Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2077

 

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00712 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч ХХгийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Хариуцагч ХХ,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би өөрийн танил ХХд "мөнгөний хэрэг байна, ойрын хугацаанд баталгаатай буцааж өгнө" гэсэн хүсэлтийн дагуу иргэн ХХХаас 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулан 5 000 000 төгрөг нэг сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр, мөн иргэн ХХХХ-аас 5 000 000 төгрөг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй тус тус зээлж, нийт 10 000 000 төгрөг 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн болно. Миний бие ХХд итгэж 10 000 000 төгрөг зээлүүлэхдээ хүү, алданги тооцохоор гэрээ байгуулаагүй бөгөөд 1 сарын хугацаанд буцааж өгнө гэж итгэсэн боловч уг зээлсэн 10 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй намайг сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд хохироож байна. ХХ нь зээлүүлсэн мөнгөө өгөөгүйн улмаас иргэн ХХХ нь Х надаас 5 000 000 төгрөгийг, алдангийн хамт нийт 7 500 000 төгрөг нэхэмжилж, шүүхэд хандан шүүхийн шийдвэр гарч, одоо шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу дээрх зээлүүлсэн 10 000 000 төгрөгийн иргэн ХХгаас 5 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зээлийн гэрээгээр надад өгсөн 5 000 000 төгрөгийг иргэн ХХХ нь авсан бол алданги 2 500 000 төгрөгийг ХХХаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хтэй зээлийн гэрээ үйлдсэн. ХХХ, ХХХХ нарт миний зүгээс ямар нэгэн өр зээлгүй болохыг нотлох баримтыг хавсаргаж байна. Х нь эдгээр хүмүүсийн зээлийн гэрээг баримт болгон шүүхийг залилан хувь хүний нэр хүндэд халдаж эрүүл мэндээр хохироож байгаа учраас Х-ийн ашиглаж байгаа зээлийн гэрээнүүдийг хураан авч дахин ийм зүйл гаргуулахгүй байхыг хүсэж байна. Миний бие 2013 оны 04-р сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Хээс 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлэхээр амаар тохиролцсон ба мөнгийг Х өөрийн танил ХХХХХХ-ын хамт авчирч өгч, Хээс мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Х нь надад зээлсэн 10 000 000 төгрөгийн 5.0 сая төгрөгийг хамт ирж мөнгө өгсөн ХХХХХХ-ын танил ХХХаас, үлдсэн 5 000 000 төгрөгийг ХХХХ нараас тус тус зээлсэн байсан.

Би Хээс авсан 10 000 000 төгрөгийг Хт зээлүүлсэн ХХХХ, ХХХ нарт бүрэн төлж барагдуулсан бөгөөд миний зүгээс одоо Хт ямар нэг өглөг, өр байхгүй. Гэтэл Х надаас 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд нэгэнт төлж барагдуулсан мөнгийг надаас нэхэмжилж, өнөөдрийг хүртэл өгөөгүй хэмээн худал мэдүүлж байгаа нь ашиг хонжоо олох зорилгыг агуулж байгаа болох нь харагдаж байна. Иймд зээлийн гэрээний үүргийг биелүүлж, мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2 360 000 төгрөгийг гэрээний дагуу нэхэж байгаа. Нэхэмжлэгч Х шүүхийн шийдвэрийн дагуу 2 360 000 төгрөгийг төлөх ёстой. Би төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХгаас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х, хариуцагч ХХгаас 10 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ давж заалдах гомдолдоо: ХХХ нь Хт зээлдүүлж, Х надад дамжуулан зээлдүүлсэн 5 000 000 төгрөгийг би ХХХт өөрт нь өгүүлэхээр ХХХХХХХ-аад өгснийг ХХХХХХХ 2 хуваан ХХХт шилжүүлэхдээ 2 000 000 төгрөгийг Хаан банкаар, үлдсэн 3 000 000 төгрөгийг бэлнээр ХХХт өгсөн байдаг. Уг 5 000 000 төгрөгийг ХХХ 2014 онд Хээс алдангийн хамт нийт 7 500 000 төгрөг шүүхээр нэхэмжилсэн. ХХХ Хт зээлдүүлсэн 5 000 000 төгрөгөө хүлээн авсан болохыг нотлох баримтуудыг миний бие анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулан хэргийн материалд өгсөн.

Эдгээр баримтуудаар ХХХ, Х нарын хооронд Х-ийн надаас нэхэмжлээд байгаа 5 000 000 төгрөгийн тооцоо дууссан болох нь нотлогдож байна. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нотлох баримтын шаардлага хангасан, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй байна.

Мөн миний бие дээрх 5 000 000 төгрөгийг дамжуулан өгсөн ХХХХХХХгаас 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нотариат дээр тодорхойлолт гаргуулан хэргийн материалд өгсөн. Харин шүүх шийдвэр гаргахдаа энэхүү тодорхойлолтыг үндэслэсэн боловч уг тодорхойлолтод ХХХХХХХ нь ХХХын 5 000 000 төгрөгийг ХХгаас авч, ХХХт шилжүүлсэн нь үнэн болохыг баталсан байтал зөвхөн 2 000 000 төгрөгийг төлсөн болохыг нотолж байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

            Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчиж гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 000 000 төгрөг гаргуулахтай холбоотой хэсгийг уг хуулийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Х хариуцагч ХХгаас 10 000 000 төгрөг, хариуцагч ХХХаас 2 500 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХд холбогдох шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгасан байна.

 

Нэхэмжлэгч Х хариуцагч ХХд 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг зээлдүүлсэн нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуульд нийцжээ.

 

Хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ..., шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ..., мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч Х гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагч ХХгаас шаардах эрхтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ХХд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ХХХ, ХХХХ нараас тус тус 5 000 000 төгрөг зээлдэн авч 10 000 000 төгрөг ХХд зээлдүүлсэн, ХХХХт 5 000 000 төгрөг төлөгдсөн тул ХХХт төлөгдөх 5 000 000 төгрөгийг ХХгаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2980 дугаартай Хээс 7 500 000 төгрөг гаргуулж ХХХт олгох тухай шийдвэрээр энэ хэргийн нэхэмжлэгч Х, хариуцагч ХХХ нарын хооронд өмнө үүссэн зээлийн харилцааг шийдвэрлэсэн байх ба хариуцагч ХХХ нь “дээрх шийдвэрийн дагуу төлөгдөх 7 500 000 төгрөгийн төлбөрөөс 3 000 000 төгрөг төлөгдсөн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн 5 000 000 төгрөг авсан тухай баримтыг би бичээгүй, миний бичиг биш” гэж маргасан тул Хээс зээлдэн авсан 5 000 000 төгрөгийг ХХ нь ХХХт төлж барагдуулсан гэж үзэх нь эргэлзээтэй, тухайн үйл баримтыг шууд нотолсон баримтгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Х, хариуцагч ХХ нарын зээлийн харилцааг  ХААН банкны орлогын мэдүүлэг, уг мөнгийг шилжүүлсэн ХХХХХХХгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөн хөрөнгөөс ХХХт 2 000 000 төгрөг нь төлөгдсөн гэж үзээд 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцсэн гэж үзэв.   

 

Хариуцагч ХХХаас 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тодорхойлсон боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ орхигдуулсан байгааг давж заалах шатны шүүхээс залруулах нь зүйтэй. 

  

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгасан байхад уг дүнтэй холбогдох шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

   Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад хариуцагч ХХХт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалт нэмж, 2 дахь заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулав.

   

            Нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн захирамжаа бичгээр хэрэгт хавсаргаагүй алдаа гаргасан байх ба энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХгаас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хт олгож,  үлдэх 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ХХХаас 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,  

шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                               ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                   А.МӨНХЗУЛ