Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00361

 

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00712 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2077 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Энхтуяа, О.Наранбаатар нарт холбогдох,

12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн танил Т.Энхтуяад "мөнгөний хэрэг байна, ойрын хугацаанд баталгаатай буцааж өгнө" гэсэн хүсэлтийн дагуу иргэн О.Наранбаатараас 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулан 5 000 000 төгрөг нэг сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр, мөн иргэн Ш.Болдбаатараас 5 000 000 төгрөг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй тус тус зээлж, нийт 10 000 000 төгрөг 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн болно.Миний бие Т.Энхтуяад итгэж 10 000 000 төгрөг зээлүүлэхдээ хүү, алданги тооцохоор гэрээ байгуулаагүй бөгөөд 1 сарын хугацаанд буцааж өгнө гэж итгэсэн боловч уг зээлсэн 10 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй намайг сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд хохироож байна.Т.Энхтуяа нь зээлүүлсэн мөнгөө өгөөгүйн улмаас иргэн О.Наранбаатар нь Б.Оюунчимэг надаас 5 000 000 төгрөгийг, алдангийн хамт нийт 7 500 000 төгрөг нэхэмжилж, шүүхэд хандан шүүхийн шийдвэр гарч, одоо шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу дээрх зээлүүлсэн 10 000 000 төгрөгөөс иргэн Т.Энхтуяагаас 5 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээгээр надад өгсөн 5 000 000 төгрөгийг иргэн О.Наранбаатар нь авсан бол алданги 2 500 000 төгрөгийг О.Наранбаатараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие Б.Оюунчимэгтэй зээлийн гэрээ үйлдсэн. О.Наранбаатар, Ш.Болдбаатар нарт миний зүгээс ямар нэгэн өр зээлгүй болохыг нотлох баримтыг хавсаргаж байна. Б.Оюунчимэг нь эдгээр хүмүүсийн зээлийн гэрээг баримт болгон шүүхийг залилан хувь хүний нэр хүндэд халдаж эрүүл мэндээр хохироож байгаа учраас Б.Оюунчимэгийн ашиглаж байгаа зээлийн гэрээнүүдийг хураан авч дахин ийм зүйл гаргуулахгүй байхыг хүсэж байна.Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Оюунчимэгээс 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлэхээр амаар тохиролцсон ба мөнгийг Б.Оюунчимэг өөрийн танил н.Энхбатын хамт авчирч өгч, Б.Оюунчимэгээс мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Б.Оюунчимэг нь надад зээлсэн 10 000 000 төгрөгийн 5.0 сая төгрөгийг хамт ирж мөнгө өгсөн н.Энхбатын танил О.Наранбаатараас, үлдсэн 5 000 000 төгрөгийг Ш.Болдбаатар нараас тус тус зээлсэн байсан.Би Б.Оюунчимэгээс авсан 10 000 000 төгрөгийг Б.Оюунчимэгт зээлүүлсэн Ш.Болдбаатар, О.Наранбаатар нарт бүрэн төлж барагдуулсан бөгөөд миний зүгээс одоо Б.Оюунчимэгт ямар нэг өглөг, өр байхгүй. Гэтэл Б.Оюунчимэг надаас 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд нэгэнт төлж барагдуулсан мөнгийг надаас нэхэмжилж, өнөөдрийг хүртэл өгөөгүй хэмээн худал мэдүүлж байгаа нь ашиг хонжоо олох зорилгыг агуулж байгаа болох нь харагдаж байна.Иймд зээлийн гэрээний үүргийг биелүүлж, мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:2 360 000 төгрөгийг гэрээний дагуу нэхэж байгаа. Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхийн шийдвэрийн дагуу 2 360 000 төгрөгийг төлөх ёстой. Би төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00712 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Энхтуяагаас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагч Т.Энхтуяагаас 10 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2077 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Энхтуяагаас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, үлдэх 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул О.Наранбаатараас 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Хариуцагч Т.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:О.Наранбаатар нь Б.Оюунчимэгт зээлдүүлж, Б.Оюунчимэг надад дамжуулан зээлдүүлсэн 5 сая төгрөгийг би О.Наранбаатарт өөрт нь өгүүлэхээр Т.Амарсанаад өгснийг Т.Амарсанаа 2 хуваан О.Наранбаатарт шилжүүлэхдээ 2 саяыг Хаан банкаар, үлдсэн 3 сая төгрөгийг бэлнээр О.Наранбаатарт өгсөн байдаг. Миний бие дээрх 5 сая төгрөгийг О.Наранбаатарт өөрөө биечлэн өгөөгүй тул дамжуулж өгсөн Т.Амарсанаагаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нотариат дээр тодорхойлолт гаргуулан хэргийн материалд өгч, өөрийн зүгээс дээрх төлбөр төлөгдсөн болохыг нотлох боломжтой баримтыг гаргаж өгсөн ба энэхүү баримтаар Б.Оюунчимэгийн О.Наранбаатараас зээлсэн 5 сая төгрөгийг О.Наранбаатарт төлж барагдуулсан болохыг нотолж байгаа боловч давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Т.Амарсанаагийн энэхүү тодорхойлолтыг үнэлж, дүгнэлт өгөөгүй байна. Дээрх 5 сая төгрөгийг О.Наранбаатар 2014 онд Б.Оюунчимэгээс алдангийн хамт нийт 7 500 000 төгрөг шүүхээр нэхэмжилсэн. Миний бие О.Наранбаатар Б.Оюунчимэгт зээлдүүлсэн 5 сая төгрөгөө хүлээн авсан болохыг нотлох баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд өгсний үндсэн дээр шүүх нотлох баримтыг бүрдүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулан авсан баримтуудаар О.Наранбаатар, Б.Оюунчимэг нарын хооронд Б.Оюунчимэгийн надаас нэхэмжлээд байгаа 5 сая төгрөгийн тооцоо дууссан болох нь нотлогдож байна.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж авсан дээрх нотлох баримтууд дээр үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллага Б.Оюунчимэгээс О.Наранбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн 7 500 000 төгрөгнөөс 5 000 000 төгрөгийг О.Наранбаатарт төлөгдсөн хэмээн үзэж, уг 5 000 000 төгрөгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй ба О.Наранбаатарын зүгээс энэ талаар дахин маргаан гаргаагүй байна. Эдгээр баримтаас маргаантай 5 000 000 төгрөг нь О.Наранбаатарт төлөгдсөн болох нь нотлогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүйгээр хариуцагчийн үндэслэл, нотлох баримтгүй тайлбарт үндэслэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагуудыг тус тус зөрчиж байна.Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг хариуцагч Т.Энхтуяагаас зээлийн үүрэгт 10 000 000 төгрөг, алдангид 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, 10 000 000 төгрөгийг Т.Энхтуяагаас, 2 500 000 төгрөгийг О.Наранбаатараас гаргуулахыг хүсчээ. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь хариуцагч Т.Энхтуяагаас 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ \хх-ийн 64, 101 дүгээр тал\. Хариуцагч Т.Энхтуяа зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч О.Наранбаатар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Ш.Болдбаатараас 5 000 000 төгрөг, О.Наранбаатараас 5 000 000 төгрөг авч хариуцагч Т.Энхтуяад зээлүүлсэн, Т.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийг эргэн төлөх хугацаа, хүү, алдангийн талаар харилцан тохиролцоогүй байна. Хариуцагч Т.Энхтуяа Б.Оюунчимэгээс 10 000 000 төгрөг авсан тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн бөгөөд Т.Энхтуяа Ш.Болдбаатар, О.Наранбаатар тус бүрээс 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг Б.Оюунчимэг авч өгсөн талаар маргаагүй байна. Энэхүү мөнгийг ямар зорилгоор өгч авсан болох нь тухайн эрх зүйн маргаанд хамааралгүй ба замын ажил хийх талаар харилцан ярилцаж, мөнгө өгч авсан тухай анхан шатны шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх нөхцөл болохгүй юм. Талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй, зуучлагч, зуучлуулагчийн эрх, үүрэг үүсгэх хэлцэл хийгдсэн гэж үзэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.

Зээлдүүлэгч О.Наранбаатар нь Б.Оюунчимэгээс зээлүүлсэн 5 000 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2780 дугаар шийдвэрээр Б.Оюунчимэгээс 7 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4., 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар Б.Оюунчимэг маргааны үйл баримтыг дахин нотлох, маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. Иймд нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн О.Наранбаатарт холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно.

Зээлдүүлэгч Ш.Болдбаатар Б.Оюунчимэгт зээлүүлсэн 5 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сард Т.Энхтуяагаас бүрэн хэмжээгээр эргүүлэн авч авлагагүй болсон тухай бичгийн баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд багасгасан байна \хх-ийн 19, 101 дүгээр тал\.

Харин энэ хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан О.Наранбаатар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 7 500 000 төгрөгийн төлбөрөөс 5 000 000 төгрөгийг Б.Оюунчимэгээс авсан тул үлдсэн 2 634 950 төгрөгт л ажиллагаа явуулах талаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан бичгийн хүсэлт хэрэгт баримтаар авагджээ \хх-ийн 79 дүгээр тал \. Энэхүү баримтыг хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байх ба Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгээс хуулбарлан ирүүлсэн байна \хх-ийн 69, 71-73, 74 дүгээр тал\. Хариуцагч О.Наранбаатар уг нотолгоог татгалзсан боловч баримтаар үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгч Б.Оюунчимэг О.Наранбаатарт ямар нэг төлбөр төлөөгүй гэж тайлбарласан, харин Т.Энхтуяа О.Наранбаатарт 5 000 000 төгрөгийн төлбөрийг Т.Амарсанаагаар дамжуулан дансаар шилжүүлсэн гэж мэдүүлсэн, Т.Амарсанаа уг мөнгийг О.Наранбаатарт шилжүүлсэн болохоо илэрхийлсэн бичгийн баримт хэрэгт авагдсан \хх-ийн 63 дугаар тал\ зэргийг  дүгнэвэл О.Наранбаатарын төлбөрөөс 5 000 000 төгрөгийг Т.Энхтуяа төлсөн гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээр хариуцагч Т.Энхтуяагаас 3 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь учир дутагдалтай болжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00712 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2077 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Т.Энхтуяад холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах, О.Наранбаатарт холбогдох 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Т.Энхтуяагаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН