Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 712

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр       Дугаар 181/ШШ2016/00712          Улаанбаатар хот 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
           
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 хэсэг, Туул 2 дугаар гудамж, 56 тоотод оршин суух, Зэлмэн урианхай овогт Бат-Очирын Оюунчимэг/РД: ЧЙ66060901/-ийн нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 41 байр, 7 тоотод оршин суух, Харчин овогт Түмэнбаярын Энхтуяа/РД: ХВ57042762/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/5 дугаар байр, 75 тоотод оршин суух, Бэсүд овогт Очирвааны Наранбаатар/РД: ХЙ77092970/ нарт холбогдох

12 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагч Т.Энхтуяа, хариуцагч О.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бат-Очир овогтой Оюунчимэг би өөрийн танил Т.Энхтуяад “мөнгөний хэрэг байна, ойрын хугацаанд баталгаатай буцааж өгнө” гэсэн хүсэлтийн дагуу иргэн О.Наранбаатараас 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5%-ийн алданги төлөх нөхцөлтэйгээр, мөн иргэн Ш.Болдбаатараас 5 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5%-ийн хүүтэйгээр тус тус зээлж, нийт 10 000 000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Энхтуяад өгсөн болно. Миний бие Т.Энхтуяад итгэж 10.000.000 төгрөгийг зээлүүлэхдээ хүү, алданги тооцохоор гэрээ байгуулаагүй бөгөөд 1 сарын хугацаанд буцааж өгнө гэж итгэсэн боловч уг зээлсэн 10 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй намайг сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд хохироож байна. Ийнхүү Т.Энхтуяа нь зээлүүлсэн мөнгөө өгөөгүйн улмаас иргэн О.Наранбаатар нь Б.Оюунчимэг надаас 5 000 000 төгрөгийг, алдангийн хамт нийт 7 500 000 төгрөгийг нэхэмжилж, шүүхэд хандан шүүхийн шийдвэр гарч, одоо шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно”, 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрт үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дээрхи зээлүүлсэн 10 000 000 төгрөгийг иргэн Т.Энхтуяагаас гаргуулах шаардлагын 5 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, иргэн Т.Энхтуяагаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээлийн гэрээгээр надад өгсөн 5 000 000 төгрөгөө иргэн О.Наранбаатар нь авсан бол алданги 2 500 000 төгрөгийг иргэн О.Наранбаатараас нэхэмжилж байгаа тул 2 500 000 иргэн О.Наранбаатараас гаргуулж өгнө үү.” гэв. 

Хариуцагч Т.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Энхтуяа Б.Оюунчимэгтэй зээлийн гэрээ үйлдсэн. О.Наранбаатар, Ш.Болдбаатар нарт миний зүгээс ямар нэгэн өр зээлгүй болохыг нотлох баримтыг хавсаргаж байна. Б.Оюунчимэг нь эдгээр хүмүүсийн зээлийн гэрээг баримт болгон шүүхийг залилан хувь хүний нэр хүндэд халдаж эрүүл мэндээр хохироож байгаа учраас Оюунчимэгийн ашиглаж байгаа зээлийн гэрээнүүдийг хураан авч дахин ийм зүйл гаргуулахгүй байхыг хүсэж байна.
Т.Энхтуяа миний бие 2013 оны 04-р сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Оюунчимэгээс 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар зээлэхээр амаар тохиролцсон ба мөнгийг Б.Оюунчимэг өөрийн танил Энхбатын хамт авчирч өгч, Оюунчимэгээс мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Оюунчимэг нь надад зээлсэн 10 000 000 төгрөгийн 5 сая төгрөгийг хамт ирж мөнгө өгсөн Энхбатын танил О.Наранбаатараас, үлдсэн 5 000 000 төгрөгийг Ш.Болдбаатар нараас тус тус зээлсэн байсан. 
Миний бие Б.Оюунчимэгээс авсан 10 000 000 төгрөгийг Б.Оюунчимэгт зээлүүлсэн Ш.Болдбаатар, О.Наранбаатар нарт бүрэн төлж барагдуулсан бөгөөд миний зүгээс одоо Б.Оюунчимэгт ямар нэг өглөг, өр байхгүй. Гэтэл Б.Оюунчимэг надаас 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд нэгэнт төлж барагдуулсан мөнгийг надаас нэхэмжилж, өнөөдрийг хүртэл өгөөгүй хэмээн худал мэдүүлж байгаа нь ашиг хонжоо олох зорилгыг агуулж байгаа болох нь харагдаж байна.
Иймд зээлийн гэрээний үүргийг биелүүлж, мөнгийг төлж барагдуулсан байтал ашиг хонжоо олох зорилгоор гаргасан нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Хариуцагч О.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2 360 000 төгрөгийг гэрээний дагуу нэхэж байгаа. Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхийн шийдвэрийн дагуу 2 360 000 төгрөгийг төлөх ёстой. Би төлбөр төлөх үндэслэлгүй.” гэв. 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:
    
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг хариуцагч Т.Энхтуяа, О.Наранбаатар нарт холбогдуулан хариуцагч Т.Энхтуяагаас 10 000 000/арван сая/ төгрөгийг, хариуцагч О.Наранбаатараас 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, нийт 12 500 000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т.Энхтуяад холбогдуулан гаргасан 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Т.Энхтуяа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
 
Хариуцагч О.Наранбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч Т.Энхтуяатай 2013 оны 04-р сарын 27-ны өдөр 1/нэг/ сарын хугацаатай 10 000 000/арван сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болох нь хариуцагч Т.Энхтуяагийн 10 000 000/арван сая/ төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан тухай баримт/хх-5/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул зохигчдын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Энхтуяад зээлдүүлсэн 10 000 000/арван сая/ төгрөгийн 5 000 000/таван сая/ төгрөгийг иргэн О.Наранбаатараас, үлдсэн 5 000 000/таван сая/ төгрөгийг иргэн Ш.Болдбаатараас зээлэн авч, хариуцагч Т.Энхтуяад нийт 10 000 000/арван сая/ төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.    

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Наранбаатараас 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5 000 000/таван сая/ төгрөгийг зээлж авсан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2980 дугаар шийдвэрийн/хх-6-7/ хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Наранбаатараас зээлэн авч, хариуцагч Т.Энхтуяад дамжуулан зээлдүүлсэн 5 000 000/таван сая/ төгрөгийг хариуцагч Т.Энтуяагаас буцаан гаргуулж, О.Наранбаатарт буцаан өгөхөөр 5 000 000/таван сая/ төгрөгийг хариуцагч Т.Энхтуяагаас нэхэмжилж байна гэсэн тайлбар гаргаж байна.

Хариуцагч Т.Энхтуяа нь нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн хариуцагч О.Наранбаатараас зээлсэн 5 000 000/таван сая/ төгрөгийн зээлээс 2 000 000/хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн өмнөөс хариуцагч О.Наранбаатарт төлж барагдуулсан болох нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, Т.Амарсанаагийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт/хх-63/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Энхтуяа нь нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн зээлийн төлбөрт нэхэмжилж байгаа 5 000 000/таван сая/ төгрөгөөс 2 000 000/хоёр сая/ төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч Т.Энхтуяагаас зээлийн төлбөрт 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, үлдсэн 2 000 000/хоёр сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Наранбаатараас 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч уг шаардлага болон үндэслэлээ баримтаар нотлохгүй байх ба хариуцагч О.Наранбаатараас ямар гэрээ, хэлцлийг үндэслэн 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаагаа тодорхойлохгүй байна.

Хариуцагч О.Наранбаатарт нэхэмжлэгчид 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй байх тул хариуцагч О.Наранбаатараас 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Энхтуяагаас 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Энхтуяагаас 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагч Т.Энхтуяагаас 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 62950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
                                                    

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ