаа холбоо байхгүй. Миний хувьд 2008 оноос хойш Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” худалдааны төв дээр импортын автомашин худалддаг. Тэгээд Д.Доржцэвээн 2018.11.18-нд миний ажил дээр ирээд би нэг машин авах гээд үзчихлээ чи үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд хамт очоод үзэхэд рам дээр нь өндөрлөгөө хийсэн, том дугуй тавьсан ачааны автомашин байсан. Тэгээд би энэ хөдөө явах автомашин, ингэж өндөрлөх зүгээр үү гэхэд зүгээр, зүгээр асуудалгүй, өндөр дугуй тавьсан, өндөрлөгөө хийчихсэн байгаа гэсэн. Тэгээд яаж өндөрлөсөн юм бэ гэтэл тэвш рам хоёрын хооронд төмөр гагначихсан байсан. Тэгээд байж байтал Д.Доржцэвээний шавь нь гэх нэг үл таних залуу ирээд та юу хийж байгаа юм бэ? гэхэд Д.Доржцэвээн явж байгаа учраа хэлсэн. Тэгээд тэр залуу Д.Доржцэвээний үзсэн автомашиныг унаж үзээд зүгээр юм байна гэж хэлсэн. Тэгээд л тэр автомашиныг худалдан авч байсан. Автомашин худалдахаар үл таних хоёр  хүн үзүүлж байсан. Рам дээр нь төмөр тавьж гагнаж байсан учир би энэ хөдөө явах машин байгаа юм, зүгээр үү гэж асуусан юм. Тэгэхэд зүгээр гээд байсан. Тухайн үед рам гагнасан гэж хэлээгүй. Гагнаж залгасан юм анзаарагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/,

- Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн “Монгол улсын гаалиар нэвтрүүлэхтэй холбоотой баримтууд /хх-ийн 91-98 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Сосорбурамын өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22-ын товчооны  хийд дээрээ байж байхад багш Д.Доржцэвээн над руу залгаад сая машин худалдан авлаа ирээд энэ машиныг 10-р хорооллоос ирээд жолоодоод яваадах гэж хэлсэн. Орой 19-20 орчим цагийн үед би 10 дугаар хорооллын 7-б байрны гадаа явж очиход багш шинээр авсан цэнхэр өнгийн бонго пронтер маркийн автомашин хажууд нь багшийн унадаг цагаан өнгийн Приус-20 автомашин байсан. Багшийн машинд Баянтулга, өөр танихгүй нэг хүн сууж байсан багш мөнгө төлөөд сууж байсан. Би багш дээр очоод яах талаар асуухад чи миний шинээр худалдан авсан машиныг унаад хийд дээр очиж бай, би ардаас чинь яваад очъё гэж хэлсэн, тэгээд би шинээр авсан бонго Пронтер маркийн автомашиныг унаад хийдийн хашаанд аваачиж тавьсан. Замд явж байхад зүүн урд талын крилан дугуйтайгаа хавираад дуугараад байсан. Маргааш өглөө нь асаах гэсэн чинь аккумльятор нь суучихсан, капас дугуйг нь тайлж авах гэсэн чинь зэврээд тайлагдахгүй байсан. Багш тэр машины зарим нэг юмыг янзлаад Архангай аймаг руу өөрөө наад явсан, хэд хоногийн дараа багш над руу залгаад 5 бул, пирда диск, ган диск зэрэг эд зүйлийг захаас худалдан аваад багш руу Архангай аймаг Хотон сум руу замын унаанд дайлж явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар тал/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн “Киа Бонго Пронтер” маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 70 дугаар тал/,

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-78 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3535 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн автомашины эд ангийг гар аргаар залгаж гагнаагүй байна.

2. Автомашины цахилгаан /статер/ бүрэн ажиллахгүй гэмтэлтэй байна. Автомашин нь замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангаж байсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй.

3. Автомашины баруун талын хаалганы багана дээр KN3HDP3351K799639, рам дээр KN3HDP3362K829683, бүхээг 3114799639 дугаартай, хөдөлгүүр U1319 дугаартай байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн автомашины спидометрийн бэхэлгээний боолт дутуу байна. Тоолуурын заалтыг ухраасан эсэхийг тогтоох боломжгүй.

Жич: 3535: тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт ШБМХ-т хүлээлгэн өгөв. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнхдалай гэх дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Бын: ...Гаалиар орж ирсний дараа өнгө сэргээх будаг, 4 ширхэг шинэ дугуй авч хийсэн өөр засвар үйлчилгээ хийгээгүй. Миний хувьд километрийн заалт ухраасан зүйл байхгүй, Солонгос улсаас хуучин автомашин худалдаж авсан, Солонгос улсдаа ямар засвар үйлчилгээ хийсэн талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар тал/,

- Шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 116 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг  тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

            Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дээр иргэн Д.Доржцэвээнд Солонгос улсын импортоор оруулж ирсэн, хуучин, улсын дугаар аваагүй “Хьюндэй Бонго” маркийн автомашиныг 13.000.000 төгрөгөөр худалдах- худалдан авахаар тохиролцож, уг тээврийн хэрэгслийг Д.Доржцэвээний өмчлөл буюу мэдэлд шилжүүлэн бичиг баримтыг шилжүүлэн өгсөн болох нь Ц.Б болон Д.Доржцэвээн нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

            Иймд оролцогч нарын хооронд автомашин худалдах-худалдан авах  харилцаа үүссэн байна.

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д ...худалдагч баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар  худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

            Д.Доржцэвээн нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дээр Солонгос улсын импортоор оруулж ирсэн улсын дугаар аваагүй “Хьюндэй Бонго” маркийн хуучин автомашиныг 13.000.000 төгрөгөөр худалдан авахдаа Ш.Сосорбурам, Б.Бямбадорж нараар үзүүлж, харуулж авсан байх ба автомашины эвдрэл гэмтэлтэй талаар илрүүлж чадалгүй өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны дараа ашиглах явцдаа уг автомашин доголдолтой, рам нь эвдрэл гэмтэлтэй болохыг илрүүлсэн байна.

            Талуудын хооронд автомашин худалдах-худалдан авахдаа эд хөрөнгийн чанар байдлын талаар баталгаат хугацааг тогтоогоогүй байх ба Д.Доржцэвээн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авч ашиглах явцад буюу 2019 оны 02 дугаар сарын орчим уг автомашины доголдлыг илрүүлж, худалдагч тал болох Ц.Бд уг автомашины доголдол буюу рамыг нь засуулахаар шаардлага тавьсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хуулийн хугацаанд буюу зургаан сарын хугацаанд гомдлын шаардлагаа  гаргажээ.

            Худалдагч тал болох Ц.Б нь уг автомашины доголдол буюу рамыг нь засуулах талаар гаргасан гомдлын шаардлагыг хүлээн авч зассан талаар хүлээн мэдүүлж байх ба худалдан авагч тал болох Д.Доржцэвээн  уг эд хөрөнгийн доголдол арилаагүй гэж үзсэн тохиолдолд иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эрхээ эдлэх боломжтой байна.

            Автомашиныг худалдах-худалдан авах үед үзэж, үзүүлж, харуулж харилцан тохирч үнэ хөлсөө төлж авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар Д.Доржцэвээны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1, 5, 36.4,  36.9, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Быг цагаатсугай.

2. Д.Доржцэвээн нь өөрт учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа  бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  №04 прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 02-29 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б холбогдох 1906 02494 2033 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.  

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ