Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 282

 

Б.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Болортуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 258 дугаар магадлалтай, Б.О-т холбогдох 1908019650562 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн  2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Б.О-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-с 5,897,250 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар” шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.О нь “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие ахынхаа амь насыг бүрэлгээгүй. Надад эрүү шүүлт тулган зодож, хөтөлж байцаалт авсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга Ш.Т нь намайг зодож, шарх сорви үүсгэчихээд чи ахтайгаа зодолдсон гэж хэрэг тулгасан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн үед хорооллын “Жүр Үр” тортны дэлгүүрийн хажууд байрлах ломбарданд “Huawei P” маркийн утас 1 ширхэг, 9572071. дугаарын хамт Б.О миний бие өөрийн жолооны үнэмлэхийг үндэслэж 60,000 төгрөгийн барьцаанд тавьсан байхад талийгаач ах н.Ө-н утаснаас 13 цаг 25 минут, 13 цаг 26 минут, 13 цаг 28 минутад гурван удаа дуудлага хийсэн, том хүү О.Б руу залгасан гэх үндэслэлгүй юм. 9572071. дугаар нь том хүү О.Б-н нэр дээр байдаг боловч 2019 оны  01 дүгээр сараас эхлэн би ажлын шугамаар дээрх дугаарыг өөрөө ашиглаж байсан. Намайг хилс хэрэгт яллаж байгаад гомдолтой байна” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хэлсэн саналдаа “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Ломбарданд тавьсан гэх утасны асуудлаас гадна шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан идэвхтэй үйлдэл хийх боломжит хугацаа зэрэг нь эргэлзээтэй. Иймд дээрх асуудлуудыг шалгах нь зүйтэй” гэсэн байна.

 

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Болортуяа хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн. Гар утасны асуудал давж заалдах шатны шүүхээс яригдаж эхэлсэн. Гэвч түүний үйлдсэн хэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь хүний ам насыг санаатай хохироосон болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан буюу хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Б.О-т  холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 6 дугаар гудамжны 7 тоот хашаанд иргэн Ц.Ө-н зүүн суганы ар хэсэгт хутгалж, амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.О-н хяналтын шатны шүүхэд гаргасан “талийгаачийн амь насыг бүрэлгээгүй байхад надад эрүү шүүлт тулган хилс хэрэгт ял оногдуулсан” гэх гомдлын агуулга нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой давхцаж байх бөгөөд уг гомдлын үндэслэлийг хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хангалттай няцаан үгүйсгэжээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, гэрч Ц.Ө, Ц.Ө, Б.Б, насанд хүрээгүй гэрч Ө.Б, О.Ш, Ө.Ү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоогдсон байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялын дээд, эсхүл доод хэмжээний ял шийтгэхдээ үндэслэлээ зайлшгүй тайлбарлах шаардлагатай байдаг атал хоёр шатны шүүх шүүгдэгч Б.О-т  хорих ял оногдуулахдаа ямар нэг тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн дээд хэмжээнд дүйцэхүйц буюу 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирлын хэмжээтэй дүйцэж мөн тайлбарлагдаж байх тухай шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасны дагуу Б.О-т  холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 14 жил 10 сарын хорих ялыг 12 жил болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 258 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

                                           ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН